Кино (хамтлаг)
Кино хамтлагийн гоцлол дуучин Виктор Цой нь Оросын хамгийн алдартай рок од 33 жилийн өмнө таалал төгссөн ч түүнийг хэн ч мартаагүй аж. Цойгийн вебсайтнаас 15 настай охид одоог хүртэл салдаггүй бөгөөд түүнд зориулж шүлэг бичсээр л байна. "Кино" хамтлаг нь зөвлөлтийн рок хамтлагуудаас хамгийн шилдэг нь байсан. Энэ нь зүгээр ч нэг үгсийн нийлбэр биш юм. Урьд нь оросын рок хөгжимчдөөс хэн ч хийж чадаагүй зүйлийг "Кино" хамтлаг хийсэн.Өөрөөр хэлбэл тэд рокийг зөвлөлтөд алдаршуулсан. Лужникид тоглосон "Кино" хамтлагийн сүүлийн концертон дээр 64 мянган хүн цугларсан юм. Ийм их үзэгчид Москвад 1998 онд The Rolling Stones хамтлагийн цорын ганц тоглолтон дээр л цуглаж байжээ. Цой питерийн "Шинэ давалгаа"-I ныхантай хамт гараагаа эхэлсэн ч эдгээр бvх суутнуудаас ганцаараа л орчин цагийн хэллэгээр хитмэйкерийн авьяасыг төгс эзэмшсэн рокер байсан аж. Түүнд сая сая хүмүүс татагдахаас өөр аргагүй хангалттай дур булаам, хангалттай сайхан, хангалттай энгийн нэгэн байсан юм. Виктор Цой Серовын нэрэмжит урлагийн сургуулиас сурлага муутай гэж хөөгдeн ТМС (техник мэргэжлийн сургууль)-д суралцаж, үйлдвэрт ажилладаг байв. Энэ үед тэрээр "Палат №6", "Гарин ба гиперболоид" гэдэг хамтлагуудыг байгуулаад амжжээ. Харамсалтай нь түүний анхны бичлэгүүд хадгалагдаж үлдээгүй байна. Түүний анхны цомог нь "45" гэсэн нэртэй гарсан бөгөөд энэ цомгоо 1982 онд бичүүлж байжээ. Нэрний шалтгаан нь нийт цомгийн хугацааг бодон нэрлэсэн юм. ТМС-ээ төгсөөд Цой өөрөөсөө дөрөв эгч Марианна гэдэг бүсгүйтэй танилцсан. Энэ бүсгүй түүний эхнэр төдийгүй хүүхдийнх нь эх, түүний хамтрагч болж "Кино" хамтлагийн ирээдүйн алдард хувь нэмрээ оруулсан юм. Цой Марианнаг анх гэртээ авчирсныг Викторын ээж дурсан ярьдаг. "Ээжээ, энэ Марианна. Бид хоёр хамтдаа амьдрахаар болсон. Хэрвээ болж бүтэж байвал бид сууна". Харин ээж нь бүр догиор хариулдаг: "Роберт Максимович, нааш ир дээ! Бидний хүү том болж!" гэсэн аж.
"Кино" хамтлаг бага багаар Ленинградын рок клубууд болон Москвад тоглох болов. Эхлээд "Аквариум" хамтлагтай тоглодог байсан бол сүүлдээ дангаараа тоглох болжээ. Сонирхолтой нь нэгэн vеийн шинэ давалгаа болох "Аквариум", "Зоопарк", "Алиса", "Африка", "Кино" зэрэг хамтлагуудын дунд ямар ч өрсөлдөөн байсангүй. Амжилт байхгүй, өрсөлдөөн ч байхгүй. Цой өөрийн тансаг хоолойгоо бүрэн гүйцэд эзэмшиж чадаагүй ч маш сайн сонсголтой байжээ. "Автоматические удовлетворители" хамтлагийн Свиний дурссанаар Цой хэрэгтэй эгшгийг гаргахын тулд өөрийн хамтлагийн гишүүдээ шөнөжин сургуулилт хийхийг шаарддаг байсан байна. Удалгүй "Кино" хамтлаг "46" цомгоо бичүүлэв. Энэ үеэр түүнийг цэрэг татлагийн комисс сонирхож эхэлжээ. Цэргээс бултах олон аргаас Цой сэтгэл мэдрэлийн эмнэлгийг сонгосон байна. Тэрээр сэтгэл мэдрэлийн эмнэлэгт зургаан долоо хоногийг өнгөрөөжээ. Үнэнч Марианна Ленинградын цирк дэх боломжийн ажлаа орхин нөхрийнхөө хэвтэж буй эмнэлэгт цалин муутай ажилд орсон байна.
