Монголын цэргийн нисэх хүчний байлдаанд оролцсон түүх
1934 оноос Япон, Манжийн түрэмгийлэгчид БНМАУ-ын дорнод хил хязгаараар өдөөн хатгалаг үйлдэж, их хэмжээний зэвсэг техникийн хүчийг нэмэгдүүлэн олон зуун цэргийн хүчээр 1936 оны хоёрдугаар сард манай улсын хилийг зөрчин довтолж эхэлжээ. Энэ байлдаанд нисэх бригад нисгэгч Д.Дэмбэрэл, хянагч Г.Дорж нарын жолоодсон "Р-5" онгоц дайсны цэргүүдэд цохилт өгчээ.
Цэргийн яамны сайд Г.Дэмидийн тушаалаар Баян-түмэнд байрлаж байгаа И.Г.Маны даргатай Зөвлөлтийн нисэх онгоцны эскадрильд нисэх бригадаас "Р-5" маркийн зургаан нисэх онгоцыг нэмж өгөн нисэх отрядыг зохион байгуулсан бөгөөд даргаар нь Ч.Шагдарсүрэн, комиссараар Б.Бадамхатан, штабын даргаар Ц.Машбат, сургагчаар А.В.Судец нарыг томилсон байна.
Япон, Манжийн найман машинтай 200 гаруй цэрэг 1936 оны гуравдугаар сарын 29-нд хил нэвтрэн ирж, Адаг дулааны харуул руу довтолсон тул Тамсагбулагаас Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нарын нисгэгчид "Р-5" онгоцоор 1000 метрийн өндрөөс дайсны цувааг бөмбөгдөн, пулёментоор галлаж, дайсанд их хэмжээний хохирол учруулав.
Энэ дайнд Д.Жамбаагийн онгоцны радиотор дайсны суманд гэмтсэн учир Тамсагбулагаас хойш 10 км газар аргагүйдэн буусан байна. Нисгэгч Д.Дэмбэрэл ганцаараа дайралтаа үргэлжлүүлэн хоёр цаг гаруй байлдаж, галт хэрэгслээ дуусгаж, нислэгээс гарчээ. Дайсны хүчийг хоёр онгоцоор бут цохин, дайсан үлдэгдлээ авч хилийн чинадруу ухарчээ.
Энэ байлдаанд Д.Жамбаагийн онгоц дайсны суманд 30 удаа, Д.Дэмбэрэлийн онгоц 29 удаа оногдсоноос өөр хохирол гараагүй байна. Дайсан хэдийгээр ухарсан боловч гуравдугаар сарын 30, 31, дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд ажиллагаагаа улам идэвхжүүлэн газрын ангиудыг бөмбөгдөж дайрснаас манай нэг хянагч алагдаж, таван нисэх онгоц гэмтэж, жагсаалаас гарчээ.
Д.Дэмбэрэл гуравдугаар сарын 30-ны өдөр тагнуулын ниспэг хийж яваад Японы гурван сөнөөгч онгоцтой тулалдаж, нэг онгоцыг нь устгаж, хоёр онгоц нь зугтсан аж.
Нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэн дайсны ширүүн гал дундуур хэд хэдэн удаа амжилттай дайралт хийн,дайсанд хүчтэй цохилт өгсөн боловч баруун мөрөндөө шархдаж, өрөөсөн гараараа онгоцоо жолоодон байлдааны талбараас гарч, харуулынхаа дэргэд онгоцоо буулган, онгоц, экипажаа аварч эрэлхэг зориг, тэсвэр хатуужил гарган жинхэнэ дарга хүний чанарыг харуулж чадсан байна.
Ийм учраас МАХЦ-ийн нисэх бригад 1936 онд Япон, Манжийн түрэмгийлэгчидтэй анх удаа агаарын байлдаан хийж, гарамгай гавьяа байгуулсан Д.Дэмбэрэлд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн 1936 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 13 дугаар тогтоолоор БНМАУ-ын "Агаарын зоригт баатар" цол, Чоймболын Шагдарсүрэнд БНМАУ-ын "Эрхэм нисгэгч" цол олгосон түүхтэй.
Мөн сургагч В.А.Судецыг "Цэргийн гавьяаны хоёрдугаар зэргийн одон"-оор, нисгэгч Р.Самдан, хянагч Ц.Лувсандамба, улс төрийн туслах Ц.Мөнхөө, хянагч С.Машбат, Б.Өлзийбат, эскадрилийм. дарга И.Г.Маны, отрядын дарга Рейфшнейдр, нисгэгч Суднык, Филь, Павлов, Мирановь нарын 21 нисгэгчийг "Байлдааны гавьяаны нэгдүгээр зэргийн одон"-оор шагнажээ.
