Jump to content

Монголчууд Тангудыг дайлсан нь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монголчууд Тангудыг дайлсан нь
Хамаарах дайн: Монголын эзэгнэл

1226-1227 онд Тангудыг сүүлчийн удаа дайлсан үеийн газрын зураг
Огноо1205; 1209-1210; 1226-1227
Байршил
Тангуд улс, Ордосын Бор тохой, Ганьсу муж, Алашаагийн цөл, Хөх нуур-Төвөдийн өндөрлөг
Үр дүн Их Монгол Улсын ялалт, Тангуд улсын мөхөл
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт

1209-1210 оны дайнд Тангуд улс, Монголын түшмэг улс болсон.

1225-1227 оны дайнд Тангуд улс мөхөж, Их Монгол Улсад эзлэгдсэн.
Байлдагч талууд
Их Монгол Улс Тангуд улс
Алтан улс
Командлагч болон удирдагчид
Чингис хаан
Тулуй ноён
Ли Аньцюань
Ли Дэван
Аша Хамбу (Вэймин Лин гүн)
Цэргийн хүч
1226-1227 онд: 100,000 морьт цэрэг 1209-1210 онд: 100,000 цэрэг;
1226-1227 онд: 300,000 цэрэг
Хохирол
Тодорхойгүй Үлэмж цэргийн хохирол

Чингис хааны захирсан монголчууд Тангуд улстай 1205 оноос 1227 оныг хүртэл 23 жилийн хугацаанд 1205, 1207-1208, 1209-1210, 1225-1227 онд дайтаж байсан.

Монголын анхны довтолгоонууд

[засварлах | кодоор засварлах]

Хамгийн анх монголчууд хэрэйдийн ханлигийг эзлэн авсны дараа, нялх Сэнгүм тэргүүтэй хэсэг ноёд цэргээ авч Тангуд улсаас орогнол гуйж очсоноос хойш Чингис хааны зарлигаар тэднийг мөшгин устгахаар 1205 онд Елюй Ахай жанжны удирдсан цөөн тооны цэргүүд Тангуд улсын хил хязгаарт анх удаа халдан оржээ. Энэ удаагийн довтолгооныг гадаадын түүхчид үзэхдээ тонон дээрэмдэхээр халдсан гэж үздэг байснаа, сүүлийн жилүүдэд Сэнгүм нарын хүмүүсийг орогнуулсан Тангудыг тагнан довтолсон гэж үзэх болсон. 1205 оны 3 сард Елюй Ахайн удирдсан монгол цэргүүд Гуажоу, Шажоу, Лигили, Лосы нэртэй хотуудыг довтлон, Сэнгүмийн олохоор хайж байв. Сэнгүмийн хүмүүс Тангудаас өмнө зүг зугтсан учраас тэр жилийнхээ 5 сард монголын цэргүүд Тангудыг орхин явжээ.

  • 1207-1208 оны байлдааны ажиллагаа: 1207 оны 9 сард Монголын цэргийг Елюй Ахайн удирдсан хэдэн мянган цэрэг Урахай хотыг бүслэн байлдаж эзлээд, тангудын нэмэлт цэргийн хүчтэй 3 сарын турш бага хэмжээний тулгаралт хийж байгаад 1208 оны 1 сарын орчимд Урахай хотоос цэргээ татан ухарчээ.

