Jump to content

Монгол орон ба тангудуудын нутаг газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол орон ба тангудуудын нутаг газар
Эрхлэн гаргасан
Монсудар хэвлэлийн газар
Номын тухай мэдээлэл
ЗохиогчН.М.Пржевальский
Эрхлэн гаргасан он2013
ХэлМонгол
ISBN код978-99962-0-458-6
АнгилалМонголын түүх
Форматхатуу хавтастай
ЦувралМонголоор бэдэрсэн гадныхан
Худалдаалагдаж буй газарИнтерном номын их дэлгүүр

Монгол орон ба тангудуудын нутаг газар хэмээх энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газараас эрхлэн гаргаж буй Монголоор бэдэрсэн гадныхан цувралын нэгэн боть юм. Монголчуудын түүх соёл, ахуй амьдрал, нийгэм цаг үеийн байдлыг судалж, тэмдэглэн бичдэг монгол судлаач болон монгол нутгаар аялагчид цөөнгүй байдаг бөгөөд тэдний нэг нь Н.М.Пржевальский юм. Түүний Монгол, Гань-су, Хөхнуур, Умард Төвөдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлийг орчуулан нэгэн боть болгон та бүхэнд толилуулж байна. Энэ бүтээл нь төв Азийн уудам нутгийг туулан байгаль, цаг уур, ургамал амьтанг гурван жилийн турш судалж шинжлэхийн зэрэгцээ тэндхийн хүн ардын ахуй соёлыг европ дахинд таниулсан юм. Зуу гаруй жилийн өмнө тал нутагтаа тааваараа идээшин буй амьтад, араатан жигүүртэн, онгон зэрлэг байгалийг нүдэнд харагдтал дүрслэн бичсэн нь уг бүтээлийг улам сонирхолтой болгосон байна. Түүний монгол нутагт хийсэн судалгаа шинжилгээний энэхүү бүтээл нь монголчууд бидний хувьд түүх, угсаатнызүй, шинжлэх ухааны үнэт хэрэглэгдэхүүн болох төдийгүй ургамал амьтан сонирхогч, судлаач хэн бүхэнд оюуны томоохон хөрөнгө оруулалт болох юм.


I бүлэг. Хиагтаас Бээжин хүртэл

[засварлах | кодоор засварлах]

Миний бие залуу анд Михайл Александрович Пыльцовын хамт шуудангийн тэргээр Сибирийг туулан, Монгол орон болон түүнтэй залгаа орших Дотоод Азийн нутаг орнуудаар хийх бидний аялал эхлэх ёстой Хиагтад 1870 оны 11-р сард ирлээ. Хүний газар, гүний нутагт тулж ирчихээд байгаагаа бид Хиагтад ирүүтээ шууд мэдэрсэн сэн. Хотын гудамжуудаар явах тэмээн хөсөг, монголчуудын наранд борлосон шанаархаг нүүр царай, урт гэзэг унжуулсан хятадууд, үл ойлгогдох харь үг яриа-энэ бүгд эх орноос минь, ойр дотно, нэн эрхэм юм бүхнээс минь удаан хугацаагаар хагацаах тэр ганц алхмын өмнө бид зогсчихоод байгааг тов тодхон илтгэж байлаа. Ийм бодол санаатай эвлэрэхэд хэчнээн хэцүү ч идэр залуугаасаа хүсэн мөрөөдөж ирсэн тэрхүү аялал маань эхлэх гэж буйг баяртайяа хүлээх хүлээлт үүнийг зөөлрүүлж байсан юм... Хийх гэж байгаа аялал, аян замынхаа нөхцөл байдлыг бид огт мэдэхгүй учраас хамгийн түрүүнд Бээжинд очиж тэнд Хятадын засгийн газрын үнэмлэх бичиг олж аваад дараа нь хэрмийн цаад тал, Тэнгэрийн эзэнт гүрний нутаг орноор аялахаар шийдлээ. Тэр үед Хятадад сууж байсан манай элчин, генерал Влангали бидэнд энэхүү зөвлөгөөг өгсөн ба аяллын эхний өдрөөс эцсийн өдрийг хүртэл өөрөөсөө хамаарах бүхий л арга чадлаараа тусалж дэмжин, уужим сэтгэлээр анхаарал халамж тавьж байсан нь манай аяллын амжилтыг хэнээс ч илүүтэй бэлтгэн хангаж өгсөн билээ. Хожим нь, Бээжингээс гарсан анхны алхмаасаа эхлэн Хиагтын хилийн комиссараас биш харин Хятадын Гадаад хэргийн яамнаас шууд олгосон үнэмлэх бичигтэй байх нь ямар их ач тустайг бид нүдээрээ үзэж явсан билээ. Ийм үнэмлэх бичиг биднийг нутаг нутгийн оршин суугчдын хувьд илүү чухал, том хүмүүс болгон харагдуулж байсан нь Хятад орноор, ний нуугүй хэлэхэд хаа газар аялан явахад маш чухал байв. Хиагтаас Бээжин хүртэл европчууд хоёр арга замаар туулна: өртөөний морьдоор эсвэл эзэдтэй нь тохиролцож монголчуудын тэмээн хөсгөөр. Монголоор дайран өнгөрөх өртөөний замын хувьд: Тянь-жинийн (1858), Бээжингийн (1860) гэсэн хоёр чиглэл байдаг.



