Jump to content

Алтан товч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Лу.Алтан товч-с чиглүүлэгдэв)

Алтан товч (монгол бичиг:ᠠᠯᠲᠠᠨ ᠲᠤᠪᠴᠢ) нь Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийн Монголын түүхийг өгүүлдэг, Лувсанданзан гүүшийн бичсэн зохиол юм. Монголын түүхэнд Алтан товч нэртэй ахиад хоёр зохиол байдгийн эхнийх нь зохиогч тодорхойгүй Хураангуй Алтан товч, нөгөө нь Хавт Хасарын удмын Мэргэн гэгээний зохиосон Алтан товч. Иймээс андуурахаас сэргийлж "Лу.Алтан товч" гэж бичиж заншжээ.

Судлагдсан түүх

[засварлах | кодоор засварлах]

Монголд судласан нь

[засварлах | кодоор засварлах]

17-р зууны дунд үед байсан Монголын эрдэмтэн Гүүш Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" гэсэн зохиолыг зохиож, Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийг хамарчээ. Уг ном нь эрдэмтдийн дунд "Лу.Алтан товч" хэмээн алдаршжээ. Алтан товчийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъян гүн Дорнод аймгийн Баянтүмэн хошууны Еншээбүү отгийн тайж Дарь гэдэг хүнээс олж, хулсан үзгээр хуулан авснаар Лу Алтан товч нь Монголын түүх уран зохиолын ховор чухал судалгааны үнэт материал болж Монголч эрдэмтдийн анхаарлыг татжээ. 1937 онд Улаанбаатар хотод БНМАУ-ын ШУА-иас хоёр ботиор үсэг өрж хэвлүүлснийг Ж.Цэвээн гуайн оролцоогоор бүтсэн гэж үздэг. 1957, 1990 онд хоёр удаа кирилл үсэгт хөрвүүлэн хэвлүүлснээс 1957 оных нь алдаа мадаг ихтэй, эрдэм шинжилгээний шаардлага хангахгүй тааруухан ном болсоныг 1990 онд алдааг нь засч, анхны эхийг гэрэл зургаар дахин хэвлүүлсэн нь дорвитой бүтээл болжээ.

1998 онд эрдэмтэн О.Сүхбаатар Лу."Алтан Товч"-ийг кирилл үсгээр буулгаж, оршил, зарим үгийн тайлбартайгаар "Монголын уран зохиолын дээжис" хэмээх 108 боть цувралын 49 дүгээр боть болгон хэвлүүлэв.

2006 онд МУИС-ын Монгол судлалын төвөөс Их Монгол Улсын 800 жилийн ойг тохиолдуулж, монголын сурвалж бичгийн цуврал 15 ботьд Ш.Чоймаа нарын эрдэмтэд хөрвүүлэн хэвлүүлжээ.

  • 1995 онд Монгол Улсын Засгийн газрын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн.
  • 2010 он Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн.
  • 2011 он ЮНЕСКО-ийн "Дэлхийн Дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн.[1]

Гадаадад судласан нь

[засварлах | кодоор засварлах]

Жамьян гүнгийн хуулбарын нэг хувилбарыг францын монгол судлаач Полл Пеллиод илгээсэн нь, Пеллио гуайг нас барсны дараа 1946 онд Францын Үндэсний номын санд хадгалсныг И.де.Рахевилц нарын эрдэмтэд гэрэл зурагт буулган судлах болжээ.[2] Жамьян гүнгийн анхны хуулбарын хуудас бүр нь 39х14 см хэмжээтэй, нүүр бүрд 18 мөрөөр, хулсан үзгээр хичээнгүйлэн дарж бичсэн, 244 хуудастай байв.[2]

1932 онд ЗХУ-ын ШУА-ын Дорно дахин судлалын хүрээлэнд Алтан товчийг гэрэл зургаар хуулбарлаж, Жамсрангийн Цэвээн 1936 онд "XVII зууны монгол сурвалж бичгүүд" ("Монгольские летописи XVII века") нэртэй бүтээлийн тавдугаар бүлэгт Алтан товч багтжээ. 1941 онд ЗХУ-ын эрдэмтэн С.А.Козин Монголын Нууц Товчоотой таарах зарим бүлгийг нь орчуулан хэвлүүлсэн. Ингэхдээ энэ зохиолыг "XVII зууны монголын бурханы шашны цэцэрхэгчид бээр хятад үсгээр галиглан бичсэн монгол сурвалж бичгийг сэргээх гэсэн бие даасан оролдлого юм"[3] гэж дүгнэж байв. 1952 онд АНУ-ын Харвардын их сургуулиас эрхлэн гаргасан "Scripta Mongolica" цувралын тэргүүн ботид 1937 оны Улаанбаатарын хэвлэлийг професор Ф.В.Кливз, проф.А.Мостэрт томоохон удиртгал бичиж гэрэл

зургаар хэвлэсэн.

Монголч эрдэмтэн Н.П.Шастина 1973 онд Лу."Алтан Товч"-ийг оросоор орчуулан зүүлт тайлбартайгаар "XVII зууны он дарааллын бичиг Алтан товч" хэмээх нэрээр хэвлүүлсэн.

Академич Лайош Лигети 1974 онд Будапешт дэх Төв Азийн Хүрээлэнгийн архивт хадгалагдаж байсан гэрэл зургийн хуулбарыг ашиглаж "Histoire secréte des mongols. Texte en écriture ouigoure incorporé dans la chronique Altan tobči de Blo-bzan bstan-'jin" нэртэй Лу."Алтан Товч"-ийн Нууц товчоотой таарах хэсгийг латин галигаар хэвлүүлжээ.[4]

Өвөр монголын эрдэмтэн Лю-Жинь-Со 1979 онд хэвлүүлсэн "Арван гурав-арван долдугаар зууны монголын туух бичлэг" зэрэг номдоо Лу."Алтан Товч"-ийг түүхийн ууднээс нягтлан судалсан.

