Jump to content

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (Англи: Confederation of Mongolian Trade Unions) нь 1917 онд Монгол улсад анх байгуулагдсан гэж үздэг олон нийтийн байгууллага юм.

1921 оны Ардын хувьсгалын дараа үйл ажиллагаагаа өргөтгөж улс орныхоо иргэдийн ашиг сонирхолыг хамгаалахад МҮЭ-ийн байгууллага, гишүүд тодорхой хэвь нэмрээ оруулсан юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчинг шинээр бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Нийслэл хүрээн дэх оросуудын байгуулсан “нэгдсэн хороо” нэртэй үйлдвэрчний байгууллага нь Монгол улсад үйлдвэрчний байгууллага байгуулахад чухал нөлөө үзүүлсэн. Нэгдсэн хорооны үйл ажиллагаа өргөжиж 1923 онд “Олон ястны үйлдвэрчний эвлэл” нэртэй болж орос, монгол, хятад ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн. Зөвлөлтийн ажилчин албан хаагчид “Олон ястны үйлдвэрчний эвлэл"-ээс тусгаарласан тул 1925-1926 онуудад “Худалдаа, үйлдвэрийн  үйлдвэрчний эвлэл”, “Эмнэлэг, гэгээрлийн ажилтны үйлдвэрчний эвлэл”, “Албан хаагчдын үйлдвэрчний эвлэл”, “Тээх нэвтрүүлэхийн үйлдвэрчний эвлэл” тус тус байгуулагдаж байсан түүхтэй.

МАХН-ын Төв Хорооны дэргэд 1925 онд эвлэлүүдийг удирдах Төв үйлдвэрчний эвлэлийн байнгын комисс байгуулагдаж үйлдвэрчний эвлэл байгуулах ажлыг хийсэн. 1927 онд Монголын нийт ажилчин албан хаагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын 115 төлөөлөгч оролцсон МҮЭ-ийн анхдугаар их хурлыг хуралдуулж, ҮЭ-ийн дүрмийг баталж, анхны даргаар Ц.Дамбадорж сонгогджээ. МҮЭ-ийн зорилго нь “Засаг төрийг бэхжүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, үйлдвэрчин ардыг гэгээрүүлэн боловсруулах явдал” байжээ. Үйлдвэрчний эвлэлийн үүрүүд нэмэгдэн байгуулагдаж гишүүд нэмэгдэх тусам нийгмийн амьдралд ҮЭ-ийн оролцоо нэмэгдэж зарим талаар хэт их оролцох болсон. 1929 оноос Монголын ноёд, тайж нараас хөрөнгө хураах үйл ажиллагаанд оролцож 5.2 сая төгрөгийн хөрөнгө хурааж, 1.7 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг ядуу ардад тараан өгч байжээ. Монголын Үйлдвэрчний эвлэл тухайн үед салбар болон нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан.

1990 оны МҮЭ-ийн VI бүгд хурлаар үйдвэрчний эвлэлийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн. Мөн оны 6 дугаар сарын 6-нд МҮЭ-ийн ээлжит бус XIY их хурал эхэлж, үйдвэрчний эвлэлүүдийг чөлөөт холбооны хэлбэрээр зохион байгуулсан. Тус хурлаас "Үйлдвэрчний эвлэл нь аль нэг нам, төрийн байгууллагаас үл хамааран ажилладаг, гишүүдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалан, амьжиргааны үндсэн хэрэгцээг хангахуйц баталгаат цалин хөлстэй байх, ашиг сонирхлыг хамгаалах гол үүрэгтэй хөдөлмөрчдийн байгууллага" хэмээн тодорхойлжээ.

Өнөөдөр МҮЭ-ийн холбоо нь хөдөлмөр эрхэлж буй 200 гаруй мянган гингүүн, мэргэжил үйлдвэрлэлийн 14, аймаг, нийслэлийн 22 холбоотой хамгийн өргөн олон нийтийн, нийгмийн нөлөө бүхий хүчин болон хөгжиж байна.

МҮЭ-ийн хөдөлгөөн өөрийн түүхийн хоёр дахь зуунтай золголоо. МҮЭ-ийн хөдөлгөөний өнгөрсөн түүхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэж үзвэл Монгол улсын хөгжлийн янз бүрийн шатанд тухайлбал, хувьсгалын өмнөх зурвас үед ч, хувьсгалын дараах ардчилсан хөгжлийн үед ч нийгэм журмыг байгуулах, хөрөнгөтний бус хөгжлийн замаар хөгжих, социализмыг байгуулж дуусгах зорилтуудыг хэрэгжүүлсэн он жилүүдэд ч, 1980-аад оны сүүлээс эхэлсэн ардчилсан сэргэн мандлын үед ч ажлын арга хэлбэр, үр дүн нь өөр өөр өнгө төрхтэй, ҮЭ-ийн хамгаалах үндсэн үүрэг нь бүдгэрч бас тодрох явдал байсан ч улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө баялаг бүтээгч хөдөлмөрийн хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж, тэмцэж ирсэн түүх ажээ.

1990 оны цагаан морин жил Монголын нийгмийн амьдралын бүх хүрээг хамран өрнөсөн ардчилсан өөрчлөлт нь МҮЭ-ийг өөрийн жам ёсны үүргээ хэрэгжүүлэн зах зээл, ардчилал хөгжсөн улс орнуудын үйлдвэрчний хөдөлгөөний нийтлэг жишгээр хөгжих шинэ боломжийг бүрдүүлжээ.

Энэ үеэс МҮЭ-үүд өөрийн байгуулалт, хөгжлийн үзэл баримтлалаа шинээр авч үзэж Мөрийн хөтөлбөр, дүрмээ шинэчлэн гишүүд, хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон нийгэм эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүргээ нэн тэргүүнд тавин хэрэгжүүлэх болжээ.

2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ээлжит бус XXI Их хурлаа хийсэн.

МҮЭ-ийн холбооны ээлжит XXII Их хурлаар 2017 оны 11-р сарын 9-нд ҮЭ-ийн Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан батлав.

2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр МҮЭ-ийн холбооны XXIII Их хурал болж 4 жилийн ажлын тайлангаа ард иргэддээ тайлагнажээ.[1]

Тус хурлаар МҮЭ-ийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбатыг сонгож, 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн бодлогодоо нэмэлт өөрчлөлт оруулжээ.

МҮЭ-ийн Холбооны уриа: “МҮЭ-Таны  хөдөлмөрлөх эрх, хөгжлийн төлөө” юм.

МҮЭ -ийн Холбооны эрхэм зорилго нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхэд оршино гэж Дүрмэндээ заажээ.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төв хэвлэл нь - "Хөдөлмөр" сонин.

Цахим хаяг: https://web.archive.org/web/20220626090517/http://cmtu.mn/

  1. "STEMMA", Rhesus, DE GRUYTER, pp. xxiii–xxiii, 1993-12-31, Татаж авсан: 2024-07-19