Монгол ба Кам
Монгол ба Кам.jpg | |
Эрхлэн гаргасан | |
---|---|
Монсудар хэвлэлийн газар | |
Номын тухай мэдээлэл | |
Зохиогч | П.К.Козлов |
Эрхлэн гаргасан | 2011 |
Хэл | Монгол |
ISBN код | 978-99962-0-392-3 |
Ангилал | Монголын түүх |
Формат | хатуу хавтастай |
Цуврал | Монголоор бэдэрсэн гадныхан |
Худалдаалагдаж буй газар | Интерном номын их дэлгүүр |
Монгол ба Кам хэмээх энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газараас эрхлэн гаргаж буй Монголоор бэдэрсэн гадныхан цувралын нэгэн боть юм. Түүхэн үнэнийг танин мэдэх хамгийн баттай эх сурвалж бол алс нутагт хийсэн аялал, асар том нээлтүүдийг тодорхойлон бичсэн аян замын тэмдэглэлүүд байдаг. Алдарт аялагч, Төв Ази судлаач П.К.Козловын 1899-1901 онуудад Монгол ба Камаар хийсэн энэхүү аяллын тэмдэглэл нь газарзүйн шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмэр төдийгүй Төв Азийг танин мэдэх үйл хэрэгт өнөөг хүртэл ач холбогдлоо алдаагүй байсаар байна. Уг бүтээл нь дан ганц монголын тухай биш ч гэсэн XIX зууны төгсгөл XX зууны эхэн үеийн монголчуудын аж амьдрал, ахуй соёл, байгаль газарзүйн тухай сонирхол татахаар хангалттай их материал агуулсан бөгөөд тухайн түүхэн цаг үеийн талаар сонирхон уншигч хэн бүхний мэдлэгт томоохон хөрөнгө оруулалт болох болно. Энэ ном бичигдээд 100 гаруй жилийг үдсэн хэдий ч үнэ цэн нь огтхон ч буурсангүй. Харин ч цаг хугацаа улирах тусам түүх, угсаатны зүй, газарзүй зэрэг олон салбар шинжлэх ухааны үнэт эх хэрэглэгдэхүүн болсоор байна.
Агуулга
[засварлах | кодоор засварлах]АЛДАРТ АЯЛАГЧ, ТӨВ АЗИЙГ СУДЛААЧ ПЕТEР КУЗЬМИЧ КОЗЛОВЫН АМЬДРАЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
[засварлах | кодоор засварлах]Байгаль судлаач хүн байгальдаа хайртай байх ёстой нь ойлгомжтой. Гэвч жилээс жилд алс хол тэр тусмаа удаан хугацааны аян замд гардаг байхын тулд өдөр тутмын амьдралдаа дасаж дадсан олон зүйлээсээ ангижран холдож байгаль дэлхийг танин мэдэх аугаа үйл хэрэгт өөрийгөө тэр чигээр нь зориулах хэрэгтэй юм. П.К.Козлов өөрийнхөө бүхий л амьдрал, үйл ажиллагааг Төв Азийг судлах ажилтай салшгүй байдлаар авч үздэг байсан. Өөр бусад зорилгоор амьдарна гэдэг толгой тархинд нь үл багтах зүйл байсныг түүний аяллын тэмдэглэл, намтрын хуудас, өөрийнхөө талаар хэлсэн үг, илтгэн харуулдаг...