1209 оны намар Чингис хаан өөрийн биеэр армиа авч Тангуд улсыг довтолсон. Энэ удаагийн дайныг эрдэмтэд цэрэг дайны хувьд Алтан улстай хийх дайны өмнөх бэлтгэл, дадлага сургуулилт гэж үздэг, харин геополитик стратегийн хувьд Алтан улстай хийсэн холбоотны харилцааг нь таслан, өөрийн хараат улсаа болгоход чиглэсэн гэж үздэг. 1209 оны 4 сард монголын арми тангудын зүүн талын Урахай хотын чиглэлд довтлон, тангудын Гао Лин гүнгийн удирдсан 50000 цэрэгтэй байлдан тангудын армийг бут цохиод дайсны жанжныг олзлон, Урахай хотыг удтал бүслэн байлдсаны эцэст эзлэн, хотын захирагч Сиби Эда гэгчийг олзлов. Тэндээс Тангудын нийслэл Жунсин хот хүрэх бүхий л хот тосгодыг эзлэн давшсаар 1209 оны намар Көимэн цайзын дэргэд тангудын Вэймин лингүн жанжны удирдсан 50,000 цэрэгтэй тулгаран байлдахад монголчуудын отоонд орж тангудын цэрэг ялагдан, Вэймин лингүнг олзлов. Тэндээс монголын арми Жунсин хотыг бүслэн, голын усыг боож, далан барьж усанд автуулах арга ашиглахаар бэлдэж байв. Тангудын хаан Ли Аньцюань тусламж хүссэн элчийг Алтан улсад илгээсэнд, Ваньянь Юнжи хаан: “Дайснууд харилцан довтолцож байх нь манай улсад ашигтай хэрэг, бид юунд цэрэг гаргаж туслах билээ”[1] гэж хэлээд туслахаас эрс татгалзав. Монгол цэргийн барьсан голын далан сэтэрч, монголчууд өөрсдөө усанд автсан тул цэргээ ухрааж, Тангудын хаанд элч илгээн бууж өгөхийг шаардсаны хариуд Аньцюань хаан зөвшөөрч, баруун гар чинь болж хүчээ өгье хэмээн, Чага нэрт охиноо Чингис хаанд хүргэж өгөөд элчээр хэлүүлсэн нь:

Байсан газартаа

       Байран нутагладаг

       Шавар хотдоо

       Шавалдан суудаг

       Хүмүүс тул

       Хурдан аянд

       Түргэн хөдөлж чадахгүй

       Хурц дайнд

       Даруй мордож амжихгүй.

       Хаан Чингис соёрхвол

       Хамаг Тангуд улс

       Өндөр дэрснийнөмөрт

       Өсгөсөн олон тэмээгээ

       Өргөл болгож тусалъя

       Өөрийн гараар нэхсэн

       Өрмөг бөс эдээ

       Бэлэг болгож өгье.

       Арга чадлаар сургасан

       Анч шонхор шувуудын

       Аль сайныг хүргэе"[2]

хэмээн тангараглаж, найрамдах болов. Энэ дайны үр дүнд Тангудын 100,000 цэргийг бут цохиж, гарамгай жанждыг нь олзолж, их хэмжээний эд бараа, тэмээн сүргийг олзолж, тэднийг хараат улсаа болгов.

Монголын арми Алтан улсын ихэнх нутгийг эзлэсний дараа 1218-1219 онд Хар Киданд бүгсэн найманы Хүчлүг ханыг устган, Хар Киданыг эзлэв. Улмаар Сартуул улстай худалдаа хийх олон удаа оролдлого нь бүтэлгүйтснээр байлдан дагуулах арга руу шилжиж, Тангудын урьд амласан цэргийн хүчээр туслахыг нь сануулж, элч илгээсэн. Гэтэл тангудын түшмэл Аша хамбу "Хүч хүрэхгүй бол хаан юунд болов?"[3] гэж шоглон хэлсэнд, Чингис хаан энэ асуудлыг Сартуулыг дайлсны дараа шийдэхээр хойш тавьсан. Чингис хаан Сартуулыг байлдан дагуулаад, тэр газарт монгол даргач цэргийг суулган сахиулж үлдээгээд, 1224 оны сүүлээр Монгол нутагтаа харьсан.

