Л.Мөрдорж "Миний эх орон" нэгдүгээр симфони
Энэхүү бүтээл нь зөвхөн хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэгдүгээр симфони төдийгүй монголчуудын хувьд ч монгол хүний оюун санаанаас урган гарсан анхны “нэгдүгээр - симфони” юм.
Анхны гэж дугаарласан болгон ямар нэг байдлаар “нээлт” болоод нэр хүндийн тухай байдаг. Л.Мөрдоржийн “Миний эх орон” – нэгдүгээр симфони бол монголын хөгжмийн урлагт мөн л анхны гэдгээрээ нээлт байлаа. Энэ бол нээлт төдий бус XX зууны Монгол орны түүхэн хөгжлийг хөгжмийн хэлээр илэрхийлсэн, зурагласан урлагийн сод бүтээл юм. Үүнийг бид агуулга, өгүүлэмж талаас нь “марзан” Шаравын[1] гайхамшигтай мөнхийн бүтээл болох “Монголын нэг өдөр”-тэй дүйцүүлэн үзэж болно. Учир нь энэхүү симфонид 1921 оны Ардын хувьсгалаас өмнөх үеийн монголчуудын хүнд хүчир амьдрал ба ард түмний эрх чөлөөний төлөөх хувьсгалт тэмцэл, эрх жаргалант амьдрал, хөдөлмөр бүтээн байгуулалт болон Монгол орны байгалийн сайхныг хөгжмийн өвөрмөц хэлээр дүрслэн илэрхийлсэн байдаг.
“Л.Мөрдоржийн нэгдүгээр симфонийг хүүрнэл зураглалын төрөл-хэлбэрийн симфонийн төрөлд хамааруулж”[2] үзэж болох тухай хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж тэмдэглэсэн байдаг бол хөгжим судлаач, доктор Д.Оюунцэцэг “Л.Мөрдоржийн нэгдүгээр симфони сонгодог симфонийн хэлбэрийг бүрэн эзэмшсэн, ур зүйн хувьд боловсорсон шилдэг бүтээлийн тоонд ордог. Учир нь манай ард түмний хувьсгалын өмнөх гаслант амьдрал, эрх чөлөөнийхөө төлөө эрслэн боссон тэмцэл, түүний ялалт, цэцэглэн хөгжсөн эх орноо симфонийн яруу хэлээр бүхэлд нь харж чадсанд оршино”[3] гэжээ. “Л.Мөрдоржийн туурвисан "Миний эх орон" симфони монголын симфони урлагийн түүхэн хуудсанд алтан үсгээр бичигдэнэ” гэж хөгжим судлаач, доктор Н.Жанцанноров өөрийнхөө номонд[4] дурдсан байдаг. Уг симфоний тухай дээрх хөгжим суудлаачид, хөгжмийн зохиолч нар ийнхүү эерэг талаас нь бичиж тэмдэглэсэн бол урлаг судлаач Ж.Бадраа сайшаан дэмжихийн сацуу “1-р анги нь дэвсгэр хөг, дуурьсгалангийн хувьд нэлээд сайн сүрхий чадлархаг байгуулалттай болсон юм. Тэгэвч тусгаж байгаа үзэгдлийнхээ зөрчил тэмцэл, эрс тэс харшлалт чанарыг тодорхой илтгэсэн шидрүүлэг оргилуун аялгуугаар төгс биш болжээ”[5] гэх мэтээр тодорхой шүүмжлэлтэй зүйлсийг бичсэн нь бий .
Л.Мөрдорж “Миний эх орон” симфонийхоо I ангийн оршил хэсэгтээ XX зууны эхэн үеийн монголын дарлагдсан ард түмний зовлон зүдгүүрийг илэрхийлсэн бол тухайн ангийн гол хэсэг нь 1921 оны ардын хувьсгалын эхлэл, үүсэл, мөн ялалтанд хүрсэн тэрхүү баяр бахдлыг ч хөгжмийн уран сайхны аргаар төгс төгөлдөр илэрхийлж чадсан байдаг. Сонгодог симфони цувралын II ба III ангид байдаг тэр л зарчмын дагуу удаахь ангиудыг бичсэн байдаг. Энэ бол Монгол орны байгалийн гоо үзэсгэлэн, монголын ард түмний цайлган цагаан сэтгэлийг уянгалаг хөгжмийн тансаг аялгуугаар илэрхийлсэн бол III ангидаа (өрнийнхөөр бол скерцо) цог жавхлант монголын ард түмний бүтээн байгуулалт, хөгжил баяслыг цоглог өөдрөг өнгө аястай хөгжмөөр дүрсэлжээ[6]. Төгсгөлийн IV ангид их ялалт, их бүтээн байгуулалт, эрх чөлөөт Монгол орны тэгш жаргалыг илэрхийлсэн байдаг. Эндээс үзвэл “Миний эх орон” - симфони бол Монгол эх орны маань түүхийн нэгэн жарныг симфони хэмээх уран бүтээлийн нэгэн “хавтгай дэлгэц” (нөгөө л марзан Шаравын “Монголын нэг өдөр” зургийн нэгэн адилаар) дээр хөгжмийн хэлээр өгүүлсэн, “зурсан” хөгжмийн сонгодог бүтээл мөн. Энэ цагт дахин түүнтэй эн зэрэгцэх хөгжмийн бүтээл Монгол оронд хараахан гараагүй болохоор “Миний эх орон” симфони бол дахин давтагдашгүй сонгодог туурвил болно.
Хүн төрлөхтний хөгжмийн сэтгэлгээний оргил болох симфонийн төрөл зүйлийг монголын үндэсний хөгжмийн соёлтой хослуулан, холимогжуулан турших, туршсан туршлага нь бүтээл болон амилсан тэр цэг бол Л. Мөрдоржийн “Миний эх орон” - нэгдүгээр симфони[7] болох юм.
Л.Мөрдорж: I симфони
1-р анги (F-moll Allegro) - Сонатын хэлбэр
2-р анги (B-dur Largo) - Нийлмэл 3 ангит хэлбэр
3-р анги(A-dur Vivo allegro)- Рондо хэлбэр
4-р анги (F –dur. Allegro vivo)- Рондо сонатын хэлбэр
Өрнө дахины сонгодог симфонийн 4 ангит хэлбэр, түүний анги тус бүрт байх хөгжмийн зохиомжийн сонгодог зарчим, арга барил тэр бүхнийг Л.Мөрдорж өөдрөгөөр авч хэрэглэхийн сацуу, эргээд түүндээ монгол ая, аялгууг чадварлагаар амжилттай буулгаж, суулгаж өгсөн нь хөгжмийн зохиолчийн маань суу авъяас билэг гэхээс өөр үг эс олдох аж. Дорнын ба өрнийн хөгжмийн соёл нь хэрхэн бие биенээ дэмнэж, домнож болохыг, хэрхэн бие биенээ нөхөж болохын үлгэр жишээ бол энэхүү “Миний эх орон” симфони мөн.
[1] “Марзан” хэмээх Балдуугийн Шарав (1869-1939)
[2] Ц.Нацагдорж. Симфони бүтээлд өнөөгийн шаардлага. Монголын хөгжим судлал 1. Эмхэтгэл. УБ 1987 он
[3] Оюунцэцэг Д. Нийгмийн дэвшил, симфонийн уран бүтээл. Монголын хөгжим судлал 1. Эмхэтгэл. УБ 1987 он
[4] Жанцанноров Н. Монголын хөгжмийн 12 хөрөг. УБ., 2007.
[5] Бадраа Ж. Манай анхны симфони. “Цог” сэтгүүл 1956. №4(48), х.77-85.
[6] Ялангуяа энэхүү III ангийн хөгжмийг 50-60-д оны манай баримтат кинонуудаас олж сонсож болох юм.
[7] Симфони(грек. Symphonia– хамтран дуурьсах) – хүний амьдралын олон талт хэв маягийг хөгжмийн хэлээр гүн гүнзгий тусгасан, мөн янз бүрийн дүр төрхийг илэрхийлсэн ялгарамж бүхий дөрвөн ангитай, симфони найрал хөгжимд зориулсан томоохон хэмжээний хөгжмийн бүтээлийг хэлнэ. Нэгдүгээр анги нь сонгодог хөгжмийн зарчмын дагуу зөрчилт өрнүүлэг дээр үндэслэсэн, хурдан хэмнэлтэй байдаг. Нэгдүгээр анги нь удаавтар оршилтой байж болдог. Хоёрдугаар анги бол уянгын дуулалтай, бодлогоширсон аястай байна. Гуравдугаар анги бол ихэнхдээ бүжгийн хөгжим (мэнуэт, скерцо эсвэл вальс) байх ба хөнгөн хэмнэлтэй цоглог төлөвтэй байдаг. Дөрөвдүгээр анги бол төгсгөл, хурдан түргэн хэмнэлтэй, ихэнхдээ баяр ёслолын болон оргилуун бадрангуй өнгө аястай байна. Түүхэн хөгжлийнхөө явцад симфони цувралын анги олон, цөөн болж агуулга, илэрхийлэмжийн хувьд баялаг, чөлөөтэй болж ирсэн ажээ.