II бүлэг. Монголчууд

[засварлах | кодоор засварлах]

Бид энэ бүлгийг Монголын угсаатны зүйн тодорхойлолт, тайлбарт зориулж буй бөгөөд аяллын явцын талаар цааш өгүүлэхдээ оршин суугчдын тухай мэдээ сэлтийг хэсэг хэсгээр нь оруулж байх болно. Дайран өнгөрч эсвэл очсон газар орныхоо физик-газарзүйн шинж чанар, байгалийн төрхийг тодорхойлох, аяллын янз бүрийн адал явдлуудыг дүрслэн өгүүлэхдээ оршин суугчдын талаар бүлэг бүрт эрээвэр хураавар маягаар орсноор уншигчдын анхаарлыг татахгүй байж мэдэх билээ. Ийм байдлаас зайлсхийхийн тулд би Монгол орны оршин суугчдын талаарх тэмдэглэлүүдээ нэг бүлэг болгон цэгцэлж, нүүдэлчдийн ахуй амьдралын гол гол онцлог шинжүүдийг түүндээ өгүүлж, улмаар аяллын явцыг өгүүлэхдээ аахар шаахар зүйлүүдийг нэмэн оруулж, баяжуулахаар шийдсэн болно. Хэрэв гадаад төрх байдлыг дүрслэн бичихээс эхэлье гэвэл цэвэр цусны монгол хүн хамгийн илүүтэй үлдэж хоцорсон Халхын оршин суугчдыг жинхэнэ, язгуурын монгол хүний үлгэр, эх загвар болгож авах хэрэгтэй нь эргэлзээгүй юм. Товгор шанаа түүш бүхий өргөн хавтгай нүүр, навтгар хамар, жижигхэн онигор нүд, гурвалжин маягийн гавал, том дэлдэн чих, ширүүн хар үс, маш шингэн сахал, наранд гандаж борлосон арьс, эцэст нь бахим, махлаг бие, дунд зэргийн болон өндөрдүү нуруу-энэ бүгд халх хүний гадаад төрх байдлын хамгийн гол онцлог шинжүүд юм. Монголчууд нутаг орныхоо бусад хэсэгт цэвэр цус, төрөлх хэв шинжээ хадгалж чадаагүй юм. Гадны, харийн нөлөө Төвөд, Хятадын эзэмшил нутагтай өнө эртнээс залгаа байсаар ирсэн Монголын зүүн өмнөд хязгаар нутгаар хамгийн хүчтэй илэрч байна. Хэдийгээр нүүдэлчин амьдрал нь суурин соёлын нөхцөлтэй нийцэхэд хэцүү боловч өнгөрсөн хэдэн зуун жилийн хугацаанд хятадууд янз бүрийн арга, ов мэх хэрэглэн зэрлэг догшин хөршүүддээ үзүүлэх нөлөөгөө маш их идэвхжүүлж чадсан учир өнөө үед нүүдэлчдийн тэн хагас нь Их хэрмийн ойр орших газар нутагт нэгэнт хятадчилагдаад байгаа ажээ. Зарим нэг онцгой зүйлийг эс тооцвол эндхийн монголчууд хуучнаараа мэт, эсгий гэртээ амьдарч, мал сүргээ хариулсаар байгаа боловч гадаад төрх шинжээрээ ч, түүнээс бүр илүү зан чанараараа ч умардын монголчуудаасаа эрс ялгагдах болж, хятадуудтай хавьгүй адилхан болжээ. Хятад эмстэй олноор гэр бүл болох болсноос бүдүүн хадуун, хавтгай нүүр царай нь өөрчлөгдөж, хятад хүний төрхтэй болжээ.


III бүлэг. Монголын өндөрлөгийн зүүн өмнөд зах

[засварлах | кодоор засварлах]

Бээжин буюу хятадуудын Бэй-цзинь хэмээх хот бидний аяллын эхний цэг байлаа. Энд биднийг эх орон нэгтнүүд, дипломат болон шашны байгууллагуудын гишүүд хамгийн сайхнаар, туйлын элэгсэг дотно зочилж, бид аян замд бэлтгэн бараг 2 сарыг энд өнгөрөөж билээ. Би Бээжинтэй танилцаж базаасангүй. Хот маш том, европ хүнд хол хөндий, өвөрмөц хятад ахуй байдал, эцэст нь тэдний хэлийг огт мэддэггүй зэрэг нь Тэнгэрийн эзэнт гүрний нийслэлтэй дэлгэрэнгүй сайн танилцаж, олон гайхамшгийг мэдэж аваагүйн шалтгаан болсон юм. Ний нуугүй хэлэхэд, энэ хот миний хувьд туйлын таагүй сэтгэгдэл төрүүлсэн билээ. Хамгийн олигтой гудамжууд нь хүртэл хог хаягдлын нүх хонхор, нүцгэн шалдан гуйлгачингуудаар дүүрсэн ийм хот шинээр ирсэн хүнд яаж ч таалагдах вэ дээ. Дээр нь хятадуудын ичгүүр сонжуургүй наалдан шалдаг зан, өөр бусад зүсэн зүйлийн хараалтай холилдсон “янь-гуйза” гэдэг хочийг нэмээд үзэхэд л эзэнт улсын нийслэл хотын гудамж, талбайгаар зугаалах европ хүний хувьд хэр зэрэг таатай байх нь ойлгомжтой болно. Эндхийн хамаг сайхан энэ бүхнээс гадна ажил төрлөө гүйцэтгэж, гартаа сагс барин аргал хоргол түүж яваа хятадууд хаа сайгүй харагдаж байдагт оршино. Хотын үмхий самхай үнэр хэрээс хэтэрчээ. Гудамж, талбайнуудаа хааяа усалдаг боловч ихэвчлэн хамаг муу муухай юмаа хаяж байдаг муу усны хонхруудаасаа л авч усална. Хүн амьдардаг тагзнууд, янз бүрээр эрээлж мяраалсан эгнээ эгнээ лангуунууд, шавар хана л Бээжингийн гудамжнуудын гадаад төрх байдал болой. Тэдгээрийн томоохон нь нэлээд өргөн бас сүрхий эгц, шулуун байгуулагджээ. Хотыг нэг нэгнээс нь хэдэн зуун алхмын зайд тавьсан гурван хөлт модон тулгуур дээр байрлуулсан цаасан дэнлүүгээр гэрэлтүүлнэ, тэр дэнлүүнүүд дотор хааяа өөхөн лаа, зул асаах аж.


