Jump to content

Монголд ургадаг мөөг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол улсын нутаг дэвсгэрт өнөөгийн байдлаар 630 гаруй зүйлийн мөөг ургадгаас 116 зүйлийг нь хүнсэнд хэрэглэж болох 427 зүйлийг хүнсэнд хэрэглэдэггүй мөөг ургадаг байна.[1]

Хүмүүс хүнсэндээ мөөг хэрэглэдэг. Гэхдээ мөөгийг хортой эсэхийг тэр бүр сайн мэддэггүйгээсээ болж хордох тохиолдол байдаг. Тиймээс дараах мэдээлэлд анхаарлаа хандуулж, мөөгийг хортой эсэхийг таньж сураарай.

Хортой мөөгийг хордуулах байдлаар нь үндсэн гурван бүлэгт хуваадаг.

  1. Хоол боловсруулах эрхтнийг хордуулах мөөгүүд. Энэ төрлийн мөөгний хордлого 15-60 минутын дараа илэрч 2-7 хоног үргэлжлэх бөгөөд сул биетэй өвчтөнийг үхүүлж ч мэднэ. Үүнд: Сархи, бүрэн чанагдаагүй намрын Хожуулдай, Далбигын төрлийн зарим мөөгнүүд орно.
  2. Мэдрэлийн системд огцом нөлөөлдөг хор бүхий Ялхор, Хүрмэг, Сархи төрлийн зарим зүйл мөөгнүүд багтдаг. Эдгээр мөөгний хордлого 30 минутаас 2 цагийн дараа мэдрэгдэж инээх, уйлах, хий юм харах, ухаан алдах гэдэс хямрах зэргээр илэрнэ.
  3. Хор нь цусны сийвэнд шууд нөлөөлдөг цайвар, өмхий болон хаврын зэрэг Ялхор орно. Энэ бүлэгт багтдаг мөөгний хордлого 30 минутын дараа элэг бөөрөнд үйлчилж эхэлдэг хэдий ч 24-48 цагийн хооронд хордлогын ямар ч шинж илэрдэггүй.

Хэдийгээр хортой мөөг идэшний мөөгнөөс цөөхөн нь ч хор уршиг нь багадахгүй. Иймээс хортой мөөгнүүдийг идэшний мөөгнөөс ялгаж сурах нь чухал. Хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийхэд харладаг. Мөөг хөгширөхөд түүнд буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч хордож болох талтай. Мөн давсалсан, цуужуулсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хордож болно.

Мөөгний хэрэглээ, ач тус

[засварлах | кодоор засварлах]

Монгол оронд 28 овгийн 136 төрлийн 375 зүйл мөөг ургадаг. Шинэхэн мөөг нь ус (84-92%), уураг (2-3%), тос (0.4-1.7%), нүүрс ус (эслэг 0.7-2.5%) болон тос ба усанд уусдаг аминдэм, тосны ханаагүй хүчил, фосфор, кали, кальц, төмөр, зэс, хром, цайр, иод, марганец агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм. Харин хатаасан мөөгөнд 20-30% орчим уураг агуулагдах учир хэмжээний хувьд махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болно. Мөөгийг хүнсэнд төдийгүй эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Мөөг нь цусан дахь тосны хэмжээг багасгах, даралт болон халуун бууруулах, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг. Зарим мөөгийг сүрьеэ болон бусад халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хэрэглэж байжээ. Гэвч зарим мөөг бие махбодийг хордуулах үйлчлэл бүхий бодис агуулдаг учир тэдгээрийг хүнсний мөөгнөөс ялгаж таньж сурах нь чухал. Судлаач Г.Уранчимэгийн "Монгол орны хүнсний мөөг" (2004) номонд мөөгний ангилал, төрөл зүйл, хэрэглээний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Монгол цагаан мөөг шарх анагаана.

  1. muug.mn: Мөөгний танилцуулга