Конгрессын алтан медаль (АНУ)

14-р Далай ламд гардуулсан Конгрессын алтан медаль /2006 он/

АНУ-ын Конгрессын алтан медаль (англи. Congressional Gold Medal) -АНУ-ын Конгрессын нэрийн өмнөөс олгодог иргэний дээд шагнал. Конгрессын алтан медалиар Америкийн Нэгдсэн Улсын түүх, соёлд чухал ач холбогдолтой онцгой амжилт гаргасан дотоодын болон гадаад иргэдийг шагнах үндэслэл болдог байна.

Энэхүү медалийг 1776 онд бий болгож анх АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоныг шагнаж байжээ. 1860 он хүртэл уг медалийг цэргийн шагнал болгон гардуулж байсан бөгөөд байлдааны талбарт баатарлаг байдал үзүүлсэн цэрэг, офицерууд, гарамгай командлагч нарт олгодог байсан. "Хүндэтгэлийн медаль" бий болгосны дараа Конгрессын алтан медалийг цэргийнхэнд өгөхөө больсон боловч ялангуяа Дэлхийн 2-р дайн дууссаны дараа дайны талбарт цэргийн амжилт, баатарлаг гавьяа байгуулсан хүнийг шагнаж байжээ.

АНУ-д "Конгрессын алтан медаль"-тай ижил статуcтай буюу АНУ-ын иргэний дээд шагнал болох "Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медаль" гэж байдаг юм.

Одоогийн АНУ-ын Конгрессын алтан медаль нь 465 грамм алт агуулсан 76.2 мм диаметртэй медаль юм. Медаль нь байнгын нэг загвартай байдаггүй бөгөөд шагнал бүрт онцлог өөр загвартай байдаг. Медалийн нүүрэн талд шагнуулагчийн зураг, арын талд нь дурсамжийн үгнүүд, билэгдэлийн дүрс зураг г.м. байдаг байна. Мөн уг медалийг энгэрт зүүх зориулалтгүй учраас зүү буюу ямар нэгэн тогтоох хэрэгсэл байдаггүй ажээ. Медалийн өртөг 2011 онд 30 мянган ам.доллар байсан.