Викторыг эмнэлгээс гарахад тэр хоёр гэрлэжээ. Жилийн дараа тэдний хүү Саша төрсөн байна. Удалгүй Цой өөрийн мөрөөдлийн ажил болох галын зуухчаар ажилд оров. Ингэж л уурын тогооны өрөөнд хүн болгоны дуулах дуртай болсон "Начальник камчатка" цомог бичигджээ. Тэр үеийн дуучдын тухай "Галын зуухч болон цэвэрлэгчийн үе" гэсэн Гребенщиковын тодорхойлолт нь зүгээр нэг зүйрлэл байсангүй. Башлачев, Цой хоёр уурын зуухч, Гребенщиков, Майк хоёр манаач, Шевчук цэвэрлэгчээр ажиллаж байжээ. Марианна Цой "Кино" хамтлагийн эрхлэгч болсноос хойш тус хамтлаг хотуудаар тоглох болов. "Начальник камчатки","Это не любовь","Ночь" зэрэг цомгууд гарсны дараа "Кино" хамтлаг нэрд гарч хөгжмийн их наадмуудад оролцох болжээ. Үүний зэрэгцээ Виктор Цой кинонд тоглох болов. Эхлээд оюутны богино хэмжээний “Йя-Хха” кинонд дүр бүтээсэн бол дараа нь "Рок" кинонд тогложээ. 1986 онд "Конец каникул", 1987 онд найруулагч Соловьев Цойг "Асса" кинонд тоглохыг урьсан байна. Америкт Виктор Цойгийн дотны найз Жоанна Стингрэй-ийн хичээл зүтгэлээр "Кино", "Аквариум", "Алиса", "Странные игры" зэрэг хамтлагуудын тоглосон "Улаан давалгаа" кино гарлаа. Харин жинхэнэ солиорол арай сүүлд эхэлсэн юм. 1988 онд Цой "Игла" киноны гол дүрд тоглож, Марианнагаас салж, шинэ амраг болох Наташа Разлогова дээрээ Москва руу нүүж иржээ. Он дуусах гэж байхад Цой хамаг хүчээ шавхаж байж "Группа крови" цомгоо дуусгав. Энэ үед л эргэлт гарсан юм. Ирлэгдсэн, тавтын мөнгө шиг энгийн, рок-н-ролл шиг хүчирхэг Цойгийн томъёонууд хэрэгтэй хүмүүстээ хүрэв. Цойгийн мандалт ирлээ. "Игла" кинонд тоглосноор тэрээр оны шилдэг жүжигчин болж, "Игла" кино орлогоороо хоёрт оржээ. "Группа крови" цомог гайхамшигт амжилтанд хүрэв.
1988 он бол яах аргагүй Викторын жил юм. "Кино" хамтлагийн тоглолт болгон дээр үзэгчид цэнгэлдэхэд багтахгүй байдаг байж. Амжилтын давалгаан дээр "Кино" хамтлаг "Группа крови"-ээс илүү сайн, илүү бахдам "Звезда по имени солнце" цомгоо бэлтгэж эхэлжээ. Мөн Цой өөрийн хамтлагийн гитарчин Гаспарянтай хамт хоёр удаа Америк явав. Эхний явалтаараа Жоанна дээр зочилж Диснейлэнд болон Лас-Вегасыг үзсэн бол хоёр дахь удаагаа "Игла" киноны албан ёсны нээлтэнд явсан байна. Хамтлагийн нэр хүнд эх орноосоо хальж аажмаар хилийн чанадад түгэж эхлэв. Жоанна "Игла" киног Японд гаргаж, Францад "Последний герой" альбомын пянз хэвлэгдлээ. 1990 оны намар "Кино" хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр төлөвлөв. Оны эхний хагаст Оросыг тойрсон тоглолт хийсэн хамтлагийнхан зун нь амрахаар шийдсэн байна. Цой Марианнагаас хүүгээ авч Разлоговатай хамт Юрмала руу явжээ. Цаашаа дуугүй байх хэрэгтэй байх. 1990 оны наймдугаар сарын 15-ны өдрийн золгүй явдлын тухай бүгд мэднэ. Цойгийн унаж явсан машин шугамын автобустай мөргөлдсөн юм. Цойгийн оршуулга дээр мянга мянган хүн цугларсан. Цойг нас барсны дараа хууль бус цагаачлалын эсрэг хөдөлгөөн түүнийг өөрийнхөө бэлгэ тэмдэгээр сонгосон байна. Викторыг нас барсны дараа хамтлаг сүүлчийн альбом болох "Чёрный альбом"-ыг гарган тарсан юм. Ямар ч байсан "Кино" хамтлагийн дуунууд олон хүмүүсийн амьдралыг урьд байснаас нь илүү сайхан болгосон. Мянга мянган хүмүүсийн зүрхэнд Цой үхээгүй, тэр зүгээр л тамхилах гэж гарсан.
"Цой Жив".