Контент-анализ
Контент-анализ (Content analysis). Англи хэлний content – “номын, захидлын агуулга” гэсэн үгнээс гаралтай.
1. Харилцааны агуулгыг тоо, чанар, систем, объектив талаас нь үнэлж дүгнэх судалгааны техник.
2. Нийгмийн бодит байдлын шинж чанар, нөхцөл байдлын тухай эх бичвэрийн агуулгыг задлан шинжлэх замаар дүгнэлт гаргах арга юм.
Мөн судлаачид контент анализыг “багц үйлдлүүдийн тусламжтайгаар эх бичвэрээс үндэслэл бүхий дүгнэлтүүд гаргахад чиглэсэн судалгааны арга”, “баримтаас түүний агуулгад хамаарах үндэслэл бүхий, давтагдах дүгнэлтүүдийг гаргахад чиглэсэн судалгааны арга техник”, “мессежийн шинж чанарыг бодитой, системтэй тодорхойлох замаар дүгнэлт гаргах арга техник” гэх зэргээр тодорхойлсон байдаг. Аливаа эх бичвэрийг дараах зорилтын үүднээс судалдаг. Үүнд:
1. Эх сурвалжийн нийгмийн тодорхой шинж чанар, түүний ил ба далд зорилгыг илрүүлэх.
2. Эх бичвэрт тусгасан нийгмийн бодит байдлын чиг хандлагыг илрүүлэх.
3. Хүлээн авагчдын зарим нийгмийн шинжийг тодорхойлох зэрэг болно.
Эх бичвэрүүдийн нийлбэр бол өргөн утгаар нь авч үзвэл ямагт нийгмийн орчны бүтээгдэхүүн байдаг бөгөөд нийгмийн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөний ул мөрийг агуулдаг онцлогтой. Тиймээс эх бичвэрт судалгаа хийх замаар энэ хүчин зүйлүүдийг ажиглах, хэмжих, тодорхойлох боломжтой юм.
Контент-анализ анх АНУ-д “нийгмийн харилцааны судалгаа”-ны хувьд нийгмийн сэтгэл судлалын нэг салбар болон төлөвшиж бий болсон түүхтэй. Анх энэ аргыг XIX зууны эцэст сонины эх бичвэрүүдийн агуулгыг судлах зорилгоор хэрэглэж эхэлжээ. Дараа нь контент анализын техникийг ХХ зууны 30-аад оны үед АНУ, Германд цэргийн суртал нэвтрүүлийн салбарт эрчимтэй ашиглаж, улам боловсронгуй болгосон.
Орчин үед энэ аргыг зөвхөн социологийн салбарт төдийгүй сэтгэл судлал, сэтгүүл зүй, угсаатны зүй, хэл шинжлэл, утга зохиол судлал, улс төр судлалын салбарт өргөн хэрэглэж байна. Сэтгүүл зүйд контент-анализыг ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны эх бичвэр, ном, хэлсэн үг, зурагт хуудас зэргийн агуулгыг судлах зорилгоор ашигладаг.
Контент-анализ бол харилцааны агуулгыг судлах олон талт, олон хэмжигдэхүүн бүхий арга мөн. Контент-анализыг тооны, чанарын, шугамын загварын гэж ангилдаг. Шугамын загварын гэдэг нь хэн мэдээлсэн-юу мэдээлсэн-ямар сувгаар дамжуулсан-хэнд хандсан-ямар үр дүнд хүрсэн гэсэн дарааллын дагуу судлах үйл явц юм.
Энэ аргын хамгийн гол элемент нь судалгааны объектын логик загвар байдаг бөгөөд энэ нь үндсэн гурван элементийг агуулдаг. Энэ бол судалгааны ойлголт, хэмжигдэхүүнийг агуулсан судлагдахууны ойлголтын загвар (1), судалгааны нэгжүүдийн систем (2), хэмжих нэгжүүд (3) юм. Системтэй, бодитой, давтагдах чанартай байж тодорхой үр дүнд хүрдэг. Контент-анализд үндсэн ойлголтыг сонгох явдал гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний үндсэн дээр эх бичвэрийн агуулгыг ангилж, оновчтой дараалалд оруулахын хамт судалгааны шалгуур, хэмжигдэхүүнийг тогтоодог. Сэтгүүл зүйн судлал дахь контент-анализын аргын гол зорилго нь эх бичвэрийн агуулга, бүтэц, зорилтот бүлэгт тохирсон эсэх, багтаамж, хүртээмжтэй байдал, эх сурвалж, цаг хугацааны хүчин зүйл, үр нөлөө зэргийг тодорхойлж, дүгнэлт гаргахад оршино.