Jump to content

Монгол орны ургамлын аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, уул нуруу, хотгор гүдгэр гадартай, эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас ургамлын хувьд нилээд өвөрмөц бөгөөд умраас урагшлахад дэлхийн ургамлын 3 үндсэн бүс болох ой тайга, тал хээр, говь цөлийн бүс ажиглагдана. Тэдгээр 3 бүс нь бие биедээ аажим шилждэг учраас дундаа шилжилтийн буюу завсрын бүс үүсгэдэг. Тухайлбал, ой ба хээрийн бүсийн завсарт уулын ойт хээр, тал хээрийн ба цөлийн бүсийн завсарт цөлөрхөг хээрийн бүсийг үүсгэдэг. Монгол орны газрын гадаргын өвөрмөц онцлоготой зохицсон ургамлын 6 бүс, бүслүүр буй болжээ. Монгол орны байгалийн бүс бүслүүр хойноосоо урагшлах тутам өндөр уул, тайга, ойт хээрийн бүслүүр, хээр, цөлийн бүсэд шилждэг. Монгол оронд 3127 зүйлийн гуурст дээд ургамал бүртгэгдсэн.

1. Өндөр уулын бүслүүр: Тачир өвслөг ургамалтай нуга, намхан сөөгөн ширэнгэ, хаг, хөвдөт царам зэрэг ургамалжилттай. Уур амьсгал сэрүүн, хур тунадас жилд дунжаар 400мм – ээс илүү унадаг, ургамал ургах хугацаа богино, нутаг дэвсгэрийн 3%-г эзлэнэ.

2. Уулын тайгын бүс: Хуш-шинэст, хуш-алирст, хуш-бадаант, хуш-нарст, хуш-хар нэрст, шинэс-хушин тайга, шинэс-хусан, гацуур-жодоон ой зэрэг багтана. Уур амьсгал чийглэг хүйтэн, чийглэг хүйтэвтэр; хур тунадас доод захаар 250мм, тайгад 300-400мм, ургамал ургах хугацаа богино, нутаг дэвсгэрийн 4,1%-г эзлэнэ.

3. Уулын ойт хээрийн бүс: Саруул шинэсэн ой, нарсан ой, хус-шинэс-нарсан холимог ой болон алаг өвс-үетэнт, хялганат, хазааргана-хялганат, агь-хялганат, ботууль-агьт ойт хээрийн бүслүүр нь нутгийн өмнө зүг рүү урагшлах тутам багасаж, сийрэгжсээр хээрийн бүсэд шилжинэ. Хур тунадас жилд 200-300мм унах ба ургамал ургах хугацаа 135-150 хоног, нийт нутаг дэвсгэрийн 25,1%-ийг эзлэнэ.

4. Хээрийн бүс: Хуурайсаг сөөг болох хэд хэдэн зүйлийн харгана, агь зэрэг сөөг, сөөгөнцөр ихээр ургана. Хур тунадас 125-250мм унах боловч хавар намартаа гандуу, ургамал ургах хугацаа 150-170 хоног, нийт нутаг дэвсгэрийн 26,1%-ийг эзлэнэ.

5. Цөлөрхөг хээрийн бүс: Говийн хялгана, сайрын хялгана, зүүнгарын хазаар өвс, хөмөл, таана зэрэг цөөн наст ургамал ургана. Хур тунадас жилд 100-125мм унах боловч ихэвчлэн гантай байдаг, ургамал ургах хугацаа 170-190 хоног, нийт нутгийн 27,2%-ийг эзлэнэ.

6. Цөлийн бүс: Заган ой зонхилох ба баглуурт, хармагт, зээргэнэт, хотирт, таарт цөл тааралдана, ургамлан нөмрөг сийрэг, тачир, намхан ургана. Хур тунадас жилд 100мм унах ба байнга гантай, хуурай халуун салхи ихтэй, нийт нутгийн 14,5%-ийг эзлэнэ.

7. Бүс бусын ургамалжилт: Өндөр уул, ой тайга, тал хээр, цөлийн бүсийн алинд ч тохиолдож болох нуга, намаг, усны ургамал юм.