IV бүлэг. Монголын өндөрлөгийн зүүн өмнөд захын үргэлжлэл

[засварлах | кодоор засварлах]

Монголын зүүн өмнөд нутгаар хоёр сар тэнэсэн нь одоо хийх гэж байгаа аяллынхаа шинж чанартай танилцаж, цаашдын маань аян замд биднийг хүлээж байгаа нөхцөл байдлыг ямар нэгэн хэмжээгээр үнэлж дүгнэх боломжийг бидэнд өгсөн юм. Оршин суугчдын дайсагнасан хандлага ямар нэгэн хэлбэрээр нэг бус удаа илэрхий харагдаж байсан нь цаашдаа ч бидэнд найз нөхөд олдохгүй нь гэдгийг, тэгэхээр юм бүхэнд зөвхөн өөрөө өөрсдөдөө л найдах ёстой гэдгийг тод харуулсан билээ. Эндхийн аймхай хулчгар хүмүүст европ хүний нэр нь хүртэл төрүүлэх гүнзгий сэтгэгдэл, аз дайрна гэсэн найдвар, эцэст нь зориг зүрхээр ямар ч ид шидийг бүтээж болно гэсэн итгэл – энэ бүхэн юу болох бол? Эсвэл яаж магадгүй бол? ... гэх мэтийн тухай огтхон ч бодолгүйгээр ухаан зулаггүй урагш довтлох шийдвэрээ гаргасан тэр бүх үндэслэл юм. Хаалганд бид цувааныхаа бүрэлдэхүүнийг өөрчлөв. Манай багт ажиллахаар томилогдсон хоёр шинэ цэрэг Хиагтаас ирж, хамтран зүтгэгч хоёр маань гэдрэг буцах ёстой болсон юм. Хоёр шинэ цэргийн нэг нь буриад, нөгөө нь орос байсан бөгөөд эхнийх нь хэлмэрчийн үүрэг гүйцэтгэх, хоёр дахь нь аж ахуйгаа эрхлэх ёстой байлаа. Тэд бас бидэнтэй хамтран аян замын бүхий л ажил үүргийг, тухайлбал тэмээдээ ачаалах, буулгах, арчилж маллах, унаа морьдоо эмээллэж бэлтгэх, асар майхнаа барих, буулгах, аргал түлшээ түүх гэх мэтийг хийж гүйцэтгэх болно. Энэ бүгд цаг үргэлжийн борви бохисхийх чөлөө завгүй ажил мөнийн дээр эрдэм шинжилгээний ажил хийх цаг хугацаанаас ихэд хороож байсан болохоор бидний хувьд нэн түвэгтэй байсан билээ. Хэдий тийм боловч аялалд зориулагдсан мөнгө хөрөнгө хэт хомсын улмаас би хоёроос илүү цэрэг авч чадаагүй, харин тус дэм үзүүлэх монгол юм уу, хятад хүнийг ямар ч үнээр хөлслөх аргагүй болохоор өөр зам байсангүй.


V бүлэг. Ордос нутаг

[засварлах | кодоор засварлах]

