Луи Люмьер

Луи Люмьер

Луи Жан Люмьер (франц. Louis Jean Lumière; 1864 оны 10-р сарын 5-нд Безансон хотод төрж, 1948 оны 6-р сарын 6-нд Бандолд нас барсан) — кино зураг авах төхөөрөмжийн зохион бүтээгч, Францын кино үйлдвэр, кино найруулгыг үндэслэгч (төрсөн ах Огюстын хамт).

1919 оноос Парисын Шинжлэх Ухааны Академийн гишүүн.

Ах Огюст Люмьер нь голчлон зохион байгуулагч, менежерийн үүргийг гүйцэтгэж байсан бол Луи өөрөө кино зураг авах, техник зохион бүтээх талаар илүү ажилладаг байжээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр аж үйлдвэрлэлийн сургууль төгсөөд гэрэл зурагчин болж эцгийнхээ эзэмшдэг гэрэл зургийн материалын үйлдвэрт ажиллаж байсан. 1895 онд Луи Жан Люмьер арилжааны зориулалтаар ашиглахад тохиромжтой "хөдөлгөөнт гэрэл зураг" авах, проекц хийх зориулалттай кино камер зохион бүтээжээ. Энэ төхөөрөмж нь "кино" гэсэн нэрээр патент авсан бөгөөд энэ нь Томас Эдисоны "кинетограф"-ыг боловсронгуй болгосон хувилбар байсан юм. 1895 оны 12-р сарын 28-нд Парисын Капучинуудын өргөн чөлөө (франц. Boulevard des Capucines) дэх "Гранд кафе"-ны хонгилд анх олон нийтэд төлбөртэй кино үзүүлсэн түүхтэй юм.

Энэхүү анхны кино үзүүлэлтээр ах дүү Люмьерууд "Үйлдвэрээс гарч буй ажилчид" (франц. La Sortie de l'usine Lumière à Lyon, 1895), "Ла Сиота өртөөнд галт тэрэг ирэх мөч" (франц. L’Arrivée d’un train en gare de la Ciotat, 1895), "Хүүхэд хооллолт" (франц. Repas de bébé, 1895), "Алтан загас барих" (франц. La Pêche aux poissons rouges, 1895), "Морин дээрх үзүүлбэр" (франц. La Voltige, 1895) зэрэг зураг авалтыг ихэвчлэн газар дээр нь авсан тойм зургуудыг үзүүлэв. "Цэцэг услагч" (франц. L'Arroseur arrosé) богино хэмжээний инээдмийн киноны зэрэг байжээ. 1896 онд ах дүү хоёр өөрсдийн шинэ бүтээлээрээ дэлхийг тойрон аялан Лондон, Нью-Йорк, Бомбей хотуудад киногоо үзүүлсэн байна.

1898 оноос хойш Луи Люмьер зөвхөн киноны тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байсан бөгөөд хэдэн жилийн дараа тэрээр патентаа зарсан боловч өргөн дэлгэцийн болон өнгөт киноны чиглэлээр туршилтаа үргэлжлүүлсэн байна.

Францад жил бүр шилдэг баримтат кинонд Луи Люмьерийн нэрэмжит шагнал олгодог байна.

1903 онд ах дүү Люмьер "автохром" (франц. Autochrome Lumière) хэмээх өнгөт гэрэл зураг авах аргыг патентжуулж авчээ.

Луи Жан Люмьер 1948 онд нас барахад Лион хотын Гийотьер оршуулгын газар нутаглуулжээ.