Jump to content

Монгол зураг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол зураг гэдэг нь эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн, далд гүн агуулгыг илэрхийлдэг дүрслэх урлагийн шинэ төрөл мөн билээ.

Монгол зургийн гайхамшиг

[засварлах | кодоор засварлах]

Монгол зургийн гайхамшиг юунд оршдог вэ?

Монгол улсад дүрслэх урлагийн академи байсан бол "Монгол зураг"-ийг ирээдүйгүй зүйл гэж хэн ч хэлж зүрхлэхгүйсэн. Яагаад гэдгийг нь монгол зургийн мөн чанарыг бүрэн "уншаад" ирэхээрээ ойлгоно. Жишээ нь монгол зурагтай холбоотой сүүлийн нэг жилд гарсан мэдээллүүдийг сөхөөд үзээрэй. Зөвхөн манай Бюро 24/7-с харахад л "Монгол үүлэн хээ дэлхийн зарим дизайнерыг урамшуулж байгаа" гэдгийг хамгийн түрүүнд олж мэднэ. Мари Катранзу тэргүүтэй алдартай дизайнерууд өнгөрсөн намар, өвлийн загварууддаа бидний нэг их тоогоогүй урлагийн элементээр онцгойрч чадсан байна.

Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамгийн том контемпорари триенналд монгол зургийн дөрвөн уран бүтээлч оролцож, дэлхийн орчин үеийн урлаг одоо монгол зургийг нэлээн сонирхож байгаа гэдгийн нэг илрэл болсон. Мөн монгол зураг граффити маягаар гадаа ил гарч, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ханыг чимэглэсэн байна.

Монгол улсынхаа нэрээр овоглосон урлагийн энэ төрлийг В.И.Суриков, И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академи төгссөн мэргэжлийн зураачид яагаад "Ердөө л шувууны өндрөөс харсан, болхи, примитив зураг" гэж гоочлох болсон юм бол?

Үнэндээ "Монгол зураг" гэх нэр томьёог анх бий болгосон 1958-1986 оны хооронд бүтээгдсэн зургууд хүүхдийн юм шиг дүрслэлтэй, алслалтгүй, гэрэл сүүдэр нь бүрэн гараагүй, өрнийн шилдэг зургуудтай өрсөлдөх чадвар сул гэж боддог, батладаг хүмүүс цөөнгүй бий.

Уг нь бид "Монгол зургийн гайхамшиг юунд оршдог вэ" гэдгийг уншигчиддаа товч, тодорхой өгүүлэх зорилготой байсан юм. Харин энэ нь тийм ч амархан зүйл биш бөгөөд үүнийг тодорхой бүлгүүдээр тайлбарлах ёстой зүйл болж таарлаа. Үүнийг тайлахын тулд 2014 онд Ц.Нармандах тэргүүтэй "Монгол зургийн нийгэмлэг"-ийн зүгээс "Монгол зураг" гэж тодорхойлсон тунхаглал байдгийг танд товчлон хүргэх хэрэгтэй болсон юм.

Урлагт манифест маш чухал бөгөөд өмнө нь монголын дүрслэх урлагийн түүхэнд тунхаг гарч байсангүй.

Мөн би энэхүү тунхагийг тэргүүлж бичсэн Ардын зураач Н.Цүлтэмийн охин Нармандах гуайтай уулзаж, нэмэлт тодруулга авлаа. Тэрбээр 1986 оноос эхлэн ДУДС-ын монгол зургийн ангид шинэ сургалтын арга барил нэвтрүүлсэн хүн юм. Чингэхдээ Европын орчин үеийн урлагийн мөн чанар дээр суурилсан Баухаус сургалтыг монгол зургийн боловрсол олгох хөтөлбөрт оруулсан ба өнгөрсөн хугацаанд 200 орчим шавь төрүүлжээ. Эдгээр уран бүтээлчдийг "Монгол зургийн нийгэмлэг" тэргүүлдэг бөгөөд тэд Монгол зургийг урлагийн шинэ төрөл гэж тунхагласан юм.

