Jump to content

Монголын Ардын Нам (сэтгүүл)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“Монголын Ардын Нам”. Монголын хувьсгалт хэвлэлийн түүхэнд тогтмол хэвлэлийн уламжлалт хэлбэр болох сонинтой зэрэгцэн гарсан анхны сэтгүүл юм. МАН-ын II их хурлын шийдвэр ёсоор 1923 оны 10 дугаар сараас эхлэн сар тутам 5-6 хэвлэлийн хуудастай номын хэлбэрээр гарч эхэлжээ. “Улс төр, гэгээрэл”, “Эдийн засаг”, “Нам эвлэлийн байгууллага”, “Монгол Ардын Намын түүх” зэрэг тогтмол булантай энэ сэтгүүл намын II их хурлын шийдвэрийг тайлбарлах, ард олон, ялангуяа, Намын гишүүдийн улс төрийн идэвхийг өрнүүлж, нам олон түмний холбоог бэхжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Сэтгүүл II их хурлын үндсэн бүх материалыг нийтэлсний дотор их хурлаас В.И.Ленинд явуулсан цахилгаан утсыг хэвлэжээ. “М. А. Н.” сэтгүүл намын байр суурийг хамгаалж, түүний бодлогыг мушгин гуйвуулах аливаа илрэлтэй шийдвэртэй тэмцэж байв. “Монголын Залуучууд”-ын “Манай нам” сэтгүүлд гарсан нэгэн нийтлэлийг буруушаан шүүмжилсэн “Үнэнч шударга байвал зохих тухай” гэсэн гарчигтай өгүүлэл нь манай хэвлэлийн түүхэнд зэрэгцэн гарч байгаа хэвлэлүүд нэг нэгнийхээ нийтлэлийг үнэлж дүгнэсэн анхны оролдлого бөгөөд хэвлэлийн тойм, шүүмж судлалын эхлэл байжээ” (58.225). Энэ шүүмж нь ардын намыг дайрч давшлах оролдлогыг няцаахын хамт цаашид тогтмол хэвлэлийг хэрүүл маргаан, хов жив, аар саар асуудлаар хөөцөлдөх талбар болгохоос сэрэмжлүүлж, мэдээллийн зарчимч шударга хэрэгсэл болгон төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. “М. А. Н.” сэтгүүл, сонин сэтгүүл хоёрын дүр төрх, зааг ялгааг тодруулан төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байсан төдийгүй тогтмол хэвлэлийн өвөрмөц төрөл болох сэтгүүлийг монголын сэтгүүл зүйд хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.