1979 онд АНУ-ын эрдэмтэн Захчидсэцэн Лу."Алтан Товч"-ийг хятад хэлээр хэсэгчлэн орчуулж, тайлбартайгаар Тайваньд хэвлүүлжээ. 1984 онд өвөр монголын эрдэмтэн Чойж 1952 оны гэрэл зургийн хэвлэлийг ашиглаж, дэлгэрэнгүй тайлбартай ном хэвлүүлсэн.

Антуан Мостерт Алтан товчийн ач холбогдийг үнэлж:

"Алтан товчид Нууц Товчоонд байдаг зүйлсээс гадна 12, 13-р зууны үеийн бусад түүхэн материал байна. Уг зохиол Монголын эртний түүхийг судлах материал болох төдийгүй асар их утга зохиолын материал билээ. Эртний уран зохиолд цөөн бус яруу сайхан бүтээлийг үлдээж хоцроосон гавьяа нь зөвхөн Алтан товчид бий"[баримт хэрэгтэй]

хэмээн онцлон тэмдэглэжээ.

Зохиогдсон он, зохиогч

[засварлах | кодоор засварлах]

Уг номын зохиогч Лувсанданзан гүүшийн уг гарал, хэн байж болох тухай монгол, гадаадын олон түүхч эрдэмтэд дараах таван таамаглалыг дэвшүүлжээ.

  1. Үзэмчин зүүн хошууны Цэвдэн бэйлийн гүүш Лувсанданзан[5]
  2. Халхын Зая бандидын шавь гүүш Лувсанданзан[5]
  3. Их Зуугийн чуулганы Далад хошууны Дашчойлин хийдийн мэргэний эрхт лхазун Лувсанданзан лам[5]
  4. Цахар гэвшид сахил өгсөн ачит номун хаан Лувсанданзан[5]
  5. "Утайн гарчиг"-ийг бичсэн гүүш Лувсанданзан[5]

Зохиогдсон хугацааг судласан эрдэмтэн бүр харилцан адилгүй тогтоохыг оролджээ. Хөдөөгийн Пэрлээ гуай 1634 он, Вилхелм Хайссиг 1651-1655 он, Антуан Мостер 1649-1736 он, Лю Жинсо 1628-1634 он, өвөрмонголын С.Цэцэнбилэг 1720 онд зохиосон байх гэсэн таамаг дэвшүүлсэн.[6]

Алтан товчоонд Монголын нууц товчооны 282 зүйлээс 233 нь байдаг учраас "Монголын нууц товчоо"-ны монгол бичгээр үлдсэн нэгэн эх гэж үздэг. "Монголын нууц товчоо"-ны монгол бичгээр үлдсэн эх олдоогүй, зөвхөн ханз үсгээр монгол үгийг галиглан, хятад орчуулгыг хадсан Мин улсын эх нь өнөөгийн нууц товчооны эх сурвалж болсон юм. Үүнийг Цэнд гүн монгол хэлэнд орчуулж хуучин монгол бичгээр хөрвүүлэн, улмаар Ц.Дамдинсүрэн гуай орчин цагийн монгол хэлнээ буулган олны хүртээл болгосон билээ.

"Монголын нууц товчоо"-ны 12 бүлгээс 6-р бүлгийн төгсгөл, 7,8-р бүлэг бүхлээрээ, 12-р бүлгийн төгсгөл нь "Алтан товч"-д байдаггүй байна. Мөн "Монголын нууц товчоо"-д байхгүй сонирхолтой мэдээ баримт, яруу найраг, аман зохиол, алдартай туульсын хэсэг ‘Алтан товч’-д нэлээд байдаг. Жишээлбэл: "Монголын нууц товчоо"-д Есүхэй баатрыг насан эцэслэхэд Тэмүүжиний гашуудсан тухай шүлэглэл байдаггүй бол "Алтан товч"-д энэ тухай тусгай шүлэг байдаг. Мөн өнчин хөвгүүн 9 өрлөгтэй сэцэлсэн тухай гээд "Монголын нууц товчоо"-д байдаггүй олон сонирхолтой мэдээг агуулсан үнэ цэнэтэй бүтээл юм. Юань гүрэн мөхөх үеийн Тогоонтөмөр хааны гашуудлын шүлэг гэх мэт өнөөгийн цаг үед биеэ даасан яруу найраг болон бидэнд танигдсан агуулгуудыг мөн багтаажээ. Мөн Лувсанданзан зохиогч өөрөө тухайн нийгмээ шүүмжилж байсан санал дүгнэлтүүдээ ч бас оруулсан байдаг юм. Төгсгөлийн 15, 16-р бүлгүүдэд Юань гүрний задрал болон Монголын хаадын тэмцэл, Батмөнх Даян Хааны удам судрыг өгүүлсэн түүхийг өгүүлсэн байдаг.[1]

  1. 1.0 1.1 Andromeda. "Лу Алтан Товч". www.example.com. Татаж авсан: 2025-03-11.
  2. 2.0 2.1 ., Лувсанданзан (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. p. 10.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  3. ., Лувсанданзан (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 14–15.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. ., Лувсанданзан (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. p. 17.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  5. 5.0 5.1 5.2 5.3 5.4 ., Лувсанданзан (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 7–9.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  6. ., Лувсанданзан (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 5–6.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)