Энэ тунхаглалаар бол Монгол зургийн эхэн үеийн хөгжил нь 1958 оноос эхлэх бөгөөд 1986 оноос хөгжлийн хоёр дах шатдаа орсон гэж үздэг. Харин 1958 оноос өмнөх монгол зургууд нь Бурхан, шашны урлаг ба XVII зуунаас өмнөх цаг үеүүдэд оршин тогтнож байсан улс, гүрнүүдийн соёлын дурсгал гэж ангилах юм байна.

Үүнийг нийтээр нь "Нүүдэлчин монголчуудын урлагт хандах хандлага юу байсан бэ?" гэх асуултаар нэгтгэн харж болох аж.

Монгол зургийн гол онцлог юу вэ? Монголчууд Өрнийн уран бүтээлчдээс муу зурдаг уу?

Яагаад энэ өнцөгөөс асуудлыг гаргаж тавьсан бэ гэвэл хүмүүс зургийг үзэхдээ хамгийн түрүүнд бодит зүйлтэй хэр адилхан байна вэ гэдгийг нь илүү их хардаг. Жишээ нь хүмүүс Монголд болоод Европын газар нутаг дээр үлдсэн соёлын өвүүдийг харьцуулж болох юм. Хэн нэгэн нь "Францын Ласко агуйн ханан дээр үлдсэн адууны зураг бодит морьтой нэлээн адил байхад Монголын хадны зургууд харин хэний ч сийлчихэж чадах энгийн, болхи дүрслэлтэй байна" гэж дүгнэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

Цаашлаад "Өвгөн хуурч" бүтээлээр Ү.Ядамсүрэн гуай орчин үеийн "Монгол зураг"-ийн гарааг эхлүүлж байхад Европчууд яг тэр XX зууны дунд үед хэдэн арван урлагийн шинэ изм гаргаж дуусчихаад, өөр юугаар дэлхийг байлдан дагуулах вэ гэж бодлогоширч байсан шүү дээ.

Гэтэл энэ үед Монголд нийгэм солигдож, Бурханы Танка зургийн уламжлалыг ч, түүний өмнөх цаг үеийн түүхээ ч сэргээж, сонирхох боломжгүй болсон ба зураачдад хязгаарлагдмал орон зайд өөрсдөө шинээр туршилт хийх сорилт тулгарчээ. Тэд өрнийн бодит зургийг бий болгодог алслалт, гэрэл сүүдэр, перспективт суралцаж, уламжлалт зураасан зурагтаа үүнийг шингээсэн олон бүтээл үлдээж, өөрсдийн цаг үедээ эзэн болсон. Тэгтэл эдгээр бүтээлүүдийг л нөгөө өөнтөгч нүднүүд "Хүүхдийн мэт болхи, алслалтгүй, өрнийн зурагтай зэрэгцүүлэхэд ичмээр" гэж тоохгүй орхиж байжээ. Тиймдээ ч тэр үед авьяастай нь уран зургийн ангид суралцаж, шалгалтанд бага оноо авсныг нь монгол зургийн анги руу хуваарьлах гэж оролддог байжээ.

Тэгвэл жингийн эсрэг талд нэг хүчтэй үнэн байгаа нь өнөөдөр илүү тод харагдаж байна. Үүнийг өнөөх Монгол зургийн тунхаглалд дурдсан байгаагаар бол "Нүүдэлчид урлагт хандахдаа нүдэнд үзэгдэх үнэнийг бус сэтгэл зүрхэнд үлдэх үнэнийг дүрсэлж ирсэн" гэж товчхон тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл өрнийнхөн нүдэнд харагдаж буй зүйлийг яг адилхан дүрслэхийг хичээсээр ХХ зуунтай золгосон бол нүүдэлчид анхнаасаа л бодит харагдах дүрслэлд бус, хийсвэр оюун ухааны зүйлсэд төвлөрдөг байжээ. Үүнд л монгол зургийн амин сүнс оршдог гэнэ.

Ийнхүү урлагт хоёр өөр талаас хандаж эхэлсэн учраас монголчууд тийм мундаг биш мэт харагдсан байж болох юм. Гол нь ийм байлаа гээд бид огтоосоо муу гэсэн үг биш бөгөөд монгол зургийн үндсэн мөн чанарыг Европын урлаг модернизмтой золгож байж л таньж харсан байна.

Монгол зураг нэр томъёо

[засварлах | кодоор засварлах]

"Монгол зураг" гэх нэр томъёо хэзээ анх гарсан бэ?