МОНГОЛ ОРНООР ТӨВДИЙН ХИЛ ХҮРТЭЛ
[засварлах | кодоор засварлах]Монгол Алтай хүрэх замд
[засварлах | кодоор засварлах]Мартаж үл болох миний багш Н.М.Пржевальский Төвдийн хамгийн зүүн захын нутаг болох Камын байгалийн байдлыг судлах ажлыг онцгой ач холбогдолтойд үзэж байсан билээ. Тэрээр Камыг тав дахь, харамсалтай нь хэрэгжиж чадаагүй аяллынхаа гол зорилго болгосон байлаа. Миний хувьд Камд хүрч хэсэг хугацааг тэнд өнгөрүүлсэн боловч Дунд Төвд рүү орж чадаагүй юм… 1898 оны эцсээр би энэ аяллынхаа тайлантай хамт Төв Ази, Төвд рүү хийх шинэ аяллынхаа төлөвлөгөөг Газарзүйн нийгэмлэгийн зөвлөлд танилцууллаа. Энэхүү аяллын маань зорилго нь Өмнөд буюу Монгол Алтай, түүнтэй залгаа орших Төв Говийг судлан шинжлэх, тэрчлэн Дорнод, Дунд Төвдийг шинжлэх судлах ажил байсан юм. Алтайн өртөө нь урд талаасаа Нарымын нуруу, хойд талаасаа үзэсгэлэнт Бухтармагаар хашигдсан задгай хөндийд орших ажээ. Хажуу хавийн уулсын бэл тэр аяараа хар мод, хуш, гацуур, жодоо холилдон ургасан битүү ойгоор хучигдсан байх агаад ой моддын зах бэлээр нуга хөндийн цэцэгт ургамлан хивс тэр аяараа үргэлжилж, янз бүрийн бут сөөг энд тэнд өрвийж сөрвийнө. Ан амьтдынх нь амьдрал байдал ч ихээхэн баялаг, Алтайн амьтны ертөнцийн ердийн өнгө төрх ялгаран тодорно. Нарны гэрэлд нүд гялбуулан цайвалзах дун цагаан цасаар хучигдсан өндөр оргилууд нүдний хараа өөрийн эрхгүй булаана. Алтай өртөөнд ирэнгүүтээ л бид цөм жингийн цуваагаа жигдэлж янзлах ажилд шамдан орлоо. Цаг хугацаа нүд ирмэхийн зуур урсан өнгөрч байв. Хоёр долоо хоног орчим өнгөрөөд байхад Ар Байгалийн аялагчид маань шуудангийн гурвалсан морь тэргээр давхиж ирлээ. Ингэснээр надаас гадна 18 хүнтэй аяллын баг бүрдсэн юм. Анхны аян маань ердийнхөөрөө богинохон үргэлжилж 7 бээр газар явсны эцэст бид мөнөөх Нарымийн нурууны бэлд буудаллав. Нарымийн нуруу нь Бухтарма голын эхэн хавиар Их Алтайтай зэрэгцэн оршино. Энэ гол нэг бол алс холоос мөнгөлөг өнгөт могой адил мушгиралдан тахиралдаж харагдаж нэг бол гүнзгий харанхуй хавцал руу шурган алга болох ажээ.
Монгол Алтай
[засварлах | кодоор засварлах]Монгол Алтай нь баруун хойноос зүүн урагшаа 2000 бээр үргэлжилсэн их нуруу юм. Өөрөөр хэлбэл Орос-Хятадын хилээс алдарт Шар мөрөн хойшоо тохойрон эргэсэн тэр газарт хүрдэг. Ховд хотын босоо тэнхлэгийг дайрсан шугам нь Алтайн нурууг адил тэнцүү бус хоёр хэсэг болгон хуваасан байдаг. Баруун талынх нь богинохон үргэлжилсэн, өргөн салбарласан, наранд гялалзсан цаст оргилууд, уудам бэлчээр нутаг, усалгаа сайтай, хойд талд нь Ховд, урд талд нь Өрөнгө, Хар Эрчис гэсэн савуудтай хэсэг, зүүн талынх нь уртаараа гурав дахин их, зөвхөн зарим газартаа л өмнөх үргэлжлэлтэйгээ холбогдсон салбар уулстай, Баатар хайрхан, Мөнх цаст Богд, тэрчлэн Их Богд, Бага Богдыг багтаасан мөнх цаст шугам болно. Хил залгаа орших цөлийн хэт хуурай байдлаас хамааралтай байдаг Алтайн энэ говийн хэсэг ус чийгээр муу агаад нүүдэлчдэд чөлөөт байдал их олгодоггүй байна. Умард нутгийг бага зэрэг сэргээж байдаг цувраа нууруудыг зөвхөн Хангайн нуруу л тэтгэж байдаг агаад эдгээр ширгэж байгаа цөөрөм нь зөвхөн холоос харахад л хуурамч хужир мараа нь гялалзан цайвалзана. Энэ хөндийнүүдийн хамгийн нам дор газрууд нь хажуу хавийнхаа хамгийн өндөр оргилуудтай олонтоо давхцана.
