Монгол Улсын Хүүхэлдэйн театр
Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь 1948 оны 7-р сарын 17-нд маршал Х.Чойбалсангийн санаачлагаар тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 203 дугаар тогтоол гарч анх үүсэн байгуулагдсан байна. Сүүлд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1950 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 72/117 дугаар хурлын тогтоолоор “Урлагийн аргаар хүүхдийг өөрийн нам ба эх орондоо хязгааргүй үнэнч бөгөөд ард түмнийхээ ашиг тусын төлөө хэрэгт үнэнч шударгаар зүтгэх ба өндөр үзэл сурталч, соѐлч сэтгэлгээгээр хүмүүжүүлэхэд идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлэх” зорилго бүхий Хүүхдийн төв театрыг тус тус байгуулжээ.
Өнгөрсөн хугацаанд хүүхэд, багачуудад зориулан хүүхэлдэйн олон төрөл хэлбэрээр уран бүтээлээ туурвиж соёл, урлагийн боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэн ажиллаж буй хүүхэлдэйн урлагийн цорын ганц мэргэжлийн театр юм.
Тус театр нь байгуулагдсаныхаа эхний он жилүүдэд “хуруун” ба “таягт” хүүхэлдэйгээр голлон тоглож байсан бол өнөө үед хүүхэлдэйн олон төрөл хэлбэрийг хөгжүүлж “сүүдрийн”, “кварцын”, “багт” болон “утсан хүүхэлдэй”-н техникийг эзэмшиж, дэлхийн хүүхэлдэйн урлагийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн хөгжихийг эрмэлзэж байна.
Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчид уран бүтээлээрээ олон улсын хүүхэлдэйчдийн их наадмуудад амжилттай оролцож айлчлан тоглолтуудыг хийн, харилцаа холбоо тогтоон өргөжүүлж Монгол үндэсний соёл, зан заншил, өв уламжлал соёлоо сурталчилан, хөгжүүлсээр байгаа юм.
Тус театр нь одоогийн байдлаар нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 17 нь уран бүтээлчид юм. Үүнд: мэргэжлийн хүүхэлдэйн жүжигчин - 11, найруулагч - 1, гэрлийн инженер - 1, дууны инженер - 1, тайзны ажилтан - 1, хүүхэлдэй урлаач - 2, 1 зураачаас бүрдэн хүүхдийн тайзны уран бүтээлийг туурвин ажиллаж байна. Жүжигчдийн хувьд 2 - 32 жил ажиллаж байгаа бөгөөд СУИС, КУДС, Мюзик холл болон ОХУ-ын Санктпетербург хотын Урлагийн Академийг төгссөн.
2023 оны байдлаар нийт 140 гаруй уран бүтээл бүхий урын сантай театр болон хөгжсөн.
Тус театр нь захиргаа, маркетинг, уран бүтээл, үйлдвэр, тайзны албуудаас бүрэлдэх ба нийт 160 хүний суудал бүхий үзвэрийн танхимтай, үзэгчдийн танхимд пробил, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, “5.1 surround sound system”-ийг тус тус нэвтрүүлэн ажиллаж байна.