Ардын зураач Н.Цүлтэм 1956 онд ЗХУ-д мэргэжил эзэмшсэн анхны гурван монгол зураач болоод эх орондоо ирэхдээ "Би зөвхөн Өрнө, Дорнын зурагтай танилцаад зогссонгүй, өөрийнхөө үндэсний өв, уламжлалыг хүндэтгэн хөгжүүлэх ухаанд мөн суралцсан юм" гэж хэлжээ. Харин тэр үед үндэсний урлагаа хөгжүүлэхэд нэг том бэрхшээл байлаа. Монгол улс ХХ зуунд эрх чөлөөт сэтгэлгээнд суурилсан урлаг гэхээсээ илүүтэй, шашны өвөрмөц ертөнцийн тухай ойлголттой, түүнийг илэрхийлэх тогтсон үзэл баримтлал хүлээн авсан. Дээр нь хүссэн бүхнээ зурж, турших ч боломж байгаагүй, хязгаарлагдмал сэдэв дотор эргэлдэж байв. Тэгэхдээ л алтан үеийнхэн "Урлаг гэдэг үнэтэй, урлаг өөрөө амьтай" гэж Б.Явуухулангийн хэлсэн шигээр бүтээхийг эрмэлзэж байсан юм.

Н.Цүлтэм гуай монгол зургийг зөвхөн Бурханы танка зургаар хэмжиж болохгүй гэж үзжээ. Бурханы зураг монголд орж ирэхээс өмнөх үе рүү, илүү холын судалгаа хийж, монголын бүхий л түүхэнд оршиж байсан нүүдэлчин улсуудын соёлын өвийг бүтнээр нь судлах их ажлыг тэрбээр эхлүүлжээ. Тэр үед ардын зураач Н.Цүлтэм энэ санаачлагаа эрдэмтэн Б.Ренчинтэй зөвлөлдөж байхдаа "Монгол зураг" гэх нэр томъёог анх гарган ирсэн байна.

МОНГОЛ ЗУРАГ ТУНХАГЛАЛААС: "Монгол зураг гэдэг нь эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн, далд гүн агуулгыг илэрхийлдэг дүрслэх урлагийн шинэ төрөл юм!"

Эртний уламжлал

[засварлах | кодоор засварлах]

Монгол зургийн эртний уламжлал гэж юу вэ?

Монголын газар нутаг дээр хүрлийн үеэс эхлэн өнөөдөр хүртэлх хугацаанд бий болж, хадгалагдан үлдсэн соёлын өвөөсөө харж болно. Жишээ нь 3000 жилийн өмнө бий болсон гэх буган чулууны хөшөөг харахад л тэр үед хүмүүс бугыг маш уран, нарийн дүрсэлж, нисэн дүүлж буй мэт хэлбэртэй зурсан байна. Хамгийн гол нь Монголд буй 350 орчим буган чулуун хөшөөний бүгдэд нь бугыг яг ямар харагддагаар нь биш, харин маш тэнгэрлэг утга агуулгатай байдлаар буулгажээ. Яг л ХХI зууны контемпорари зураг шиг хийсвэрлэлээр дүүрэн!

Монголд өнгөрсөн 3000 жилийн хугацаанд олон шашин нэвтэрч, оршин тогтносон ч аль ч үед өөрчлөгдөөгүй нэг итгэл үнэмшил байдаг. Тэр нь байгалийг шүтэж, түүнийг аргадах ухаан юм. Энэхүү буган чулуун хөшөөн дээр байгаа буга тэр л байгалийг шүтэж, дээдэлсэн бэлгэдэлт сэтгэлгээний нэн эртний дурсгал бөгөөд өнөөх монголчууд нүдэнд харагдах агшин зуурын бодит дүрсээс илүү мөнхөд орших утга учрыг эрхэмлэдэг гэдгийн анхдагч баталгаа болно.