Монгол Алтай (үргэлжлэл)
[засварлах | кодоор засварлах]Бигэр нуурын сонирхолтой хөндийтэй танилцаж дууссан манай аяллынхан дахин гол нурууны уулсыг зүглэж, Их Богдын баруун тийшээх шууд үргэлжлэл болох дунд зэргийн уулсаар хойд талаасаа хашигдсан нарийхан гүнзгий хөндийг даган урагшилсаар Алтайн нурууны зүүн захад орших, монголчуудын Гичгэний уул хэмээдэг газарт нэг мэдэхэд дөхсөн байлаа. Уул нуруу ойрхон, бас өндөрт гарсан учир дахиад л хүйтэн сэрүүн болов. Бигэр нуурын хөндийд яг л дурсгалт Шаргын цагаан нуурын хөндийд байсан шиг дулаан байсан билээ. Хаа хаана нь нар яг зун шиг төөнөж байсан бөгөөд өндөрлөг дээр суучихаад чанга дуугаар жиргэн байсан болжморыг бид сонирхож байсан юм даг. Тодорхой цагт хажуугийн ууланд хад чулууг сүйтгэн хөнөөгч салхи, эсвэл бүр шуурга улин исгэрэх нь олонтоо сонстоно. Бигэр нуурын хөндийн өвс ногоонд хучигдсан ёроолын хайрга чулуу уулын хормой хүртэл нэлэнхүйдээ үргэлжилнэ. Бидний замд тааралдсан Ар Сүүжийн булгийн ойролцоох уул мелафираас (галт уулын чулуулаг) тогтсон бөгөөд маш их эвдэрч элэгдэн доод хормойгоороо хүнхэр, хонгил агуй мэтийг үүсгэн, дээд оройгоороо хурц ирмэг хяр гаргасан байх ажээ.
Төв говь
[засварлах | кодоор засварлах]Манай аяллын гол цувааны зам болох Бор хацавчаас эхлэн газар нь хамгийн нам дор, тэгш болж адуунд биш, гагцхүү элсэн цөлийн хөлөгт л таарсан бут сөөг ургамлаас өөр юмгүй Хөх бүрдийн нуур хүртэлх 350 бээр (375 км) хэмжээний гол цөм нь болсон газартаа их говь онгон зэрлэг, ус ундгүй, үржил шимгүй байдлаараа бидний гайхшийг төрүүлж байлаа. Адуу энд огт байдаггүй ажээ. Эндхийн айлын тэмээ манай цуваатай тааралдаад адуунаас ихэд айж үргэж байсан явдал үүний жинтэй нотолгоо юм. Манай морьд ар араасаа үхэж байсан нь аргагүй бөгөөд харин тэмээд маань огт тоохгүй явж байлаа. Говийн энэ хэсгийн амьтны ертөнц дээд зэргийн хомс тарчиг ажээ. Хэдэн долоо хоног явахад бүр хар сүүлт хүртэл огт тааралдаагүй бөгөөд үнэг, туулай жижиг мэрэгчид л байнга тааралдаж байсан юм даг. Жигүүртнээс загийн хулан жороо, болжмор харагдахаас гадна хааяа хааяа ногтруу олноороо сүрэглэн яваа нь мөнгөн усыг хүртэл хөлдөөх хэмжээнд хүрч байгаа хүйтэн салхи, жавраас дайжин зүүн өмнө зүг рүү урагшилж яваа бололтой. Бидний идэш хоолны хаягдлыг горьдсон хос хон хэрээ маш удаан хугацаанд манай хөсгийг мөшгин дагалаа. Хөх бүрдэд хүрч, Бадан-чжарэнгийн элсэн далайг гаталсан цагтаа л анчин хүн ачаа хөсөгтөө нэг их санаа зовохгүй байж болдог ажээ. Эндээс урагшлах тутам нөхцөл байдал сайжирдаг юмсанж.
Чортэнтан хийдээс Дорнод Цайдам хүртэл
[засварлах | кодоор засварлах]Гуравдугаар сарын эхээр бид цаашдын замдаа гарахаар бэлтгэж эхлээд тавны өглөө эртлэн хөдлөв. Эрхэм лам хуврагууд нэлээд бүдүүн бараг хийцтэй хоёр гуулин, нэг зурмал алтадмал бурхнаар биднийг адислан аян замд үдэж өглөө. Чортэнтан дахь манай хуарангаас арай хойгуур байх Умард Тэтунгийн нуруунд харьяалагдах Ртак-цан уулыг бараг бүтэн тойрох хэрэгтэй байв. Тунгалаг ус, шуугиант Тэтунгийг гармаар нь гатлан гарч эхлээд Мэтор хавцлаар, дараа нь энэ хавцалд баруун талаас нь ирж нийлсэн нэргүй хавцлыг даган явсаар нэг их удалгүй Арцат хэмээх уулын далайн түвшнээс дээш 2500 фут (760 метр) үнэмлэхүй өндөртэй Шуг-лам даваан дээр гарлаа. Шуг-ламын өмнө бэлийн онгон зэрлэг, эмх замбараагүй байдал нүднээ тусав. Өндөр өндөр оргил, эгц доошоо буусан хэц бэл, арсайн харлах ангал хавцал гээд энэ бүхэн цөм нийлж сүр жавхаа төгс нэгэн бүхэл болон өвөрмөц сэтгэгдэл төрүүлнэ. Нэг нарийсаж, нэг өргөссөн харгуй зам нэг бол уулын хяр дагасан ганган эмжээр мэт, нэг бол хөндийн ёроол даган мурилзах могой мэт харагдах ажээ. Хөлийн минь дор, давааны хоёр талаар мал амьтны жаргалын орон байхуйц элбэг арвин өвс ургамалтай нүд булаам бэл нуга үргэлжлэн нэлийнэ.