Шар мөрний хойт тохойд оршиж, баруун болон зүүн, хойд гурван талаараа энэ голоор хүрээлэгдэж, урд талаараа Шэнь-си, Гань-су мужуудтай хаяа нийлсэн нутаг орныг Ордос хэмээнэ. Урд хил нь Хаалганы дэргэд явахдаа бидний танилцсан Их цагаан хэрмээр зааглагдана. Энэ хэрэм тэнд ч, энд ч төв Хятадын соёл болон суурин амьдралыг ард олон нь зөвхөн мал маллан нүүдэллэж амьдрах боломжтой уулархаг өндөр газрын говь цөлөөс тусгаарлаж байдаг. Дэлхийн бөмбөрцгийн газрын гадаргын физик бүтэц хамгийн эрс тэс хоёр нөхцөл байдал буюу нэг талаас дулаан, үржил шимт, ус чийгээр арвин, уул нуруудаар хэрчигдэн хуваагдсан Хятадын нам дор газар, нөгөө талаас хүйтэн, говь цөлөрхүү өндөрлөг газар хоёр ингэж хил нийлэн залгах болсон нь тэдгээрт оршин амьдардаг ард түмнүүдийн түүхэн хувь заяаг ч нөхцөлдүүлж өгчээ.1 Эдгээр ард түмэн ахуй амьдралынхаа хэв маягаар ч, зан чанараараа ч хоорондоо огт адилгүй агаад цаг ямагт бие биеэсээ хүйтэн хөндий байж, нэг нэгнээ үзэн ядах ёстой байсан нь зүй ёсны хэрэг юм. Нүүдэлчдийн хөл хөдөлгөөнтэй, юм болгоноор дутагдаж гачигдаж байдаг ахуй амьдрал хятадуудын хувьд огт ойлгомжгүй, бүр үзэн ядмаар байдаг бол нүүдэлчид ч гэсэн хөрш зэргэлдээх газар тариаланчийнхаа хуруу хумсаа хуйхалсан чимхлүүр хөдөлмөрийг жигшин үзэж, өөрсдийнхөө зэрлэг бүдүүлэг чөлөөт байдлыг хорвоогийн хамаг жаргалаас дээгүүр тавьж явдаг. Ийм хоёр ард түмний зан чанарын эрс тэс шинж чухам үүнээс үүдэлтэй болно: хэдийгээр өвөрмөц боловч харьцангуй өндөр соёл иргэншилд өнө эрт цагт хүрсэн хөдөлмөрч хятад хүн цаг ямагт дайн дажин, байлдаан тулаанаас зайлсхийж, түүнийг хамгийн том гай гамшиг гэж үздэг бол дээрхийн эсрэгээр зэрлэг, бүдүүлэг, үргэлжийн хөдөлгөөнд байдаг, хүнд хэцүү хөдөлмөр дунд хатаагдаж хатуужсан өнөөгийн Монголын хүйтэн говь цөлийн оршин суугчид уулгалан довтолж, тонон дээрэмдэхэд цаг ямагт бэлэн байдаг. Амжилт олохгүй гэхэд тун бага зүйл алдана, харин амжилт олбол олон олон үеийнхний хөдөлмөрөөр хуримтлагдсан эд баялгийг олж авдаг байв.


VI бүлэг. Алашаа нутаг

[засварлах | кодоор засварлах]

Говийн өндөрлөгийн өмнөд хэсэг нь Шар мөрний дунд биеэс баруун тийш өөлд монголчууд оршин суудаг Алашаа буюу Ар Ордос нэрээр алдаршсан зэлүүд, үржил шимгүй цөл болой. Энэ нутаг орон баруун тийшээ Эзний гол хүртэл үргэлжилж, урагшаагаа Гань-су мужийн өндөр ууланд тулж очин, хойд талаараа говийн дунд хэсгийн үржил шим муутай, шаварлаг тал хээртэй хил залгажээ. Байгалиас заяасан эдгээр зааг хязгаар нь хойд талаараа Халх, уруд нартай, бусад талаараа Гань-су болон Ордосын багаахан хэсэгтэй залгадаг Алашаа нутгийн улс төрийн хил болдог байна. Байрлалзүйн үүднээс энэ газар орон Ордосын адил урьд цагт томоохон нуур юм уу, дотоод тэнгисийн ёроол байсан бололтой тэв тэгшхэн тал юм. Үүнийг энэ хавийн газар орон тэгш байдалтай, шаварлаг, давс хужир бүхий хатуу хөрстэй, дээрээс нь элсэн давхраа тогтсон, эцэст нь хамгийн нам дор, урьд цагийн усны сүүлчийн үлдэгдэл хураагдсан газруудад тунаж үлдсэн давст нуурууд зэрэг нөхцөл байдал үүнийг гэрчилнэ. Алашаагийн говь цөл нь олон арван, бүр олон зуун бээрийн дайд даяар төөнөсөн аагим халуунаараа аян замын хүнийг боомилж алахад эсвэл элсэн шуургаараа дарж алахад ямагт бэлэн нүцгэн нуранги элснээс тогтжээ. Заримдаа энэ их элс монголчуудын хэлдэгчлэн, тэнгэр мэт хязгааргүй үргэлжлэх бөгөөд хаана нь ч дусал ус үл олдоно, араатан, жигүүртний аль нь ч огт байхгүй агаад энэхүү үхмэл цулгуй хоосон байдал нь ийш ирсэн хүний сэтгэл санааг айдас хүйдсээр өөрийн эрхгүй дүүргэдэг бөлгөө. Ордосын Хүзүүвчийн элс Алашаагийн их элсний дэргэд өчүүхэн санагдана, түүнээс гадна хэдийгээр ховор боловч шинэхэн өвс ургамлаар хучигдсан баян бүрд тэнд хааяа тааралддаг билээ. Тэгвэл энд ямар ч баян бүрд байхгүй агаад шаргалтан харагдах элс зах хязгааргүй орон зайг эзлэн үргэлжлэхээс гадна давс хужирт шаварлаг том талбайгаар солигдоно, ууландаа ойрхон газрууд нь нүцгэн хайрга чулуугаар бүрхэгджээ. Өвс ургамал байлаа гэхэд туйлын хомс тарчиг, хэдхэн төрлийн тахир муруй бут, хэдэн арваадхан төрлийн өвс ногоо л байх ажээ.