Европын урлаг арай өөр замаар явжээ. Европчууд Леонардо ДаВинчигийн үе гэхэд аливаа юмсыг яг харагдаж байгаатай нь адилхан зурдаг болсон. Тэд уран зургийн техникийг гаргахдаа эхлээд наана, цаана харагдах алслалтыг бий болгож, хүний биеийг дүрслэх анатомийг задлаж чадсан. Үүнийг шингээсэн онол гарган ирж, зураач бүр хэрэгжүүлж чадахуйц болгосноороо сэргэн мандлын үеийн зураач нар бусад цаг үеэс илүү чадварлаг харагддаг.

Гэвч тэд юмыг байгаатай нь адилхан зурсаар ХIX зууны төгсгөл гэхэд эцсийн зогсоолдоо ирсэн билээ. Энэ үед "Юмс үзэгдлийг цаашид байгаатай нь адилхан зурах ямар утга байна вэ" гэх асуулт өөрийн эрхгүй төрсөн биз ээ. Мөн гэрэл зураг гэх нэн хүчирхэг дүрслэх урлагийн төрөл дөнгөж мэндлээд байсныг дурдах хэрэгтэй.

Тиймээс Японоос дөнгөж Европт газардаад байсан дорнын урлагийн "амьд" элемэнтүүдийг импрессионистууд соргогоор хүлээн авч, урлагийг илүү мэдрэмжтэй, тэмүүлэлтэй, хийсвэрлэг, бэлгэдэлт чанар луу нь чиглүүлсэн байна. Энэ нь цаашдаа зураачид юмыг бодитойгоор дүрслэх биш мөн чанартайгаар үзүүлэх гэсэн модернизмын гол хандлага болон хөгжжээ.

Дутагдалтай тал

[засварлах | кодоор засварлах]

Монгол зургийн дутагдал нь юу вэ?

Монголын уран зургийн галерейгаас бид 1921 оны хувьсгалаас өмнө бүтээгдсэн, уламжлалт Бурхан зургийг Европ арга, барилтай хослуулсан зургууд үзэж болно. Жишээ нь Б.Шарав Богд хаан, Дондогдулам хатны хөргийг зурахдаа нүүрийг нь фото мэт гэрэл сүүдэртэй зурсан боловч бусдыг нь хавтгай бүтээжээ. Үүний дараа хувьсгалын үед хэлмэгдүүлэлт гарснаар Бурхан зургийн уламжлал тасарч манай урлаг шинэ гараанаас, шинэ сэдэвтэй алхах хэрэгтэй боллоо. Тэр үед ажиллаж байсан зураачид өөрөө унаган авьяастай ч уламжлалт зургийн техникээ сайн өвлөж аваагүйн дээр өрнийн уран зурагтай тийм ч сайн танилцаж амжаагүй, зөвхөн мэдрэмжээрээ зурж байсан гэж хэлж болно. Тиймээс л авьяасаараа махарч зурсан зургуудад хүний хөл, гар нь тийм ч сайн зурагдаагүй, болхи хэв маягтай болж хоцорсон аж.

"Тэдгээр анхан үеийн монгол зургийг хөгжүүлсэн зураачид дотроос А.Сэнгэцохио гуай ард түмний сэтгэлд хоногшсон олон бүтээлийг туурвиж, нэгэн үеийг тэргүүлсэн уран бүтээлч болж мөнхөрсөн. Түүний зураг алслалттай, өрнөдийн маягийн зохиомжтой, өнгө зохицсон сайхан шийдэлтэй байдаг. Гэхдээ түүний зурагт нэг чухал баримт үлдсэн. Гэрэл сүүдрээр орон зай, объёмыг илэрхийлдэг өрнөдийн уран зургийн ухаан дорнодын урлагтай нийцэхэд бэрх ажээ. Үүнийг анхан үеийн монгол зургийн зураачдаас харж болно. Жишээ нь А.Сэнгэцохиогийн зурсан буурын зураг байна. Хэрэв тэмээ мэдэхгүй гадаад хүн харвал "гурван хөлтэй амьтан бололтой" гэж андуурч мэдэхээр. Ийм үл ойлголцол гаргахгүйн тулд дүрсийн харьцаа алдагдаагүй, гэрэл сүүдэртэй зурах өрнөдийн урлах ухаан байдаг шүү дээ. Магадгүй эд заавал нийцэх албагүй ч байж болно.