Цайдам
[засварлах | кодоор засварлах]“Цайдам” гэдэг бол монгол үг бус, харин хужир мараа ихтэй намаг, нуга хөндий, тал хоолойг тэмдэглэн монгол хэлэнд орж ирсэн төвд үг юм. “Ца” буюу давс, “дам” буюу шавар шавхай, намаг гэсэн утга бүхий хоёр төвд үгнээс үүсжээ. Цайдам гэдэг энэ үгийн тухайлсан утга нь НаньШаний нэгдүгээр зэргийн уулс, умард зүг дэх тэдгээрийн үргэлжлэл, өмнө зүг дэх Төвдийн хамгийн захын Куэнь-луний нуруу хоёрын хоорондох өргөн хөндийн нэр болой. Эдгээр уулын зүүн зангилаанаас баруун талын нь бөөгнөрсөн салбар хүртэл уртаашаа 800 бээр (850км) үргэлжилсэн Цайдам нь үнэмлэхүй хэмжээгээрээ1 том ч, өргөнөөрөө 150 орчим бээр (160 орчим км) атлаа баруун, зүүн зах руугаа ойртох тусмаа аажмаар нарийссан хонхор газар юм. Геологийн эриний хувьд харьцангуй саяхныг хүртэл тэнгисийн ёроол байсан байх магадлалтай энэхүү битүү орон зай нь бие биеэсээ нэлээд ялгаатай хоёр хэсгээс тогтжээ.
Цайдамын монголчууд
[засварлах | кодоор засварлах]Цайдамын оршин суугчид гадаад төрх маягийнхаа хувьд нүүр царайны эрээн мяраан холимог ажээ. Барун, Цзун хошуудын монголчууд нь энэхүү өргөн уудам нутгийн зүүн хойд хэсэгт нүүдэллэн амьдардаг төвдүүдээс бараг ялгардаггүй бол Тайчжинэр хошууны монголчууд түргүүдэрхүү харагдах нь олонтоо. Зөвхөн Курлыкийн оршин суугчид л цэвэр цусны монголчуудтай арай төстэй байх ажээ. Монголчууд бас л харилцан адилгүй хувцаслах ба энэхүү зааг ялгаа нь хувцас хунарын өөр өөр хийц маяг гэхээс илүүтэй өмсөж зүүх, бүсэлж янзлах байдлаас хамаардаг. Тухайн нэг монгол тухайн тодорхой цаг үед тангад хүнтэй ч, монгол хүнтэй ч адилхан харагдах нь бий. Төвдийн өндөрлөгөөр явж байхдаа тэрээр төвд хүний дүр төрхтэй болдог бол хятадын Донгэр юм уу, Синин хот руу, эсвэл Тайчжинэрийн хошуу, Курлыкийн хошуу руу явж байхдаа монгол хүн шигээ л харагдана.
КАМААР ХИЙСЭН АЯЛАЛ БА БУЦАЖ ИРСЭН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ
[засварлах | кодоор засварлах]Дорнод Төвд ба тэнд амьдрагсад
[засварлах | кодоор засварлах]Нэн өвөрмөц хийгээд онгон зэрлэг байгаль нь огт танигдаж мэдэгдээгүй, үүнээс ч илүү гол гол төв, сүм хийдүүд нь хаалттай байдгаараа европын аялагчдын анхаарлыг татдаг өндөр газрын тансаг нутаг болох төвд орон, түүний дорно хэсэг умар зүгээс нь орж далайн түвшнээс дээш ихэд өндөрт өргөгдсөн, хуурай, хүйтэн зах нутгаар нь дайран дээд Меконгийн нэлээд гүн, дулаахан хөндий, хад чулуут хавцал ангалуудад хүрснээр манай аяллынхны хүчин хүрэлцэх судалгаа шинжилгээний бай болсон билээ. Инд, Брамапутра, Меконч, Хөх, Шар мөрнүүдийн эх өлгий оршдог Төвдийн өндөрлөг асар уудам газрыг эзэлнэ. Энэтхэгийн далайн баруун өмнө зүгийн муссон салхины нөлөөнд барагцаалбал дунд хэсгээрээ Брамапутрагийн сархиагаас Хөх нуур хүртэлх чиглэлээр автдаг энэ газар зундаа агаар мандлын хэлбэлзэл ихтэй аж. Цаашаа, баруун тийшлэх тутам энэ өндөрлөг улам өндөрсөж, улам тэгширч, цаг уурын хуурайшил эрс нэмэгдэж, өндөр талбарын өвсөрхөг бүрхүүл нь М.В.Певцовын “үхмэл газар” гэж онож нэрлэсэн хайрга чулуурхаг говь цөлөөр солигдоно.
