Jump to content

Лувсангийн Пүрэвдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лувсангийн Пүрэвдорж ( 1938 оны бар жилд Говь-Алтай аймгийн Казах Жаргалан сум /одоогийн Шарга сум/-ын нутаг “Хөтөлийн бууц" гэдэг газар төрсөн)- Монголын улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, генерал цолтой хүн.

Монгол малчин айлын уламжлалт гэрийн хүмүүжил, боловсролтой. Хөдөө ахуйд мал сүрэг адгуулж, гэрийн сургалтаар эрдэм номд боловсорчээ.

1958 онд эр цэргийн албанд мордож, Улаанбаатар хотын Офицерын сургууль /1962/, ЗХУ-ын Москва хотын Цэрэг, улс төрийн академид 1967-1972 онд, ЗХУКН-ын Нийгмийн ухааны академид 1985 онд тус тус дүүргэжээ.

1972 оноос армийн анги нэгтгэлүүдэд салааны туслах, ротын дарга, улс төрийн орлогч, МАА-ийн Улс төрийн газарт хэлтсийн орлогч, газрын дарга, МАХН-ын ТХ-ны Захиргааны хэлтэст цэргийн бодлогын зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгч, Бүх цэргийн төв хэвлэл “Улаан од” сонины тасгийн захирагч, 1992-2004 онд “Ил товчоо” сонин, “Ийгл” телевизэд сурвалжлагч, редактор, хариуцлагатай редактор, улс төрийн тоймч зэрэг ажпыг хийж байв.

МЗЭ-ийн шагналт зохиолч Л.Пүрэвдорж нь 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж үгүүллэг, туужийн “Туг зээрд" /1981/, “Нүхгүй цэнхэр сувд”, “Хүний сайхан сэтгэл”, “Сэтгэлийн гэрэл, сүүдэр”, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрлөөр “Егүүтгэл" /1998/, “Бэтэг” / 1999/, “Эрлэгийн бошго”/2000/, “Гилийн дадар” /2004/, “Чингис хаан буюу тэнгэрийн увдис” хоёр дэвтэр /2007/ тэргүүт есөн роман, баримтат уран сайхны “Үнэн гарахуйн орон буюу дүүрсэн хэрэг дүнхийсэн толгой" номууд хэвлүүлж уншигч түмний хүртээл болгожээ. “Бэтэг”, “Эрлэгийн бошго” роман бичсэний учир 2004 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн бол Монгол улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм дээд цолыг 2010 онд “Чингис хаан буюу мөнх тэнгэрийн увдис” хэмээх түүхэн уран сайхны хоёр дэвтэр бүтээлээрээ хүртсэн юм.