"Зураас болон өнгөөр орон зай, дотоод мөн чанарыг манай урлаг илэрхийлдэг. Үүнийг гэрэл сүүдэргүй, хавтгай гэж тодорхойлсон ч хойч үеийн зураач нар энэ туршлагаас их зүйл сурсан. Тиймээс ч цаашид хөгжүүлэх шинэ хандлагаа бид олсоор байгаа" гэж Ц.Наранмандах багш тодруулан хэллээ.

Нэг ёсондоо монгол зураг, бодит уран зураг хоёр яавал нийцэх, нийцэхгүйг дахиж бид турших хэрэггүй болсон. Оронд нь монголын нутагт үлдсэн нүүдэлчин улсуудын урлагийг бүрэн судлах боломж бүхий том орон зай, эрэл хайгуул хийх олон сонголт бидний өмнө байна.

Хоёр урсгалын уулзвар ба эхлэл, төгсгөлийн нэгдэл

[засварлах | кодоор засварлах]

"Би 1986 онд Германд сурч ирээд, монгол зургийн ангийг авсан юм. Энд сурч байхдаа монгол зургийг болхи, муу гэсэн доромжлол амсаад, өөрөө ч монгол зургаар зурах нь залхуутай, ядаргаатай гэж үзээд болихдоо тулж байсан. Тэгэхдээ л би Германд очоод монгол зургийг жинхэнэ утгаар нь ойлгосон юм" хэмээн Ц.Наранмандах багш хамгийн чухал зүйлээ ярьж эхэллээ.

Зураач Б.Номин Монгол зургийн гайхамшиг нь ямар ч орон зай, цаг хугацааг нэгэн хавтгай дээр зэрэг дүрсэлж, боломжгүйг бий болгодогт оршино.

Бид дээр өгүүлсэнчлэн Европчууд нүдэнд харагдах зүйлсийг адилхан буулгах гэж оролдохоо болиод хэдийнэ нэг зуун жил өнгөрчээ. Энэ хугацаанд бий болсон ололт, амжилтууд дотор өнөөх монголчуудын аль эрт л уран зургандаа үлдээдэг байсан дүрслэлээр утга санааг илэрхийлэх бүтээлч хандлага дүүрэн байх аж.

Матиссын хайчилбар зургууд, Пикассогийн зураасан зургийн ажлууд зэрэг олон бүтээлүүд үүний тод илрэл болж, дүрс хэллэг ямар чухал байдаг вэ гэдгийг дэлхий нийтэд ойлгуулсан байна. Өөрөөр хэлбэл тэрхүү орчин үеийн урлагийн түүх нь Монголын эртний улсуудад хэрэглэж байсан ололтонд хүрэх гэсэн замнал байсан мэт.

"Та нар зургаа зурахдаа гэр бариад, дотор нь олбог тавиад суугаач" гэж хүмүүс Ц.Наранмандах багшид их хэлдэг байжээ. Гэтэл тэглээ гээд 1990-ээд, 2000-аад онд (millenniums) амьдарч байгаа хүний сэтгэхүй яг Б.Шаравын амьдарч байсан Их Хүрээний амьдрал шиг зүйлийг сэтгэж, бодохгүй. Эсвэл Могул гүрнийг байгуулсан Бабур хаан тэргүүтэй түрэгжсэн монголчууд шиг урлагийг таашааж, Ираныг эрхшээж, Дундад Азид урлагийн эрх чөлөө авчирсан Газан хаан, Үлэг Бэхи зэрэг язгууртан эрдэмтэд шиг тунгаахгүй.

Бабур хааны шүлгээс: "Алив, зураач чи энэ майхан дээр сайхан зураг зурж миний сэтгэлийн уйтгарыг үргээгээч"

Харин тэдгээр түүхэн монголчууд зурахдаа, зураг зуруулахдаа юуг илүү таашааж, чухалчилж байсан бэ гэдгийг ухаж ойлгож чадна. Энэ бол уламжлал. Мөн үүнийг Европчууд онолоор баталгаажуулсан дүрслэх урлагийн түүхэндээ хэрхэн шингээж ирэв гэдгийг танин мэдэх хэрэгтэй. Тэгвэл цаашдаа жинхэнэ хөгжил болох давтагдашгүй зүйлс гарна гэж уран бүтээлчид үзэж байна.