Зүүн хойд Төвдөөр хийсэн аялал
[засварлах | кодоор засварлах]Манай аяллынхан Цайдамд ирснээр үйл ажиллагааны эхний шатыг дууссанд тооцож болно. Бид голдуу номхон хүлцэнгүй, цайлган цагаан сэтгэлтэй монголчуудын дунд бүтэн жилийг өнгөрүүлж, улс орныг нь судлан, ахуй амьдралтай нь танилцаж, тэмээн хөсгийг нь ашигласан бөгөөд ялангуяа туршлагатай ахлагчийн удирдлагын дор тэдгээрийг маллаж арчлах ажилд орос хүмүүс аяллын явцад түргэн суралцаж байсан билээ. Амралт зогсоолын үед ачаа тэмээгээ арчилж маллахдаа заавал удирдлага болговол зохих тийм ч хэцүү биш зарим зүйлийг ерөнхийд нь дурдвал маш зөв эвтэйхэн хомнон тэнгээ ачиж тэгнэх, тэмээг хэт хүчилж зовоохгүй байх, цаг тухай бүрд нь бэлчээрт гаргах, усалж ундаалах, шөнө хэвтүүлж амраах хуурай тэгшхэн зөөлөн талбай олж бэлтгэх, эцэж цуцсан юм уу доголсных нь ачаа тээшийг хөнгөлөх, хоёр хажуу, хавирга сүвээ, нуруунд нь яр шарх, холгоо гаргахгүй байх, тавхайг идүүлж цоолохгүйн тулд нойтон илэг уланд нь тавьж тусгай “тэмээний зүү” - ээр бэхлэх, зуны халуун цагт хамраас нь ялаа, өтчийн авгалдай мэтийг тухай бүрд нь ухаж гарган хамрыг нь онгойлгодог байх зэрэг болно.
Меконг мөрний сав газраар
[засварлах | кодоор засварлах]Аяллынхан Чжэрку сууринд байсан цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. Наймдугаар сарын 21-нд бид манай аяллынхныг газарчнаар хангасан Сининий төлөөлөгчдийг орхин хөдөллөө. Амарч хүч сэлбэсэн ачааны мал маань голдрилоосоо хальсан гол усны салаануудыг амархан амархан гаталсаар Ба-чю голын зүүн эрэгт гарч үд дундын нарыг чиглэн алхлав. Хөсөг маань муруйж тахиралдсан хавцал руу орж, саяхан орхисон суурингийнхаа оршин суугчдын нүднээс далд орлоо. Гнейст шохойн чулуугаар холбогдож нэлээд дээр өргөгдсөн эрэг дээр Тангад гомбын хийд хүрэх модон гүүр тавьсан байх ажээ. Гүүрний цаана арвайн талбай байхгүй болж оронд нь арвин баялаг өвс бэлчээр цэлийнэ. Амьтны ертөнцийн хувьд харьцангуй ядмаг, араатан амьтдаас зөвхөн хүдэр (Moschus moschiferus) л бут сөөг дунд харагдана. Ил задгай газарт нь чанга чанга хошгирох тарвага (Marmota), туулай, хадны огдой, бас бус жижиг мэрэгчид байдаг юмсанж.
Лхадо тойрог, аялагчдын өвөлжилт
[засварлах | кодоор засварлах]Лхадогийн харьцангуй жижиг тойрог үндэслэгч Эрх тайжийн үеэс л Рэчю, Гэ - чю хоёр голын хооронд орших бүс нутгаар, энэ хоёр голын эх авсан газраас Меконгийн зүүн талаас очиж цутгах хүртэлх орон зайгаар хатуу хязгаарлагдсаар иржээ. Тэнд бидний сонссон хууч яриагаар бол одоогийн Лхадо оршиж буй энэ газарт Лхаст Соронзонгомбо хэмээх монгол1 хаанчилж байсан тэр үед Шарай голын монголчууд болон хар монголчууд, өөрөөр хэлбэл шар, хар монголчууд амьдарч байжээ. Шарай голынхноос гаралтай Эрх тайж тэр үед тэднийг захирч байсан аж. Эдүгээ энэ тойрог Лхадог гэдэг нэрээр бүх төвдүүдийн дунд алдаршжээ. Лхадогчууд өөрсдөө ч ингэж нэрлэдэг байна. Жинхэнэ зөвөөрөө бол Лха-дог (Лха нь бурхан, дог буюу тог нь дээд тал гэсэн үг) юм.
