Jump to content

Карантны ус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Карантны ус нь цорго, ус түгээгүүрийн хоолойгоор дамжуулан нийлүүлдэг ус юм. Ихэнх оронд карантны ус ундны усны чанартай байдаг. Карантны усыг ихэвчлэн уух, хоол хийх, юм угаах, суултуурны усыг татах зэргээр ашигладаг. Өндөр хөгжилтэй орнуудад түгэн тархсан энэ усыг XIX зууны хоёрдугаар хагасыг хүртэл цөөн тооны хүмүүс л ашигладаг байжээ. Ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн дунд, ялангуяа хөгжиж буй орнуудад харин карантны ус тийм ч элбэг биш юм.

Төрийн байгууллагууд ихэвчлэн карантны усны чанарыг зохицуулдаг. Усан хангамжийг "Карантны ус" гэж нэрлэх нь бусад цэвэр усны төрлөөс ялгадаг ба үүнд: Борооны дуслаас цуглуулсан ус, худгийн ус, гол горхи, нуураас зөөвөрлөж буй ус орно.

Карантны устай ойролцоо ус бол хоолойн ус бөгөөд ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан Усны хангамж, ариун цэврийн байгууламжийн хөтөлбөр (Joint Monitoring Programme)-с хөгжиж буй орнуудын ундны усны хүртээмжийн нөхцөл байдлыг тодорхойлоход ашигладаг нэр томъёо юм. Хоолойн ус нь заавал ундны усны чанартай байх албагүй боловч Тогтвортой хөгжлийн 6-р зорилтод "чанаржуулсан ундны эх үүсвэр" гэсэн байдаг.