Лаосын аялал жуулчлал

Аялал жуулчлал бол Лаосын эдийн засагт ихээхэн орлого оруулдаг салбар юм. Лаосын аялал жуулчлалын асуудлыг БНАЛАУ-ын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам (Ministry of Information, Culture and Tourism) зохицуулдаг байна.

Тоо ба баримт[засварлах | кодоор засварлах]

Лаост 2009 онд 2 сая гаруй жуулчин Лаост ирж байсан бол энэ тоо тогтмол өссөөр 2018 оны байдлаар 4 сая орчим гадаадын жуулчин Лаост ирсэн байна. Лаосын Засгийн газраас “2018 оныг Лаост айлчлах жил “ (Visit Laos 2018) гэж зарлаад Ерөнхий сайдын орлогчоор ахлуулсан Үндэсний Хороо байгуулж гадаадын 5 сая жуулчин хүлээн авах том зорилт тавиад байна. Лаос Улсын хүн ам 6,5 сая байхад 5 сая жуулчин хүлээн авна гэдэг бол эдийн засгийн үр ашигтай үнэхээр том зорилт мөн.

Лаост 2018 оны байдлаар ирсэн 4 сая орчим гадны жуулчдын тэн хагасаас илүү нь буюу 2 сая орчим нь Тайланд иргэд байжээ. Энэ жагсаалтыг үргэлжлүүлбэл Вьетнам (700 мянга), Хятад (600 мянга), Өмнөд Солонгос (150 мянга), Америк (20 мянга), Франц (18 мянга), Японы (8 мянга) жуулчид зонхилж байна. Судлаачдын үзэж буйгаар энэ бол зөвхөн лаосын хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн тоо учраас бүгд жуулчид биш боловч энэ тоо сүүлийн 10 -аад жил тогтмол өсөж байгаа юм. Вьетнам, Хятад, Тайланд иргэд ихэвчлэн наймаа арилжаа буюу ажлаар Лаост ирдэг байна.

Лаосын Аялал жуулчлалын яамны мэдээгээр 2011 онд Лаост хятадын 150,791 иргэд төрөл бүрийн зорилготой ирж байсан бол энэ тоо өссөөр 2016 онд 450 мянга, 2017 онд 600 мянга, 2018 онд 675 мянган хятад иргэд аялах болон ажиллах зорилгоор Лаост иржээ.

Аяллын зорилго ба дурсгалт газрууд[засварлах | кодоор засварлах]

Лаост зочилж буй гадны жуулчдын ихэнх нь том хотуудын чимээ анир, дуу шуугиан, гар утас, цахим амьдралаас түр ч болов холдож амар тайван орчинд хямд төсөр зардлаар тааламжтай дулаан цаг уурын нөхцөлд байгалийн сайхан, тансаг бус энгийн байдалд амрах хүсэлд автан ирдэг байна. Эдгээр жуулчид бүгд Лаосыг зорьж ирдэг гэвэл бас өрөөсгөл ойлголт болно. Учир нь ихэнх жуулчид Тайланд, Вьетнам, Камбож зэрэг орныг зорьж ирэх далимаар Лаосыг мөн үзэх сонирхолд хөтлөгддөг ажээ. Энэ байдлыг лаосчууд ашиглаж хөрш Тайланд, Вьетнам, Камбожтой хямд онгоцны нислэг, автобусны үйлчилгээ үзүүлж, жижиг автомашины түрээсийн үйлчилгээ зэргийг зохион байгуулдаг байна. Лаост том төвлөрсөн зочид буудал гэхээсээ илүү жижиг, авсаархан, тухтай тансаг биш хямдхан дэн буудлууд олноороо байдаг нь жуулчдын таашаалд мөн нийцдэг ажээ.

Лаост ирж буй хөгжингүй орнуудын жуулчдыг анзаарвал группээр бус гэр бүл, найз нөхөд гэсэн 2-4 хүний бүрэлдэхүүнтэй жуулчид давамгайлдаг. Бараагаар зүйрлэбэл “бөөндөх” бус “жижиглэнгээр” жуулчин хүлээн авдаг үйлчилгээ илүү хөгжсөн байна.

