Монголын Уламжлалын Нэгдсэн Нам

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠤᠨ
ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠨᠠᠮ
ТовчлолМУНН
Намын даргаБатдэлгэрийн Батболд
Ерөнхий нарийн бичгийн даргаЛхагвасүрэнгийн Өнөрбаяр
Байгуулагдсан1993 оны 12-р сарын 05 (1993-12-05)
Нэгдэж үүсгэсэн намуудМонголын Тусгаар Тогтнолын төлөө Нам
Монголын Малчин Тариачны Нэгдсэн Нам
Монголын Хувийн Өмчтөний Нэгдсэн Нам
Төв байрУлаанбаатар
Гишүүдийн тоо1503[1]
Үзэл баримтлалҮндэсний консерватизм
Улс төрийн жигүүрБаруун жигүүр
Өнгө(нүүд)     Хөх
State Great Khural
0 / 76
Намын туг
Цахим холбоос
Албан ёсны Фейсбук хуудас

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам 1993-12 -5-ны өдөр Монголын Хувийн Өмчтөний нам, Монголын Малчин Тариачны Нэгдсэн нам, Монголын Тусгаар Тогтнолын намууд нэгдэн анхдугаар чуулганаа хийж Монголын Уламжлалын Нэгдсэн намыг байгуулсан юм. 1996 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Очирбатын Дашбалбар УИХ-ын сонгуулийн 31 дүгээр тойргоос сонгогдон парламентад суудалтай нам болон төлөвшиж улмаар тус намын дарга болсон юм. О.Дашбалбарын тусгаар тогтнол, газар шороогоо хамгаалсан эх орончийн цогтой дуу хоолой МУНН-ыг төлөөлөн УИХ-ын чуулганы индэр дээрээс цуурайтаж байсан билээ.

МУНН-ын туйлын зорилго нь Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тогтоож, биеэ даасан бодлого явуулдаг, олон сая хүн амтай, онгон сайхан байгальтай, уламжлал, түүх, соёлоо дээдэлдэг, хүчирхэг, баян тансаг Монгол Улсыг буй болгож түүний тогтвортой хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд оршино. МУНН-ын үнэт зүйлс нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монгол хүн амын өсөлт, Монгол ахуй, бэлчээрийн мал аж ахуй, онгон тансаг байгаль, Монгол уламжлал ёс заншил, түүх, соёл, өвгө дээдсээс уламжлан ирсэн төрийн гүн ухаан түүний сургаал номлолууд болно.

МУНН-ын онол, номлолын гүн ухааны цогц бүрдлийн нэг гол үндэс нь мөнх тэнгэрийн философи үзэл санаа юм. Мөнх тэнгэрийг шүтэх монголчуудын гүн ухааны ухамсар нь тэдний эзэн хаанаа хүндэтгэн бишрэх философи-ёс зүйн үзлийг, хаанаа хүндэтгэх философи-ёс зүйн үзэл нь төрийг шүтэх төр ёсны улс төрийн үзлийн онол, үнэлэмж бүрэлдэн төлөвшихөд тус тус нөлөөлсөн билээ. МУНН-ын онол, номлолын бас нэгэн үндэс нь хос ёсны онол, гурвал сэтгэлгээ буюу гурвалын онол юм. Монголчуудын хос ёсны онол, гурвалын онол нь төрт ёс, ёс зүйн үзэл, үнэлэмжийн үндэс болдог. МУНН-ын үзэл баримтлал, үйл ажиллагааны тулгуур нэгэн үнэт зүйлс нь улс орны тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал юм. Тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал нь Монгол Улсын оршин тогтнох үндсийн үндэс мөн хэмээн манай нам үздэг билээ. Улс орны тусгаар тогтнолын гол хэмжүүр нь газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн амын эрүүл-цэвэр өсөлт түүний хөгжлийн аюулгүй байдал, улс төрийн хараат бус бие даасан байдал юм. “Газар бол улсын үндэс” хэмээсэн эцэг өвгөдийн номлол, гэрээслэл нь манай намын тусгаар тогтнолын асуудалд хандах, үзэл хандлагын гол тулгуур болж байна. МУНН-нь Монгол Улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бодиттойгоор хангах эдийн засаг, улс төр, дипломатын зохистой бүхий л аргыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг бодиттой хэрэгжүүлэхийн төлөө байдаг.

МУНН-ын мөрийн хөтөлбөрт “ОХУ-тай тогтоосон уламжлалт ах дүүгийн найрамдалт харьцааг сэргээхэд онцгойлон анхааран, эрх тэгш харилцан ашигтай байх зарчим баримтлана” хэмээн тусгайлан заасан байдаг. Тус нам нь нийслэл хотын 6 дүүрэг, 4 аймагт өөрийн салбаруудтай, 6000 орчим гишүүнтэй. Парламентын бус намуудаас ялгагдах онцлог нь байнгын үйл ажиллагаатай намын ажлын аппарат, түүний дэргэдэх судалгаа мэдээллийн баг, өөрийн сонин, телевизийн студитэй ажилладаг ба парламентийн гаднах хүчтэй сөрөг хүчний байр суурийг эзэлдэгт оршидог. Бусад намуудаас давуу шинж нь ихэвчлэн цэрэг, хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүсээс гишүүдийн цөм нь бүрддэг ба цэвэр үндэсний эх оронч үзэл дээр нэгдсэн нэгдэл юм. Намын эрх барих дээд байгууллага нь намын их хурал, их хурлын чөлөө цагт их хурлаас сонгогдсон Улс Төрийн Ерөнхий Зөвлөл, намын тэргүүлэгчид, өдөр тутмын үйл ажиллагааг намын тамгын газар, нийслэл, дүүрэг, аймаг бүсүүдийн нарийн бичгийн дарга нар эрхлэн явуулдаг.

МУНН-ын уриа нь Монгол хүн, Монгол газар шороондоо эзэн нь байх ёстой.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/ - Улс төрийн намын бүртгэл". Archived from the original on 2021-01-22. Retrieved 2021-01-17.