Өвөлжөөнөөс Банажун суурин хүртэл
[засварлах | кодоор засварлах]Манай аяллынхан Лун-ток-ндо сууринд байсан сүүлийн долоо хоног ачаа хөсгөө эмхэлж цэгцлэн, аян жингийн байдалд оруулах, багаж хэрэгслээ төрөлжүүлж ялгах, цуглуулгаа ангилж боох, хоол хүнсний нөөцөө базаах, ачлага уналгын малаа эмчлэх зэрэг бөөн ажил дунд өнгөрөв. Малын маань тоо 65 (45 хайнаг 20 адуу) хүрч, нэлээд хэмжээний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулагдлаа. Танил болсон төвдүүд маань лунтокндочуудын орон байрын хаяанд ирж буугаад байсан хуаранд маань ирж тэднийхний “талх-давс” болсон ердийн хүнсний зүйлүүд бэлэглэн аян замыг маань ерөөж байлаа. Энэ лхадогчууд биднийг өвөлжөөнөөсөө хөдлөхийн өмнөхөн бидэнд зориулж найрал дууны тоглолт зохион байгуулсан билээ. Эрэгтэй, эмэгтэйчүүд, эрийн цээнд хүрч яваа идэр залуучууд тус бүр 12 хүнтэй хоёр бүлэг болон хуваагдаад дууны аялгууны хэмнэлээр хөлөө нэгэн жигд товшин хоёр тийшээ ээлжлэн хөдөлж байв. Хоёр талд нь арай туршлагатай эр, эм бүжигчид нь байрлаж, бүжгийн явцыг ерөнхийд нь удирдана. Арай хурдан, хөнгөн хэмнэлтэй аялгуу явахад бүжиглэгчид аль нэг тийшээ хэд хэд алхах бол аялгуу удаашрахад баруун зүүн хөлөө нэлээд дээр өргөж дороо бүжиглэнэ.
Дээд Ялун-цзяний сав газарт
[засварлах | кодоор засварлах]Хойд талаас нь тулж ирсэн жижиг ам дахь арцат ойн ширэнгэнд Буддын шашны нэгэн даяанч лам суудаг бол эсрэг талд нь байх том задгай амд манай аяллынхны асар майхнууд цайран харагдах боллоо. Сэр-чю голын дагуу болон хоёр талаас орж ирэх амуудын зарим газарт чулуун хана хашлага босгож, зарим газар нь өргөст бут шигүү ургасан суваг шуудуугаар хүрээлэгдсэн хагалгааны талбайнууд харагдана. Эдгээр ам буюу жалга, хөндийн ёроолоор бургас, улиангар суулгасан байгаагийн дунд аль хэдийн хатаж эхэлчхээд байгаа ч ариун дагшин гэж төвдүүдийн үздэг хэдэн зуун жилийн настай ганц том мод сүндэрлэх ажээ. Хорь орчим тооны, шавардаж бэхэлсэн голын хайрга чулуун байшин хоёр урт нарийхан гудамж болон бөөгнөрсөн байгаагаас гадна амны хоёр хажуу бэлийн эрэг ганганд 2-3 байшин байна. Эндхийн барилга байшингуудын ерөнхий төрх байдал нь дээр дурдсантай төстэй.
Дза-чю-кава
[засварлах | кодоор засварлах]Дза-чю-кавагийн тухай ярихын тулд урьд цагт өнөөгийнхөөсөө илүү чухал үүрэг гүйцэтгэж байсан Дэргийг ч бас хөндөх шаардлагатай юм. Өнгөрсөн үед энэ тойрог зүүн өмнө талаараа Литан, Батан, Чамдо тойргуудтай хил залгаж, нөгөө талдаа яг одоогийнх шиг Ялунцзян мөрөн эх авдаг өндөрлөгийг хамгийн хатуу ширүүн, зочломтгой бус хэсэг рүү түрж орсон асар том бүс нутгийг эзэлдэг байсан байх магадлал үлэмж өндөр юм. Цаг хугацааны явцад Дэргийн нутаг дэвсгэр дээр Лхадо, Лин-гузэ, Дунза, Таяк, Ньярун тойргууд бие даасан байдлаа аль нэгэн замаар олж авсан бөгөөд үүний нэгэн адил ойрын ирээдүйд Дза-чю-кава тойрог бие бүрэн даан тусгаарлагдах буй заа. Ямар ч гэсэн дзачюкавачууд өөрсдөө ийм бодолтой явдаг юм билээ. Энэхүү сонирхолтой нутаг оронд оршин суугчдын дунд ердөө л эв нэгдэл, авхаалж дутагдаж байдаг ажээ. Тус нутаг дзачюкавачуудын бүх хошууг нэгтгэх этгээд гарч ирэхийг хүлээж байгаа юм. Энэхүү нөхцөл байдалд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Дзачю-кавагийн зөвхөн нүүдэлчин оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээний эд зүйлээр арилжих арилжааны зах зээл болдог Дэргэ-Гончен үлэмж хэмжээгээр саад болдог байна.