Аюулгүй Лаосын үзэсгэлэнт сайхан байгаль, таатай цаг уур, хямд энгийн үйлчилгээ, Бурханы шашны олон зуун сүм хийд, сүрлэг уул, хадан цохио, агуйнууд, олон арван усан хүрхрээ зэрэг нь гадны жуулчдын сонирхлыг татдаг. Үүнээс гадна хөрш Тайланд, Вьетнам, Хятадад хуулиараа хориотой байдаг “Казино”-г Лаост гол төлөв жуулчдыг татах зорилгоор ажиллуулдаг байна.

Мөн арай чинээлэг орны иргэдийн дуртай “Гольф” хямд үнээр тоглох бололцоог хангаж байна. Жишээ нь Өмнөд Солонгосын гольф сонирхогчид 10 сараас 3 сар хүртэл нутагт нь өвөл болдог учраас “гольф” тоглох бололцоо хязгаарлагдмал болмогц мөнхийн ногоон зүлэгтэй Лаост 350 ам.долларын хямд шууд нислэгээр ирж 2-3 хоног хямд үнээр "гольф" тоголдог урсгал нэгэнт буй болжээ.

Тээврийн хэрэгсэл[засварлах | кодоор засварлах]

Лаос далайд гарцгүй бөгөөд өөрийн төмөр замгүй учраас агаарын тээвэр тус улсад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Лаос дахь аялал жуулчлалыг дэмжиж Засгийн газраас “2018 оныг Лаост айлчлах жил” гэж зарласантай холбогдуулж Лаосын үндэсний агаарын тээврийн “Lao Airlines” компани гадаад, дотоодын нислэгийн үнийг буруулж нислэгийн тоог нэмэгдүүлжээ. Үүнтэй уяалдуулж 2018 онд Скандинавын орнуудын иргэдийг визгүйгээр Лаост зорчуулах шийдвэр 2018 онд мөн гаргасан байна. Лаосын нийслэл Вьентьян хотоос БНСУ-ын Сөүл, Бусан, Вьетнамын Ханой, Хошимин, Тайландын Бангкок, Сингапур, Камбожийн Пномпень, Сием Риеп болон Хятадын Куньмин, Гуанжоу, Чэнгду, Чангша, Чангжоу болон Шанхай зэрэг хот руу шууд нислэгүүд үйлддэг байна. Мөн Тайландын Бангкокоос тохилог галт тэргээр /33 ам.доллараар/ Вьентьян орох боломжтой ажээ.

Жуулчдыг татах зорилгоор өмнө 1999-2000, 2011-2012 онуудад “Лаост аялах жил”-ийг мөн зарлаж байсан ажээ. 2016 онд Лаос 4 сая гаруй жуулчид хүлээн авч 725 сая ам.долларын ашиг олж байсан бол 2020 онд 6,2 сая жуулчин хүлээн авч, 993 сая ам.долларын орлого олох боломжтой гэж Лаосын эрх баригчид 2018 онд мэдэгдсэн байна.

“Лаост айлчлах 2018” жил зарласантай холбогдуулж «2018 онд Лаост айлчлагсдыг халуун дотно хүлээн авах»; «Лаос Меконг мөрний сувд»; «Лаос энгийн сайхан орон»; «Лаост айлчлах 2018 онд сайн хүлээн авагч эзэн бай»; «Айлчлах, Таашаал авах, Аюулгүй байх, Байгальд ээлтэй байх» гэсэн лоозон Засгийн газраас дэвшүүлжээ.

Сүүлийн үед Монголын аялагчид Тайландад ирж амрахын сацуу виз авах шаардлаггүй Лаосыг мөн олноороо зорих болжээ. 2018 оны байдлаар 300 орчим монгол иргэд Лаост зорчсон бөгөөд давхардсан тоогоор Лаосын 120 орчим иргэн Монголд албан ажлаар болон суралцахаар очсон байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Лаосын аялал жуулчлал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан