Макино Шоозоо
Макино Шоозоо (япон. 牧野省三, англи. Shōzō Makino, 1878 оны 9-р сарын 22-нд Киото хотод төрж, 1929 оны 7-р сарын 25-нд нас барсан) — Японы кино найруулагч, продюсер бөгөөд кино зохиолч. Түүнийг Японы кино урлагийг үндэслэгч гэж үздэг. Үүнээс гадна Макино Масахиро, Мацүда Садацүгү зэрэг дөрвөн хүү нь бүгд кино урлагт хүчээ үзсэн байна. Японы алдарт жүжигчин Цүгава Масахико, Нагато Хироюки нар түүний ач зээ нар нь юм. Мөн жүжигчин Минамида Ёоко бол ач охин юм.
Макино бол Японы анхны мэргэжлийн найруулагч бөгөөд япон үндэсний кино урлагийг илэрхийлэх шинэ арга хэрэгслийг ашиглан шинэчилсэн хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1878 онд Киото мужийн нэгэн жижиг хотод төрсөн Макино Шоозоогийн эцэг эх нь гэрлээгүй байсан тул хууль бус хүүхэд байсан боловч эцэг эх нь хамтран амьдардаг байжээ. Түүний эцэг цэргийн хүн, эх нь эхэндээ гэрийн эзэгтэй байсан боловч 1901 оны 9-р сарын 1-нд гэр бүлийн 300 квадрат метр талбайд бага зэрэг засвар хийсний дараа тэрээр театр нээжээ. 22 настай Шоозоо жүжигт тоглохоос гадна эхдээ театрыг удирдахад нь тусалдаг байсан.
1908 онд урлагийн шинэ хэлбэр гарч ирэх үед ах дүү Ёкота Шокай, Ёкота Эйносүкэ хоёр продюсер Макино Шоозоог кино урлагт хүчээ сорихыг урьжээ. Тэрээр "Хонноожи сүмийн тулаан" (1908) богино хэмжээний анхны киног найруулсан юм. Шоозоо аялагч театрт ажиллаж байсан жүжигчин Оноэ Мацүносүкэг сайн жүжигчин гэж олж хараад кинондоо тоглохыг урьж, үндэсний кино урлагийн анхны од болгож чадсан байна. 1912 онд ах дүү Ёкотагийн студи зэрэг хэд хэдэн компанийг нэгтгэсний үр дүнд "Никкацү" хэмээх шинэ кино компани байгуулагдаж, Макино Шоозоо үргэлжлүүлэн ажиллаж, жил бүр 60-80 богино хэмжээний кино бүтээж байв. Түүний ихэнх кинонд Оноэ Мацүносүкэ тоглосон байна.
1919 онд тэрээр «Микадо» хэмээх жижиг компани байгуулсан. 1923 онд продюсерын "Makino Film Productions" компани байгуулж өөрөө найруулагчаар ажилласан бөгөөд сайн кино продюсер болохоо харуулсан. "Makino Film Productions" олон түүхэн бөгөөд орчин үеийн тухай амжилттай кинонууд бүтээжээ.