Мамба дацан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

МАНБА (МАМБА) ДАЦАН

Бурханы шашины сүм хийдүүдийн салбар анагаах ухааны боловсрол олгож, эмч лам нарыг бэлтгэх сургууль. Одоогийнхоор бол анагаах ухааны тэнхим гэдэг шиг юм. Манба дацан гэж төвд үг бөгөөд Эмчийн аймаг гэсэн утгатай. Монгол оронд хамгийн анхны Эмчийн сургууль буюу Мамба дацанг 17-р зууны сүүлчээр Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжалцан байгуулсан гэдэг.


Бараг ихэнхи томоохон хүрээ хийдүүд өөрийн манба дацантай байснаар Их Хүрээний мамба дацан Соригшампанлин, Заяын хүрээний мамба, Далай Чойнхор вангийн Тариатын хүрээ, Ламын гэгээний хүрээний мамба, Ханд Чинвангийн хүрээний мамба сургалт хийгээд эрдэм чадалтай эмч мэргэдээрээ алдартай байжээ. Эмчийн дацангууд нэрээрээ танигддаг бөгөөд Соригшанпанлин буюу бусдад туслах анагаах ухааны орон, Сориггүнпанлин буюу хотолд туслагч анагаах ухааны орон, Цэжүдлин буюу насны шимийн хийд гэх мэт нэрээрээ ялгаран танигдаж байдаг.


Мамба дацанд ерөнхийдөө хүүхдүүд бага наснаасаа эхлэн шавьлан сууж анагаах ухааны холбогдолтой ном уншлагуудыг цээжлэж эхлэдэг бөгөөд гол судалдаг ном нь Анагаах ухааны дөрвөн үндэс хийгээд түүний тайлбар Дэсрид Санжайжамцын зохиосон Хөх Бэндэрья хийгээд Увьдасын үндэсний нэмсэн арга, Сүрхар Лодойжалбуугийн Өвгөдийн аман эш гэх мэт тайбарууд болно. Дөрвөн үндэсийн дагуу Язгуурын үндэсний зиндаа, Номлолын үндэсний зиндаа, Увидасын үндэсний зиндаа, Хойдын үндэсний зиндаа гэсэн дөрвөн шатлалын дагуу 10-15 жил сурсаны эцэст маарамбын дамжаа барин эмч болдог байжээ. Үүнээс гадна Төвдийн эрдэмтэн Дэүмар гэвш Данзанпунцагын зохиол Болор эрхи хэмээх зохиолыг үндэс болгон 2000 шахам эмийн түүхий эд болох ургамал, эрдэс шороо, төмөрлөг, амьтаны гаралтай зүйлсийг судлан таньж мэддэг болох шаардлагатай байсан байна.

Монголын манба дацангуудын уламжлал голцуу Амдогийн Гүнбүм хийдийн Соригшанпанлин Манба дацангийн дэгийг дамжуулан авсан байдаг. Түүнчилэн Гүнбэмийн Манба дацанд ч олон Монгол лам нар эмийн ухаанд боловсрон нутагтаа ирдэг байжээ. Ордосын Агваандамбийням гэдэг хүн 19-р зууны үед тус дацангийн хамба болж байсан бол одоо Хөх Нуурын Монгол гаралтай Сэрдэг гэгээний хувилгаан дүр Гүнбүм Жамбаалин хийдийн манба дацангийн хамбын сэнтийд заларч байгаа болно. Манба дацангуудийн гол шүтээн нь мэдээж Оточ Бурхан бөгөөд ядам нь ихэвчлэн Доржпүрэв, сахиус нь Шанлон сахиус байдаг.

Төвдийн анагаах ухааны том сургуулиуд нь 1635 онд байгуулагдчан Төмөрт уулын манба буюу Жагбори дацан, 1916 онд байгуулагдсан Лхаса дахь Эмнэлэг Зурхайн хүрээлэн Мэнзийхан, Дэргэгийн Шэравлин хийдийн эмийн сургууль, Гүнбүм хийгээд Лавран хийдүүдийн манба дацангууд юм.


Монгол дахь Манба дацангийн сургалтын уламжлал 1930-аад оноос эмчийн сургуулиуд хаагдаж, эмч лам нар нь баригдах нь баригдаж, алагадах нь алагдсанаар үндсэндээ тасарч алга болсон боловч олон арван эмч нар нууцаар эм барьж олон түмэндээ тус хүргэсээр ирсэнээс гадна 1960-аад оноос Ардын эмнэлэгийн хүрээлэн байгуулагдахад олон хуучин эмч нар тус дэм болсон. Энд Ламын гэгээний хүрээний маарамба Доржжанцан, Булганы Ханд Чинвангийн хүрээний манбын Чойжамц маарамба, Баасанжав маарамба тэргүүтэн олон эрдэмтэн маарамба нарын хувь нэмэрийг дурдаж болно.


Монголын манба дацангийн эмч маарамбууд дан ганц Монголоор барахгүй Хятад, Төвд, Орост ч алдартай байсан төдийгүй тэдний зохиол бүтээлүүд эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй Төвдийн анагаах ухааны сургуулиудын сурах бичиг болсон нь ч байдаг.

Уламжлалт Манба дацангийн сургалт үйл ажиллагаа 1990 оноос дахин сэргэж эхэлсэн. Гандангийн лам Нацагдорж Энэтхэгийн Дхарамсала хотод мэргэжил дээрлүүлснийхээ дараа 1990 онд Бусдад туслах ангаах ухааны хийдээ байгуулж ажилуулж эхэлсэн. Түүний байгуулсан манба дацангийн онцлог нь хуучин эмчийн дацанд зөвхөн лам хүн сурдаг байсан уламжлалаас татгалзан хар шар ямар ч хүнийг сургадаг болсоноороо онцлог юм.[1]

Гандан хийдийн хажууд Манба дацанг талийгаачХоовой гуай санаачлан байгуулсан боловч одоохондоо эмчийн сургалт явуулж эхлээгүй зөвхөн уншлага номоор үйл ажилгаа нь хязгаарлагдаж байгаа болно.

2006 онд хуучин Ардын эмнэлгийн хүрээлэнгийн ажилтан байсан Санждорж ламИх Хүрээ Зурай Дацаныхаа хажууд Их Хүрээ Мамба Дацан гэж байгуулсан боловч энэ дацангийн үйл ажилгаа одоохондоо жигдэрч эхлээгүй зөвхөн гүрэм номын хэмжээнд яваа болно.