Монгол зураг дүрс, хэлбэр, түүний утга агуулга дээр тогтоно. Тиймээс зураасан зураг, эсвэл тосон зургийн ажил гэж МОНГОЛ ЗУРГИЙГ техникээр ялгах хэрэг байна уу.

Ийнхүү орчин үед бидэнд өвлөгдөн ирсэн "Монгол зураг" нэг хэсэг Бурханы танка зургийн дор хөгжиж, түүний дараа Европын дүрслэх урлагийн ололттой нийцэх гэсэн үеийг өнгөрөөжээ. Үүний дараа буюу одоо монгол зураг жинхэнэ өөрийн хэв маягаа олж хөгжих цаг ирсэн байж магадгүй. 1990-ээд оноос хойш туурвигдсан олон монгол зураг шинэчлэл рүү чиглэж, өөрийн хэв маягаа олох гэсэн олон туршилт хийж, өвөрмөц, сонин зүйлсээр дүүрэн байлаа. Жишээ нь "Гаврош" гэж олноо танигдсан авьяаслаг зураач У.Мөнхжаргал гэхэд араб зургийн элемэнтүүдийг авч, хүний царай төрхийг тун догшин бөгөөд уран дүрслэх болсон байна. Үүнийг дараа үеийнхэн нь даган дуурайж, мөн л араб зурагт ихээр ашиглагддаг минитур элементүүдийг авч, зургаа олон эрээн цэцэг, навчаар чимэглэх болжээ.

Энэ бол өнгөн талаас нь харагдах зүйл авч монгол зургийн уран бүтээлчид оюутан ахуй цагаасаа уламжлалт зураг олныг хуулбарлан зурдаг. Зүрхний хэмнэл тэгширч, сэтгэлийн үүд нээгдэх үед гарын хөдөлгөөн тэр нарийн цэмцгэр зураасыг зурдаг. Цэвэр сэтгэлийн зураас гэж хэлж болно. Бясалгал, ариуслаар бүтээсэн зураг учраас хүний сэтгэл хөдөлгөх нарийн увьдас нь амилж, илүү тэнгэрлэг уур амьсгалтай болдог. Энэ гүн ухааныг нээж илрүүлэх нь маш их цаг хугацаа шаардана. Монгол зургийн зохиомж тун адармаатай бөгөөд амьдралын олон талыг хэрэн хэсч, жинхэнэ хүний сэтгэл хаанаа илүү сайхан тодордог вэ гэдгийг илэрхийлэх гэж тэмүүлдэг. Үүнийг та орчин үеийн монгол зургууд үзэхдээ илрүүлж болох юм.

Монгол зургийн бусад орны соёл, урлагаас ялгарах гол зүйлс нь монгол хүний ертөнцийг үзэх үзэл, нүүдэлчдийн уугуул амьдрал, соёлийн хэв маяг юм. Эдгээр өвөрмөц зүйлс манай гарагийн өөр хаа нэгтэй давтагдана гэж үү? Зураач Б.Баатарзориг

Тэгэхдээ монгол зураг бүтээхэд асар их цаг ордог тул мэргэжлээ орхисон зураач их. Тэднээс 1987 өрнөдийн ололтыг уламжлалт зургийн ухаантайгаа хослуулж ойлгосон цөөн боловч цоо шинэ үеийн зураачид бий болсон байгаа.

Эдгээр монгол зургийн авьяаслаг уран бүтээлчдээс дурдвал Ч.Ганбаатар, М.Баярмагнай, Х.Элбэгзаяа, Д.Бат-Эрдэнэ, Ш.Амартүвшин, У.Мөнхжаргал, Д.Үүрийнтуяа, О.Үржинханд, Л.Хонгорзул, П.Нурмаажав, Б.Номин, Б.Баатарзориг, Д.Азжаргал зэрэг олон уран бүтээлчдийг нэрлэж болно. Тэд "Монгол зураг гэдэг зөвхөн зургийн арга ажиллагаа бус, өнгө дүрслэлийн гүн ухаан юм" гэдгийг толилуулж байгаа. Тэгэхээр ийм зураачидтай нэг цаг үед амьдарч байгаа бид "Монгол зураг бол хоцрогдсон урлаг биш, ирээдүйн урлаг" гэдэг нь батлагдахыг үзэх азтай хүмүүс юм.