Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороонд 2003, 2008, 2014, 2021 онуудад "А" статусаар магадлан итгэмжлэгдсэн, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Чуулганы бүрэн эрхт гишүүн юм. Хүний эрхийн Үндэсний Комисс 2015-2018 онд Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн байгууллагын Чуулганыг даргалж байсан бөгөөд 2022 оноос Комиссын дарга Ж.Хунан Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн байгууллагын Чуулганы дэд даргаар сонгогдон ажиллаж байна.
Бэлэгдэл
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын онцлох тэмдэг нь дээшээ доошоо гараа өргөөд зөрсөн хоёр хүний дүрсэн хэлхээ юм. Уг дүрслэлийн утга санаа нь "Эх дэлхийн хүн нь дээр доор, баян ядуу, эр эм, хүүхэд, өтгөс ялгалгүй хүний эдлэх ёстой эрхийг тэгш төгөлдөр эдэлнэ" гэсэн санааг илэрхийлдэг. Энэхүү онцлох тэмдгийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Цэвээндоржийн Ойдов Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас сэдэвлэн бүтээсэн байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Их Хурлаас 2000 оны 12-р сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, 2001 оны 2-р сарын 02-ны өдөр Комиссын анхны гишүүдийг томилсноор Парисын зарчимд нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллага Монгол Улсад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн.
- С.Цэрэндорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга (2001-2007)
- Г.Далайжамц, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн (2001-2007)
- Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн (2001-2013)
- Д.Солонго, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга (2007-2010)
- Ж.Бямбадорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга (2010-2020)
- П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн (2007-2020)
- Н.Ганбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн (2013-2020)
Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 1-р сарын 23-ны өдөр баталснаар Комиссын чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, дарга, гишүүний бүрэн эрх, зохион байгуулалт, хүний эрхийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шийдвэрлэх ажиллагаа болон хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулсан зэрэг томоохон өөрчлөлтийг хийсэн.
Үйл ажиллагааны зарчим
[засварлах | кодоор засварлах]Комисс нь үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хүртээмжтэй байх, шударга, ил тод байх, хараат бус, бие даасан байх зарчмыг баримталдаг.
Эрхэм зорилго
[засварлах | кодоор засварлах]Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг түгээх замаар хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрах, хөгжих нийгмийг цогцлоон бүтээхэд манлайлагч нь байна.
Комиссын дарга, гишүүд
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь дарга, таван гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс бүрдэх бөгөөд бие даан хараат бусаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.
Комиссын дарга, гишүүд:
- Дугарын Сүнжид, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор
- Сангишаравын Дондов, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн
- Хүрэлбаатарын Мөнхзул, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн
- Ганбатын Нарантуяа, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор
- Жаргалсайханы Хунан, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, (2022-2023 онд Комиссын дарга)
- Батзэвэгийн Энхболд, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор
- Ядамжавын Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Хууль зүйн ухааны доктор
Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, Монгол Улсын гучин таван насанд хүрсэн иргэн 6 жилийн хугацаатайгаар томилогддог. Комиссын гишүүний бүрэн эрх Улсын Их Хурлаас томилсноор эхэлж, дараагийн Комиссын гишүүнийг томилсноор дуусгавар болно. Комиссын гишүүнийг нэг удаа улируулан томилж болно. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, Комиссын гишүүнийг томилох эсэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэдэг.
Комиссын чиг үүрэг
[засварлах | кодоор засварлах]Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнд:
• Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх;
• Хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах;
• Хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх;
• Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;
• Хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх; Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах; Хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
• Шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
• Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааг хэрэгжүүлж, тайланг УИХ-д хүргүүлэх;
• Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар илтгэл боловсруулж, УИХ-д хүргүүлэх;
• Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа, гарсан зөрчил, мэдээллийн эзний эрхийн хэрэгжилтийн талаар илтгэл боловсруулж, УИХ-д хүргүүлэх;
• Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, илтгэл боловсруулж, УИХ-д хүргүүлэх;
• Төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих.
Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж
[засварлах | кодоор засварлах]Комиссын гишүүн нь байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлнэ. Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлнэ. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэнэ.
Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг огцруулах, албан тушаал бууруулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, биелүүлэх хүртэлх хугацаанд хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох, түр зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.
Гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчсөн талаар Монгол Улсын иргэн дангаар, эсхүл хамтарч, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний нэгэн адил гомдол, мэдээлэл гаргах эрхтэй.
Хүүхэд болон иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй, зарим, эсхүл бүрэн бус чадамжтай хүн өөрт хамаарах аливаа асуудлаар бие даан, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээрээ дамжуулан гомдол, мэдээлэл гаргаж болно.
Комисст гомдол, мэдээлэл гаргах хэлбэр, түүнд тавигдах шаардлага, хүлээн авч шийдвэрлэх хугацаа, Комиссын гишүүний гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлэхтэй холбоотой бүрэн эрхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 21-26 дугаар зүйлд тусгайлан заасан.
Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд батлагдсанаар Монгол Улс Ази тивдээ Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог бий болгосон анхны улс болсон. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах бие даасан, хараат бус, иргэний нийгэм, ялгаварлан гадуурхалтад өртсөн бүлгүүдтэй нягт уялдаатай ажиллах чиг үүрэг бүхий Хүний эрх хамгаалагчийн Хороо нь Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд ажиллаж байна. Хүний эрх хамгаалагчийн хороо нь 7 гишүүнтэй. Хорооны даргаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь ашгийн бус хуулийн этгээдээс нэр дэвшин, нээлттэй сонсголоор сонгогдсон 4 гишүүн, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчид, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчдөөс нэр дэвшигч сонгогдон ажиллаж байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2021 онд батлагдсан. Комисс нь хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл хариуцагчид зөвлөмж өгч ажиллахын зэрэгцээ дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах түүнийг ашиглахтай холбоотой харилцаанд хяналт тавьж, мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах болон ашиглах үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хүлээн авч шалгаж шийдвэрлэдэг. Хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой чиг үүргийг Комиссын нэг гишүүн тусгайлан хариуцаж хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Комиссын гишүүн хэрэгжүүлж, үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлдэг.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- “Бүх газар”-т аль ч цаг үед саадгүй нэвтрэх, хяналт шинжилгээ хийх;
- Хууль тогтоомж, төрийн байгууллагын шийдвэрийн төсөл эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал, зөвлөмж гаргах;
- Бүх газар, эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний талаарх бүх төрлийн мэдээллийг аль ч үед гаргуулан авах;
- Бүх газарт ажиллах явцдаа аюулгүй байдлаа хангуулах;
- Бүх газрын нөхцөл байдлыг техник хэрэгсэл ашиглан баримтжуулах;
- Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашгийн төлөө бус хуулийн этгээд болон бусад байгууллагатай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, олон нийтэд тогтмол мэдээлэх;
- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн даргыг томилох, чөлөөлөх;
- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;
- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам баталж мөрдүүлэх.
Тамгын газар
[засварлах | кодоор засварлах]Комиссын Тамгын газар нь Комиссын гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй бөгөөд Тамгын газрын албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчид юм. Орон нутагт Комиссын чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай. Тамгын газар нь Захиргаа удирдлагын хэлтэс, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс, Гомдол, мэдээлэл шалгах хэлтэс, Хүний эрхийн боловсрол, сурталчилгааны хэлтэс, Хүний эрх хамгаалагчийн хэлтэс, Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтэс, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны тасаг гэсэн бүтцээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Иргэний нийгмийн зөвлөл
[засварлах | кодоор засварлах]Комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Иргэний нийгмийн зөвлөл ажилладаг. Иргэний нийгмийн зөвлөл нь хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаачдаас бүрдсэн 19 гишүүнтэй. Зөвлөлийн даргаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн ажилладаг.
Албан ёсны цахим хуудас: https://nhrcm.gov.mn/