Монголын их гүрнүүдийн цэргийн тагнуул
Чингис хаан болон Монголын бусад их хаад улс орныхоо дотоод аюулгүй байдалд байнга ихээхэн анхаардаг байжээ. Их Засаг хуульд “Хэн ч атугай хэрэв өшөрхөн сагсарч, олон хаадын сонгуульгүйгээр өөрийн эрх сүрд түшиглэн байж хаан суусан байвал түүнийг өчүүхэн ч хайр найргүй алж орхино” хэмээн хуульчилжээ. Уг хуульд бас төрийн нууц задруулсан этгээдэд “100 шийдэм хүнд шийдэмдэх” ял оноохоор заасан байна. Чингис хаан болон бусад хаад дотоод аюулгүй байдалдаа байнга анхаарч элдэв үймээн самуун төрийн эсрэг хуйвалдаан гарахаас сэргийлэх, түүнийг илрүүлж таслан зогсооход чиглэсэн сөрөх тагнуулын ажлыг тасралтгүй явуулдаг байсныг нотлох баримт цөөнгүй.
Мөнхийг хаан ширээнд 1251 онд суусны дараа Ширэмүн Нагу нар тэргүүтэй хуучин хан хөвгүүд хуйвалдаан зохион байгуулж, түүнийг дарахаар цэрэг удирдан ирж явсныг Мөнхийн шударга хүн Хишиг олж мэдээд Мөнх хаанд ирж мэдээлснээр Ширэмүн, Нагу нарыг өршөөн цөлж, хуйвалдаанд оролцсон Илжигдэй ноён нарын 70 гаруй хүнийг цаазалж байжээ.
Монголчууд эзэлсэн улс орондоо сөрөх тагнуулын ажлыг сайн зохион байгуулж байсны дотор элдэв бослого, хөдөлгөөн гарахаас урьдчилан сэргийлэх, илрүүлж таслан зогсоох арга хэмжээг чадварлаг явуулдаг байжээ. Жишээ нь, Гүржид хаан хүү Давидын санаачлагаар бослого гаргахаар цугларсан гүрж, арменчуудыг цаг тухайд нь мэдэж тэр дор нь хатуу ширүүн дарж, оролцогчдыг нь залхаан цээрлүүлсэн нь бий. Их Монгол улсын хаад, жанжид тагнуулын арга ухааныг гарамгай эзэмшсэн тагнуулын ажлын хосгүй мастерууд байжээ.Тэд дэлхийн хагасыг эзэлж чадсаны нэг нууц нь бүхий л нөхцөл бололцоо, зам сувгийг гайхалтай соргогоор мэдрэн олж харж, уран нарийн арга ухаан хэрэглэн тагнуулын үйл ажиллагааг нэн чадварлаг явуулж, дайн, байлдаан эхлэхээс бүр өмнө эсрэг талаа алган дээрээ байгаа юм шиг бүх талаас нь нарийн судалж мэдсэн байдагт оршино. Оросын тагнуул судлаач С.Воронцов “Монголчууд нууц үйл ажиллагааны урьд байсан арга, хэлбэрийн агуулгыг Азийнханы заль мэх, итгэл алдуулах зэрэг явдлаар баяжуулж, тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагаа төлөвшин бүрдэхэд чухал хувь нэмэр оруулсан юм” гэсэн юм. Харин түүн дээр нэмж хэлэхэд, Чингис хаан, түүнийг залгамжлагчид дэлхийн хагасыг байлдан дагуулах явцдаа Монголын тагнуулын уламжлалыг эзэлсэн орнуудынхаа өвөрмөц нөхцөл байдалд зохицуулан тэдгээрийн тагнуулын арга ухаанаар улам баяжуулан ашигласнаар тэр үед болон урьд өмнө нь хаана ч байгаагүй шинэ өндөр дээд түвшинд гарган хөгжүүлсэн байна.