Цайдам руу ирсэн нь
[засварлах | кодоор засварлах]Манай аяллынхан одоо төвд нүүдэлчдийн сүүлчийн отгийг нэгэнт орхин явж байгаа болохоор зөвхөн Цайдамд хүрч байж л дараачийн орон нутгийнхантай тааралдана гэж тооцоолох нь хамгийн зөв байлаа. Учир нь цаг уур дэндүү хатуу ширүүн, нголок дээрэмчид байнга хөлхөлдөх учир энэхүү өндөр уулын бүс нутагт 500 орчим бээрийн зайд хэн ч суудаггүй болой. Яг одоогийн байдлаар бидний хувьд хамгийн таагүй зүйл нь бороо, цас, цасан туйлаадсаар илэрч байгаа Төвдийн тэнгэрийн муухай ааш байлаа. Ерөнхийд нь аваад үзвэл, хаврын сүүлч үеийн тухайд дэндүү доогуур гэмээр болж агаарын хэм буурсан нь тун ч хүсүүштэй бус зүйл байлаа. Яагаад гэвэл байгаль-түүхийн цуглуулга хийх, аян замын зураг авах, хөсөг цуваагаа хөдөлгөх, хоол хүнсээ чанаж болгох болон бусад зүйлд бэрхшээл учруулж байв. Төвдийн өндөрлөгийн энэ хэсэгт зэрлэг сүүн тэжээлтнүүд, тухайлбал баавгай, чоно, шилүүс, үнэг, хярс, тарвага, туулай, огдой, мөн жигүүртэн шувуудаас тас, бүргэд, сар, шонхор, хэрээ, Төвдийн хар духт болон том биет залаат болжмор, ээрүүл шувуу, монгол зуйка, бас бус цөөн төрөл зүйл байдаг ажээ.
Дорнод Нань-Шаниар аялсан нь
[засварлах | кодоор засварлах]Манай аяллынхан умар зүгээс Цайдамд ирснээр үйл ажиллагааны анхны үе шатыг дуусгавар болсонд тооцсон бол энэ газарт өмнө зүгээс нь буцаж ирснээр хоёр дахь аяллын үндсэн гол зорилт болсон хамгийн чухал шат дуусгавар болов. Одоо гурав дахь, хамгийн сүүлийн шат буюу төрөлх нутаг хязгаараа зорих үе бидний өмнө байлаа. 1901 оны наймдугаар сарын 2-ны өдөр дорно зүгт үүр дөнгөж хаяармагц манай хөсөг Цайдамын уудам хөндийг гатлахаар хойд, зүүн хойд зүгийг барин хөдлөв. Бид Хар-Усны гол хүрээд хуарагнан буув. Үд дундын нэг цагт агаарын хэм сүүдэр газартаа 27,20С хүрч, зарим газарт дов гүвээ болон тогтсон элсний гадаргуу 680С-ээс дээш гарч халлаа. Цайдамын хөндий тэр чигээрээ нүдэнд харагдахтай үгүйтэй саарал тоосон хөшгөөр алгуурхан бүрхэгдсэн нь халууны нөлөөг улам даамжруулж байв. Өдрийн тав зургаан цаг болж байж л арай таатай нөхцөл бий болж, ихэвчлэн дараа өдрийн өглөө хүртэл хэвээр үргэлжлэх ажээ. Цайдамын усалгаатай хэсэг тэр аяараа нов ногоон хавтгай, эсвэл өндөр нам,өтгөн шингэн бут сөөг, эсвэл өвс ногоо үргэлжлэн харагдана.