VII бүлэг. Хаалганд буцаж ирсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Аравдугаар сарын 15 – ны өглөө бид Дынь-юань-инийг орхин Хаалган руу буцахаар мордлоо. Явахынхаа өмнөх үдшийг бид анд найз Гэгээн, Сия хоёрынд өнгөрүүлсэн бөгөөд тэд үнэхээр гунигтайгаар биднээс салахдаа аль болох түргэн буцаж ирэхийг хүсэж байв. Бид тэдэнд гэрэл зургаа бэлэглэж, Алашаад биднийг угтсан халуун дулаан хүлээн авалтыг хэзээ ч мартахгүй гэдгээ итгүүлэхийг хичээлээ. Биднийг яг хөдөлж байхад Цорж лам бас нэг түшмэл ирж вангийн хөвгүүдийн үдэлтийн ерөөлийг уламжлахын хамт биднийг хотын гадна хүртэл үдэв. Дынь-юань-инээс (Монголын нутгаар) Хаалган хүртэлх 1200 бээр зайг зогсолтгүй туулах ёстой учир энэ удаа биднийг маш холын хүнд бэрх зам хүлээж байлаа. Гэтэл энэ үед Монголд ноёрхдог хүйтэн жавар, хүчит салхийг дагуулсан өвөл цаг хаяанд ирчихээд байв. Эцэст нь бас нэг таагүй явдал болсон нь миний хамтрагч Михайл Александрович Пыльцов Дыньюань- инээс гараад нэг их удалгүй хижиг өвчнөөс үүдэлтэй халуунд маш хүчтэй нэрвэгдсэн учир бид Алашаагийн хойд хязгаарын Хар морьтын булаг гэдэг газар есөн хоног сул зогсоход хүрлээ. Хэдийгээр бидэнд зарим эм байсан ч би анагаах ухааны мэдлэггүй учир хэрхэн зөв хэрэглэхээ мэдэхгүйгээс миний хамтрагчид эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй болж, байдал үлэмж аюултай болоод байв. Аз болоход залуу бие цогцос нь ялж, Михайл Александрович хэдийгээр ямар ч тэнхээгүй боловч морин дээр тогтоод явахтайгаа болсон билээ. Тэгэхдээ л түүний бие сайнгүй байсан учир үе үе ухаан алдан унаж байлаа. Хэдий тийм боловч бид өдөр алгасалгүй нүүж, нар мандахаас авахуулан жаргах хүртэл нь явна. Шар мөрний зүүн эрэг хавийн төрх байдал, түүний хөндийг хүрээлэн эмжсэн уул нуруутай танилцахыг эрмэлзэн Алашаатай залгаа орших уруд нарын газар нутгаар дайрч явахаар би шийдсэн байлаа. Алашаагийн хойд нутагт, Дынь-юань-инээс 100 бээрийн зайд орших, монголчуудын Жартай давс хэмээх давсан хурдаст асар том нуурт бид хүрэв.


VIII бүлэг. Алашаа руу буцаж аялсан нь

[засварлах | кодоор засварлах]

Хаалганд ирж хэд хоноод би шинэ аялалд шаардлагатай мөнгө, бусад бүх зүйлээ авахаар Бээжин явлаа. Хамтрагч цэргүүдийнхээ хамт аялалд хэрэг болох аахар шаахар зүйлсээ сэмхэн бэлтгэх, мөн Хөх хотоос авсан тэмээд маань тун ч тааруу учир өөр тэмээд олж авах ажилтай Хаалганд үлдэв. Олж, хуримтлуулж авсан бүхий л цуглуулгаа эмхлэх, боож баглах, Хиагт руу илгээх, өнгөрсөн жилийн судалгаа шинжилгээний ажлуудынхаа тайланг бичих зэрэг янз бүрийн ажил дунд бүтэн хоёр сар буюу нэг, хоёрдугаар сар өнгөрсөн байлаа. Бид тэгэхэд ч, одоо ч хөрөнгө мөнгөний хувьд дээд зэргийн хүнд байдалд орсон юм, учир нь 1872 оны аялалд зориулагдсан мөнгө Бээжинд бүрэн ирээгүй байв. Гэвч дахиад л надад шаардлагатай мөнгийг, түүгээр ч үл барам өнгөрсөн жил авсан мөнгөнөөс илүү хэмжээний мөнгийг надад зээлдүүлсэн генерал Влан-галийн хэрсүү зангийн ачаар энэ саад тотгор удалгүй ариллаа. Үүний зэрэгцээ Александр Егорович бидэнд зориулан Гань-су, Хөх нуур, Төвөдөөр аялах үнэмлэх бичгийг Хятадын засгийн газраас хөөцөлдөж байж авч өгөв. Тэгэхдээ уг үнэмлэхийн хавсралт болгож, дээр дурдсан газар орнууд өнөө үед дунгануудын үймээн болон элдэв бусын самуунд өртөөд байгаа болохоор аялан явахад нэн эрсдэлтэй, тийм учраас Хятадын засгийн газар бидний аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэсэн албан ёсны нотолгоог хятадууд өгсөн байлаа. Нөхцөл байдал нэгэнт ийм учраас буу зэвсгийнхээ тоог дээд зэргээр нэмэгдүүлэхээр би шийдлээ. Өмнөх аяллын туршлагаас үзэхэд Азийн нэн хорон санаатай, дээрэмчин амьдралтай, дээр нь бас арчаагаа алдсан аймхай хулчгар амьтдаас чухамхүү энэ л европ хүний хамгийн сайн хамгаалалт болох байсан юм. Удалгүй би Бээжин, Тянь-жинээс хэдэн нагаан буу, хэдэн хурдан сумлагддаг штуцер буу олж авлаа. Шинэ зэвсгүүдээс 400 гаруй алхам газарт сум нь чигээрээ очиж тусдаг Берданы штуцер хамгийн сайн нь байсан юм. Учир нь хэмжээ зай нь тодорхойгүй газарт буудахад энэ буу хамгийн тохиромжтой билээ.