Халх голын дайны шөнийн бөмбөгдөлтөд нисэх хүчин оролцсон нь Япон, Манжийн түрэмгийлэгчид манай улсын хил хязгаарт халдан довтолж, цохигдсоор нэг хэсэг намжсан боловч 1939 оны нэгдүгээр сараас эхлэн дахин өдөөн хатгаж, асар их зэвсэг техник, онгоцны нэмэлт хүч хуримтлуулан довтолж эхэлснээр 1939 оны тавдугаар сард Халх голын дайн эхэлсэн юм.
1936 онд манай зэвсэглэлд байсан "Р-5" онгоц ганц мотортой хурд багатай учир өдрийн цагаар байлдааны үүрэг гүйцэтгэхэд Японы сөнөөгч онгоц болон зенитийн галд амархан өртөж болох учир Японы онгоц шөнийн нислэг хийдэггүйг ашиглан "Р-5" онгоцоор шөнийн цагт ойрхон зайнаас байлдааны үүрэг биелүүлэх нь чухал гэж Монгол-Зөвлөлтийн цэргийн командлал үзэж дайсны ар талын бөөгнөрсөн их хүч, зэвсэг техникт цохилт өгөх нь чухал гэж үзэж, МАХЦ-ийн нисэх хүчнийг ашиглах төлөвлөгөөг боловсруулжээ.
Энэ үүргийг биелүүлэхийн тулд нисгэгчдийг богино хугацаанд шөнийн нислэгт сургаж, дадлагажуулахыг МАХЦ-ийн командлагч, бригад командлан захирагч М.Зайсановт даалгажээ. Энэ үүргээ биелүүлэхээр Баянтүмэний нэгдүгээр хороо, Сонгино дахь хоёрдугаар хорооноос дадлага туршлагатай нисгэгч, хянагч, техникчдыг сонгон авч, 10-аад экипаж бүрдүүлэн Бөхөг цагаан толгойн аэродромд 10 орчим хоног дадлага сургууль хийн Улаанбаатар хотоос нисч, ЗХУ-ын нисэх хороо байрлаж байсан Матадад ирж буусан байна.
Халх голын дайнд шөнийн нислэгээр оролцохоор Н.Зайсановын удирдлагаар нисгэгч хорооны дарга З.Бор, хянагч Д.Банзрагч, Б.Санж, техникч Л.Тогтохбуян, хянагч Л.Лувсандагва, сургагч М.П.Комендантов нарын 70 орчим хүн ирсэн аж. Шөнийн нислэгт 12 экипаж бэлтгэснээс гурван экипажийг нөөцөнд үлдээж, есөн экипаж байлдаанд оролцож, анхныхаа байлдааны шөнийн нислэгийг 1939 оны долдугаар сарын 24-нд хийжээ.
Шөнийн нислэгийн гол үүрэг нь дайсны ар талд буй бэлтгэл хүч, цэргийн цуваа, сум, галт хэрэгсэл болон бусад агуулах баазыг бөмбөгдөн буудаж, устгах үүрэгтэй байв. Манай онгоцууд Матадаас нар шингэхээс өмнө нисч фронтын шугамын ойролцоо Хамар давааны ард бэлтгэсэн буудалд үдшийн бүрийгээр ирж буугаад онгоц бүр 600 кг бөмбөг, 4000 сумаар зэвсэглэн, шөнөөр хөөрч хилийн цаана 60-70 км-т байгаа Халуун рашаан, Жинжийн сүм, Ламын сүм, Ганжуур сүм зэрэг газруудад байгаа дайсны цэргийн бүлэглэл, ар талын баазад цохилт өгч байв.
Дээрх есөн экипажийг М.Зайсанов, З.Бор, М.П.Комендантов нарын удирдлагаар гурван хэсэг болон нисч, дайсныг шөнөөр бөмбөгдөж байсан бөгөөд манай онгоцуудыг ирж буцахад нь Зөвлөлтийн сөнөөгч онгоцууд хамгаалдаг байжээ. Манай нисгэгчид 1939 оны есдүгээр cap хүртэл 150 удаа байлдааны нислэг, 10 удаа шөнийн бөмбөгдөлт хийж, дайсны ар талд 35000 гаруй кг бөмбөг хаяж, хүн хүч, зэвсэг техник, эд материалын багагүй хохирлыг дайсанд учруулан, 1939 оны есдүгээр сарын 16-нд Монгол, Зөвлөлтийн цэргийн ялалтаар Халх голын дайн дуусчээ.