Ала-ша буюу Өмнөд Монгол
[засварлах | кодоор засварлах]Их говийн өмнөд хэсэг нь нуранги элсээр, харин дунд болон умард хэсэг нь өч төчнөөн салангид, тусгаарлагдмал дов гүвээ, өндөрлөг, уулсын хяраар дүүрсэн байдаг. Их говийн дунд хэсэг, урд тал нь орших Алашагийн элс, умард талд нь байх говь буюу Монгол Алтай хоёрын завсар нутаг онгон зэлүүд, ус ундгүй, бас үржил шимгүй байдлаараа гайхаш төрүүлнэ. Говийн хамгийн бага үнэмлэхүй өндөрлөг нь 2500 фут (750 метр) орчим Гойцзогин хотгорын зүүн үзүүр, хамгийн их үнэмлэхүй өндөрлөг нь 7250 фут (2215 метр) орчим өндөртэй Алтайн нурууны нэг салбар болох Гурван сайхан болно. 1901 есдүгээр сарын 19-нд бид Куань-го-чен хотыг орхин их хүрдний замаар 2 өдөр аялсны эцэст жинхэнэ цөл говийн эхлэл цэг болох Байтунь- цзы хэмээх тэмээн сүргээр баян сууринд ирлээ. Бидний явж өнгөрсөн замын дунд хэрд орон нутгийн хятадуудын Мачан-шань хэмээдэг Дажиний уулсын зүүн үзүүр оршино. Мачан-шань уул нь маш зузаан химэрлэгээр хучигдсан, зарим газарт нь жижиг ширхэгтэй янз бүрийн элсэнцэрүүд ил гарсан байдаг. Мачан-шань нуруу нь говийн хуурай агаарын нөлөөнд орших учир бараан саарал өнгөтэй, зэлүүд хоосон харагдах ба ялангуяа ус чийггүй зах үзүүр газрууд нь нэн гунигтай сэтгэгдэл төрүүлнэ.
Дунд болон Умард Монгол
[засварлах | кодоор засварлах]Дунд болон Умард Монголын ерөнхий шинж байдал гэвэл говь цөлийн уулархаг газар орноос эрэмбэ дараатайгаар хойшлох тутмаа өвс ургамалт уулархаг газар орон болон хувирсан байх агаад хөндий хоолойнууд нь хэчнээн өргөн уудам ч гэсэн аян замын хүний хувьд аль нэгэн өндөрлөг, ямар нэгэн сэрвэн, уул нуруугаар чиг баримжаа авчхаж болно. Ийм зүйл Оростой хил залган орших Умард Монгол шиг уулархаг газар оронд төдийгүй, говь цөл даяар хаа сайгүй байдаг болой. Аравдугаар сарын 11-нд бидний орхин хөдөлсөн тэрхүү Хар сухай худгаас хойш 3 хоногийн дараа бид баруун хойд зүгт 90 бээр орчим ахисан байлаа. Энэ замын маань өмнөд хагас нь Шарцзан шил, Эльцзэ сайхан зэрэг хөндлөн байрлалтай, элс хайрга бүхий хуурай голдрилууд эх авсан гаднах эсрэг талууд руугаа нэн хэц буусан аварга том уулсын мужид байсан билээ. Өмнөдийн болон хойд талын уулс бүрэлдэн тогтсон үндсэн чулуулаг нь боржин бөгөөд эхний тохиолдолд бараан дуу ягаан, эвэрлэг маягтай, дунд болон том ширхэгтэйгээс гадна хоёр хажуу болон ёроолоороо мод, ягаан боржингийн хайргатай, ихээхэн бохир хар гялтгануурт боржин болон хүрэн ягаан өнгийн шаварлаг элсэнцрийн хольцтой байх ажээ. Шарцзан шилийн уулын боржин нь порфирит, порфир, жижиг болон том ширхэгт ягаан өнгийн асмалжин, цайвар саарал өөхөн чулуу, ягаан саарал өнгийн том ширхэгтэй, хар гялтгануурт, эвэрлэг шинжтэйгээс гадна ягаавтар өнгийн жижиг ширхэгт асмалжингийн судлуудтай байв.
ТЭМДЭГЛЭЛТ САР ӨДРҮҮД
[засварлах | кодоор засварлах]П.К.Козловт хүртээсэн шагналууд
- Төв Азийн Байгалийг судлахад хөдөлмөр зүтгэл гаргасны төлөө Оросын Газарзүйн нийгэмлэгийн Н.М.Пржевальскийн мөнгөн медаль. (1891 он)
- Төвдийн аяллын (1899-1901) төлөө Оросын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал Константиновын медаль. (1902 он)
- Английн Газарзүйн нийгэмлэгийг үндэслэн байгуулагчийн медаль. (1911 оны 5-р сарын 22)
- Италийн Газарзүйн нийгэмлэгийн том алтан медаль. (1911 оны 2-р сарын 19)
- Францын Шинжлэх ухааны академийн Чихачевийн шагнал. (1913 оны 11-р сарын 19) гэх мэт олон чухал он дарааллыг багтаасан.
Номын зохиогчийн тухай
[засварлах | кодоор засварлах]Уг номын зохиогчийн тухай мэдээллийг та П.К.Козлов үзнэ үү.