IX бүлэг. Гань-су муж

[засварлах | кодоор засварлах]

Зургаадугаар сарын 20-ны өглөө бид Дажиныг орхин хөдөлж, тэр өдөртөө Гань-су уул өөд өгсөн цоо шинэ цаг уур, шинэ байгаль ертөнцтэй шууд тулгарлаа. Үнэмлэхүй өндөр ихтэй, заримдаа бүр мөнх цасны шугамд хүрсэн аварга уул, хар шороон хөрс эцэст нь цаг уур нь нэн чийглэг, тэгээд ч ус горхи элбэгтэй байдал энэ бүхэнтэй бид Алашаагийн говь цөлөөс ердөө 40 бээрийн зайд орших Гань-сугийн уулархаг өндөрлөг өөд ганц алхаад л тааралдах нь тэр. Ургамал, амьтны ертөнц нь ч эрс өөр болоод явчихав: өтгөн сахлаг өвслөг ургамал үржил шимт тал, хөндийг дүүрэн бүрхэж, өндөр уулын хэц бэлүүд нь ой модоор хучигдсан бөгөөд амьтны ертөнц нь ч бас арвин баялаг төрөл зүйлтэй ажээ... Гэхдээ бүгдийг дэс дараагаар нь өгүүлэх болно. Монгол орны бусад уул нуруудын адил Гань-сугийн нуруу ч гэсэн Алашаагийн тал руугаа улам өндөрссөн ч нөгөө талын нь бэл ихээхэн налуу, богинохон байв. Тэр ч байтугай, бидний яваа замын баруун гар талд 50 орчим бээрийн зайд хоцорч байгаа Кулиан, Лиань-чжу уулсын мөнх цаст сэрвэн хяр ч өндөрлөг рүүгээ нэлээд налуу буусан нь алсаас харагдахын зэрэгцээ эндээ, өөрөөр хэлбэл өвөр бэлдээ энд тэнд цоохортсон нимгэн цасан хучлагатай байх ажээ. Захын уулын хормойгоос давааны орой хүртэл шаварлаг занараас тогтсон элгэн хадаар хязгаарлагдсан ам даган өгслөө, зам нэлээд сайнаар үл барам, бүр тэрэг ч явж болохоор аж. Уул нь ихээхэн өндөр, маш сайхан өвс ургамлаар хучигдсан хэц бэлүүдтэй, хяраа дагасан багавтар ой модтой байсан ч бид хажуугаар нь өнгөрөн гарсан билээ. Энэ уулын үзүүрээс 28 бээрийн зайд орших даваанаас холгүй дунгануудын хөлд өртөн сүйрсэн Да-и-чу гэдэг багаахан хятад хот байх ба биднийг түүгээр өнгөрөх үед 1000 хятад цэрэг тэнд суурьшсан байлаа. Хотын үнэмлэхүй өндөр нь 8600 фут атал Дажин хот далайн түвшингээс дээш ердөө 5900 фут өргөгдсөн ажээ.


X бүлэг. Тангудууд ба дунганууд

[засварлах | кодоор засварлах]

Си-фань гэж хятадуудын нэрлэдэг тангудууд бол төвөдүүдтэй нэг угсаа гаралтай болой. Тэд Гань-сугийн уулархаг нутаг, Хөх нуурын болон Цайдамын зүүн хэсэгт суудаг боловч Шар мөрний дээд биеийн усан савыг хамгийн илүүтэй эзэгнэн амьдарч, урагшаагаа Хөх мөрөн, бүр түүнээс ч цааш тархжээ. Хөх нуур, Цайдамаас бусад дээр дурдсан газар нутгийг тангуд нар нийтэд нь Амдуу хэмээн нэрлэж, хэдийгээр хятадууд, зарим газар монголчуудтай ихэвчлэн холилдон амьдардаг ч тэдгээрийг өөрсдийнхөө газар нутаг гэж үздэг бөлгөө. Тангудууд гадаад төрх байдлаараа хятадуудаас, монголчуудаас ч эрс ялгаатай бөгөөд өмнө дурдсанчлан зарим талаараа цыгануудыг санагдуулна. Ерөнхийдөө дунд зэргийн, зарим нь өндөрдүү нуруутай, өргөн цээжтэй, бахим бадриун бие хаатай. Үс, хөмсөг, сахал нь хав хар, нүд нь хар бөгөөд дунд зэргийн буюу том нүдтэй, монголчуудынх шиг онигор бус. Хамар нь шулуун, тэгэхдээ заримынх нь бүргэдийнх шиг монхор эсвэл шантгар болой. Нэлээд зузаан том, заримынх нь гадагш эргэсэн дарвагар уруултай. Шанаа түүшүү нь товгордуу боловч монголчуудынх шиг эрс товгор бус, нүүр нь урт зуувандуу боловч хавтгай нармигар биш, бөөрөнхий гавалтай, сайхан цагаан шүдтэй. Бие, нүүрнийх нь арьс боровтор, эмэгтэйчүүдийнх нь цайвардуу, эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ арай намхавтар нуруутай болой. Тангудууд уруул, эрүү шанааны сахлаа их ургуулдгаараа монголчуудаас ялгаатай ч сахлаа ямагт хусна. Толгойнхоо үсийг авахуулдаг ч ар дагз дээрээ гэзэг үлдээх бөгөөд лам нар нь монголчуудын нэгэн адил үсээ мулзайтал хусуулна. Эмэгтэйчүүд нь үсээ урт ургуулж голоор нь хагалан самнаж гэзэг тавин сүлжих бөгөөд толгойнхоо баруун, зүүн хоёр талд 15-20 ширхэг жижиг сүлжмэл гэзгүүд унжуулахын хамт хээнцэрлэхийн тулд тус бүрээс нь тууз, зүүлт гэх мэтийг уяж чимэглэнэ.