1225 оны намар Чингис хаан цэргээ шинээр тоолж, засаад Тангудыг эзлэхээр аян дайнд мордохдоо Өгэдэй, Тулуй хан хөвүүдийг дагуулж, хатадаас Есүйг дагуулж, Онги голоор дайрч Арбухад олон хулан авлаж яваад Чингис хаан мориноос шилжин гэмтэв. Цоорха гэдэг газарт хүрээлэн буухад халуурсан тул буцах саналыг олон ноёд гаргасанд, Чингис хаан эсэргүүцэж, дайныг үргэлжлүүлэхээр болсон. Энэ удаагийн дайны шалтгаан нь:

  1. 1210 онд амласан амлалтаа зөрчиж, доромж үг хэлж, Сартуулыг дайлахад цэргээр туслаагүй;
  2. 1223 онд Мухулай ван таалал төгсөж, Алтан улсыг дайлах аян түр зогссон үеэс эхлэн Тангуд-Алтан улсын хооронд цэргийн холбоо тогтож, монголын эсрэг хамтран тэмцэх гэрээнд хүрсэн;
  3. Тангудын шинэ хаан Ли Дэваныг ханхүүгээ данж болгон монгол руу илгээх шаардлагыг эсэргүүцсэн гэсэн гурван шалтгаанаар энэ дайн эхлэсэн.

1226 оны 1 сард Онгийн голоос хөдөлж, Гурван Сайхан уулыг давж, Эзнээ голын чиглэлээр Тангуд улсын хилд цөмрөн оров. Монгол цэргийн тоог олонх гадаад, дотоодын судлаачид 10 түм (100,000), гэж таамагладаг. 1226 оны хавар монголын арми эхлээд Хар хотыг эзлээд, өмнө зүг давшиж, Сүжоу хотыг эзлэн, хоёр замаар цэргээ хуваасны монголын баруун жигүүр нь Шажоу, Гуажоу, Ганьжоу хотуудыг дараалан эзлэв. Монголын зүүн жигүүрийн цэргийг Чингис хаан удирдан Силян хотыг бүслэхэд, байлдалгүй бууж өгөв. 1226 оны 12 сард Хатан голыг Инли орчмын Есөн олом гэх газраар гаталж, Линьжоу (монголоор Түрэмгий балгас) хотыг бүслэв. Түрэмгий балгасны орчимд Тангудын жанжин Вэймин лингүнгийн (монголоор Аша хамбу) удирдсан 50,000 цэрэгтэй байлдахад, монголын цэрэг ялалт байгуулж, хотыг эзлэв. 1227 оны 1 сард Жунсин хотыг бүслэв. Тэндээс их цэргээ олон хэсэгт хувааж, Тангудын бусад хотуудыг эзлүүлэхээр илгээв. 1227 оны 1 сард Зиши жоу[4], 2 сард Линьтао, 3 сард Таожоу[5], Хэжоу[6], Синин сянь зэрэг хил дагуух хот, газар орныг байлдан эзлэв. Чингис хаан 1227 оны 6 сард Лю Пань уулын зуслангаасаа Циншуй сяний Си зян гэдэг газар шилжин хүрэв. Чингис хаан энд ирээд байх үед, Тангуд улсын эзэн Монголын цэргийн довтлогоо няцаан чадахгүй болоод Чингис хаанд элч зарж, нэг сарын хойно бууж өгөхөө илэрхийлжээ. 1227 оны 8 сарын 25 нд хаан 66 насандаа таалал төгсөв.

Хааны гэрээслэлийн дагуу Тангудын хаан Ли Сянь тэргүүтэй ноёд язгууртнууд бууж өгөхөөр ирэх үед нь ордын гаднаас ёслуулж, Шудрага нэр өгөөд, хэдэн өдрийн дараа монгол цэргүүд түүнийг удам судраар хүйс тэмтэрснээр Тангуд улс мөхөж, Их Монгол Улсын нэг муж болсон.

  1. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Түүхийн хүрээлн (2003). Монгол Улсын Түх. Vol. 2. Улаанбаатар. х. 110.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  2. "Монголын нууц товчоо: 249-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2025-06-04.
  3. "Монголын нууц товчоо: 256-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2025-06-04.
  4. одоогийн Ганьсү мужийн Ланьжоу хот
  5. одоогийн Ганьсү мужийн Линьтань сянь
  6. одоогийн Ганьсү мужийн Линься тойргийн хойд хэсэг