Малай хэл
Мала́й хэл (өөрсдөө: Bahasa Melayu / بهاس ملايو) — австронез хэлнүүдийн нэг хэл (малай-полинезийн салаа хэл). 1970—1990 онуудад Малайз улсад малайз хэл гэдэг байсан.
Энэ хэл нь Суматра арал, Малакка, Калимантан арлын эрэг орчмын бүс нутаг, түүнчлэн хэд хэдэн жижиг арлууд дээр тархсан байдаг юм.
Малайз улсад латин цагаан толгойг хэрэглэдэг бол Бруней улсад араб үсгийг (Jawi) ашигладаг байна.
Дундад зууны эхэн үеэс малай хэл нь Малайзын "эрэг орчмын соёл иргэншлийн" бүх нутаг дэвсгэрт үндэстэн хоорондын харилцаа, улс хоорондын харилцааны хэл болгон ашиглагдаж ирсэн. Малай хэл нь Ислам ба Христийн шашин дэлгэрүүлсэн хэл байсан юм. Малай хэл нь орон нутгийн болон орчуулгын аль алинд нь төрөл бүрийн жанрын баялаг уран зохиолтой.
Малай хэл нь Малайз, Бруней (албан ёсоор Бруней малай гэгддэг), Сингапур (Сингапурт Англи, Мандарин, Тамил хэлтэй хамт), Индонез зэрэг улсад албан ёсны хэл бөгөөд үүнийг Бахаса Индонез гэж нэрлэдэг бөгөөд Малайз дахь хэлнээс зарим нэг багавтар ялгаатай байдаг. 1972 онд латин үсэгт суурилсан бичгийн нэгдсэн системийг нэвтрүүлж, зөв бичгийн дүрмийг нэгдмэл болгосон.
Индонез, Малай хэл нь гарал үүсэл нэг болов ч хоорондоо олон ялгаа байдаг.
Орчин үеийн Малай болон Индонез хэлний зөв бичгийн дүрмийн ялгаа нь өчүүхэн бөгөөд 20-р зууны хоёрдугаар хагаст Индонез хэлний зөв бичгийн дүрмийн шинэчлэл нь Малай хэл рүү ойртуулсан. Жишээ нь "мөнгө" гэдэг үгийг малай хэлээр "wang" гэж бичдэг бол индонез хэлээр "uang" гэж бичнэ. Дуудлага дахь ялгаа нь илүү чухал. Гэсэн хэдий ч дуудлага нь хоёр улсыг тусгааралдаг улсын хилээс илүү бүс нутгаас хамаардаг байна.