XI бүлэг. Хөх нуур, Цайдам

[засварлах | кодоор засварлах]

Тангудуудын Цог-гумбум, хятадуудын Цин-хай хэмээдэг Хөх нуур нь Синин хотоос баруун тийш, далайн түвшингээс дээш 10500 фут өндөрт орших бөлгөө. Баруунаас зүүн тийш чиглэсэн их тэнхлэгтэй зууван дугуй хэлбэртэй энэ нуурын тойргийн урт 300-350 бээр орчим, хэмжээг нь яв цав тогтоох боломжгүй ч нутгийнхны ярьж буйгаар нуурыг явганаар бүтэн тойроход хоёр долоо хоног харин мориор тойроход 7-8 өдөр болдог юм байна. Хөх нуурын эрэг маш гүехэн агаад хэрчигдэж эвдэрсэн, тахиралдаж муруйсан газар байдаггүй, ундаанд хэрэглэж болохооргүй шорвог устай бөгөөд энэхүү давсархаг шорвог чанар нь нуурын мандлыг хар хөх өнгөтэй болгон харагдуулдагт монголчууд хүртэл анхаарлаа хандуулан, цэнхэр торго шиг гэж хэлсэн нь тун ч оносон зүйрлэл юм. Хөх нуур маш үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд ялангуяа ойр хавийн нь уул цасанд дарагдан, бидний буусан газраас зүүн тийш тэртээ тэнгэрийн хаяа руу тунаран цэлийх хилэн цэнхэр өнгийн өргөн цэлгэр усыг хүрээлсэн цав цагаан жааз мэт харагдах намрын адаг үеэр бүр ч чамин тансаг болох ажээ. Эргийн уулсаас нь маш олон жижиг гол горхи Хөх нуур луу урсан орсон боловч арай томоохон нь найм, түүнээс хамгийн дорвитой нь нуурын баруун урд руу цутгадаг Бухын гол юмсанж. Аливаа том усны адил өчүүхэн төдий салхи гарахад л Хөх нуурын ус хүчтэй давалгаалах учир амар тайван байх нь нэн ховор, тэгэхдээ нэн богино хугацаагаар амсхийнэ.


XII бүлэг. Умард Төвөд

[засварлах | кодоор засварлах]

Цайдамын намгархаг талын урд хил нь умард Төвөдийн уулархаг өндөр газрыг ч бас хүрээлж байдаг Бурхан Будда нуруу юм. Энэ нуруу зүүнээс баруун зүгт сунан тогтсон бөгөөд нутгийнхны ярьж буйгаар 200 орчим бээр урт гэнэ. Бурхан Будда уулын зүүн үзүүр нь Ёграй уулнаас холгүй, Тосон нуураар огцом хязгаарлагджээ, түүний баруун зах нь Бурхан Будда уулын урд хормойгоос эх аван энэ уулыг баруун талаар нь тойрон урсаж, Цайдамын тал руу оронгуут Баян голд цутгадаг Номхон гол болно. Үүнээс үзэхэд Бурхан Будда уул нь зүүн, баруун аль ч талаасаа тодорхой байдлаар хашигдаж хязгаарлагдсан нэг зурваст Цайдамын тэв тэгшхэн тал доор огцом сүндэрлэн боссон нуруу бөгөөд үргэлжилсэн хяр болой. Монголчуудын ярианаас үзэхэд Бурхан Будда уул гэдэг энэ нэрийг хэдэн зуун жилийн өмнө Төвөдөөс Монгол руу буцаж явсан нэг гэгээн өгчээ. Тэрхүү гэгээн Төвөдийн говь цөлийн бүхий л хүнд хүчир, айдас хүйдсийг амсаж туулсны эцэст Цайдамын арай дулаан тал нутагруу бууж ирмэгцээ умард Төвөдийн хүйтэн, цөлөрхүү, өндөрлөг газрын аварга том манаач болсон энэ нурууг Будда бурхны нэрээр нэрлэсэн гэдэг. Үнэхээр ч Бурхан Будда уул хойд, урд хоёр талд нь байх хоёр өөр орон газрын бодитой, биетэй хил хязгаар нь болж байдаг. Уулын урд талаас эхлэн тухайн газар орон 13-15 мянган футын маш үнэмлэхүй өндөрт өргөгдсөн бөгөөд ийм өндөрт орших энэ өндөрлөг Бурхан Будда уулнаас Хөх мөрний дээд бие хүртэлх бүхий л орон зайд бас түүнээс хавьгүй цаашилж бүр Тань-ла нуруунд хүрэхдээ бүр ч өндөрссөн бололтой үргэлжилсэн байх ажээ.


