Jump to content

Монгол ардын үндэсний соёлын зам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол ардын үндэсний соёлын зам нь 1934 оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн “үндэсний оюутан, идэвх анхаарлыг татсан уран зохиол, уран сайхны олон нийтийн зурагт сэтгүүл” бөгөөд Монгол Улсын тусгаар тогтносон хувьсгалт төрийн бодлогод нийцүүлэн, өөрийн үндэсний соёлыг хөгжүүлэх” (58.250) зорилготой байжээ. Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь империализм, феодализмыг эсэргүүцсэн хувьсгалыг туйлд нь хүргэх, улс орны эдийн засгийг хөгжүүлэх, ард түмний аж байдлыг сайжруулах, соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд утга зохиол, урлагийн бүтээлээр үйлчлэхэд чиглэгдэж байсан бөгөөд 1934-1940 онд нийт 30-аад дугаар гарчээ. Манай орны утга зохиолын хөгжилтөд чухал үүрэг гүйцэтгэсэн энэ сэтгүүл “Улс төр”, “Уран зохиол”, “Урлаг”, “Шүүмжлэл” гэсэн тогтмол булан ажиллуулж, тухайн үеийн нийгэм-улс төрийн үйл явдлыг намын бодлогын үүднээс уран зохиолын элдэв хэлбэрээр дүрслэн харуулсан бүтээлүүдийг голлон нийтэлж байв. Д.Нацагдорж, Д.Цэвэгмид, Д.Наваан-Юндэн, С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Г.Сэр-Од, Н.Цэенжав зэрэг зохиолчдын бүтээлийн хамт М.Горькийн “Эх” роман, “Салхич шувууны дуун” зэрэг сонгодог зохиолуудыг орчуулан нийтэлж байжээ.

Сэтгүүлийн бүтэн дугаарыг заримдаа улс, нийгмийн чанартай томоохон үйл явдалд зориулж сэдэвчилсэн байдлаар гаргаж байсан нь тухайн үед нэн шинэлэг зүйл байв. Энэ сэтгүүл нь зураг чимэглэлийн хувьд нэлээд сайн гарч байсан бөгөөд гар, гэрэл зургийг тогтмол нийтэлдэг байв. Монголын хувьсгалт хэвлэлийн нийтлэл гучаад онд урьдаас баяжиж, бичлэгийн шинэ төрөл, зүйлүүд гарч, орчин үеэ чадварлаг тусгасан өгүүллэг, найруулал, тэмдэглэл, шог найруулал зэрэг зүйлүүд цоо шинээр үүсэн буй болж байсныг энэ сэтгүүлийн нийтлэлээс ажиглаж болно. Тус сэтгүүлд шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчид Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нарын хүмүүс ажиллаж байжээ. “М. а. ү. с. з.” сэтгүүл уран зохиолын судлал, шинжлэлд зориулсан тусгай булан ажиллуулж, шинээр гарсан бүтээлийн талаар санал бодлоо солилцох, зохиолыг хэрхэн сайн бичих, уран зохиол бүтээх арга замыг сүвэгчлэх тухай санал зөвлөгөө өгөх зорилгоор шүүмж гаргадаг байв. Мөн театрын урлаг, дуу хөгжмийн асуудалд ихээхэн анхаарал тавьж, энэ талаар олон материал нийтэлсэн байдаг. Сэтгүүлийн өөр нэг онцлог нь өөрийн захиалгын рекламыг дугаар бүртээ тогтмол нийтэлж байсан явдал юм. Энэ сэтгүүл 1930-1940-өөд оны үеийн урлаг, уран зохиолын сэтгүүлүүдийн дотор гол байр суурийг эзэлдэг томоохон хэвлэл байсан бөгөөд тухайн үед утга зохиол, урлагийн асуудлыг хамгийн өргөн хүрээтэй хамарч, Монголын болон гадаадын зохиолчдын шилдэг бүтээлүүдтэй олон түмний танилцуулж, хүн ардыг гэгээрүүлж боловсруулах, эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэх, театрын урлаг, утга зохиолын судалгаа, шүүмжлэлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулжээ. Мөн урлаг, уран зохиолын тусгай хэвлэл цаашид бүрэлдэн хөгжихөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж, сэтгүүл зүйн шинэ бичлэгийн төрлүүд төлөвшиж, улам баяжин хөгжихэд чухал үүрэг гүйцэтгэжээ.