Монгол орны байгаль орчны онцлог
Монгол орон нь далай тэнгисээс алслагдмал эх газарт далайн төвшнөөс дээш дунджаар 1500-1600 метрийн өндөрт оршдог. Нутгийн дийлэнх хэсгийг уулархаг газар эзэлнэ. Эх газрын эрс тэрс уур амьсгалтай.
Өргөн уудам газар нутагтай тус орны нутаг дэвсгэр нь уур амьсгал, ургамал, амьтны хувьд ялгаатай байгалийн хэд хэдэн бүсэд хуваагдана. Нутгийн умард хэсгээр харьцангуй сэрүүн, ой хөвчтэй, гадаргын усан сүлжээ сайтай бол нутгийн өмнөд хагаст говь цөлийн уур амьсгал зонхилж, ургамал амьтны төрөл зүйлийн хуьд ядмаг байдаг. Монгол оронд Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн гэсэн өндөр уулархаг муж нутгууд байх бол нутгийн зүүн, зүүн өмнөд хэсэг харьцангуй нам дор, тэгш талархаг нутагтай.
Газар нутгийн нийт хэмжээтэй харьцуулахад ой болон гадаргын усны нөөц багатай орон. Гэвч ойт хээрийн бүс, ус намгархаг газрууд нь харьцангуй баялаг биологийн олон янз байдалтай. Иймд ой, усны нөөцийг хамгаалах замаар байгалийн тэнцвэрт байдлыг хамгаалах нь Монгол улсын байгаль орчны чухал бодлого юм.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл Монгол орны байгалийн бүх бүслүүрт явагдаж байна. Ялангуяа экосистемийн эмзэг тогтоцтой говь цөлийн бүсэд олон тооны томоохон уул уурхайн төслүүд хэрэгжиж байна.
Байгалийн харилцан адилгүй бүсүүдэд орших уурхай бүрт байгаль орчны ялгаатай сорилт, хүндрэлүүд тулгарч байна. Өөрөөр хэлбэл ойт хээрийн бүсэд байрлах уурхайд нөхөн сэргээлт хийх аргачлалаар говь цөлийн бүсэд орших уурхайд нөхөн сэргээлтийг хийх нь тохиромжгүй юм. Иймд уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль хамгааллыг байгалийн ямар ч бүсэд амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол орны байгаль орчны онцлогийг танин мэдэх хэрэгтэй билээ.