XIII бүлэг. Хөх нуур, Гань-су ууланд өнгөрүүлсэн хавар

[засварлах | кодоор засварлах]

Хоёрдугаар сарын эхний арав хоногт бид Умард Төвөдийн цөл говиор хэрэн хэсэх ажлаа дуусгавар болгож Цайдамын хээр талд буцаж ирлээ. Энэ хээр тал, Төвөдийн өндөр уулархаг нутаг хоёрын цаг уурын эрс тэс ялгаа даанч их байснаас би Бурхан Буддагийн нуруунаас бууж явахдаа бараг алхам тутамдаа хэрхэн дулаарч, хаврын урь орж буйг мэдэрч байлаа. Арай дулаан Цайдамын тал нутгаас зэргэлдээ орших Төвөдийн хэсэгт үзүүлдэг нөлөө бүр Шуга уул хүрэхээс өмнө илэрхий болж, бид буцах замдаа энэ нурууны ар тал руу ормогц цаг уур эрс зөөлрөөд явчихсан билээ. Шөнөдөө -28,5°с хүртэл хүйтэрч байсан хэдий ч өдөр нь нарны илчинд нэлээд сайн бүлээцдэг байсан учир 2-р сарын 5-ны өдөр Бурхан Будда уулын Төвөдийн талд эхний хорхой шавжнууд гараад ирчихсэн байв. Мөр-Ус руу анх бид явж байхад Шуга гол хүртэл нэлээд таатай, өдөр нь бүр дулаахан байснаа дээрх уулыг давж Уян харзын голын цаад талын өндөрлөг хавтгайд өгсөж очмогц ихээхэн хүйтэн, салхи шуургатай болж эхэлсэн юм. Цайдамд ерөөс хавар эрт болдог бөгөөд тив газрын шинж чанартай байдаг онцлогтой ажээ. Тухайлбал, 2-р сарын дунд үеэр шөнөдөө -20°с хүртэл хүйтэрдэг атлаа өдөртөө заримдаа +13°с (сүүдэр газарт) хүртэл дулаан болдог юмсанж. Наранд ээвэр газрын мөс хаа сайгүй хайлж, 2- р сарын 10 гэхэд анхны усны шувуу-ангир ирсэн харагдлаа, 13-нд цоно нугас1 ирсэн бол маргааш нь бохио нугас (Mergus Merganser), улаан гүеэт хөөндий (Turdus ruficollis), цагаан хун (Cygnus musicus) ирж, өглөө болгон жижиг шувуудын жиргээ, гургуулын дуу сонстох болов, нэг үгээр хэлэхэд хаврын улирал нэгэнт ирчихээд байсан юм.


XIV бүлэг. Алашаа руу буцав. Говь туулан Өргөө хүрэх аян зам

[засварлах | кодоор засварлах]

Тавдугаар сарын сүүлчээр бид Гань-сугийн уулархаг мужаас гарч, Алашаагийн цөлийн хаяанд тулж очив. Одоо бидний өмнө хязгааргүй их тэнгис мэт сул элс цэлийж байсан бөгөөд энэхүү үхмэл хаант улс руу жаахан эмээнгүйхэн хөл тавилаа. Газарчин хөлслөх мөнгөгүйн улмаас аян замын бүхий л хүнд хүчир, санаанд оромгүй явдалтай учрах эрсдэлийг өөрсөд дээрээ хүлээн газарчингүй явах болов. Түүнээс гадна ноднин жил тангудуудын цувааг даган явахдаа миний бие замын зүг чиг, зарим нэг онцлох тэмдгийг сэмхэн, ихэвчлэн таамгаар тэмдэглэж авсан байлаа. Аян замын ийм тэмдэглэл, мэдээжийн хэрэг, тун ч найдваргүй боловч одоо энэ говь цөлд бидний цорын ганц зам заагч болж өгсөн билээ. Дажинаас Дынь-юань-ин хот хүрэхэд бид 15 хоног зарцуулж, энэ хүчир хүнд замыг мэнд туулав. Зөвхөн ганц удаа л их цөлд төөрөх дөхсөн нь 6-р сарын 9-ний өдөр Сариг долоон нуур, Сангийн далайн худаг хоёрын хооронд болсон хэрэг байв. Сариг долоон нуураас өглөө эрт хөдөлж эхлээд нуранги цулгуй элсэн дундуур хэдэн бээр явсны эцэст удахгүй хоёр салаалсан нэгэн зам эхэлж байгаа шавар хавтгай руу гарлаа. Ноднин явахдаа бид энэ газрыг шөнө дайрч өнгөрсөн ч зам салаалж байгааг анзаараагүй учир одоо аль замаар нь явахаа таамгаар сонгох хэрэгтэй болов. Энэ хоёр зам маш хурц өнцгөөр салаалсан учир бүр ч хүндрүүлж байсан юм. Замын эхний салаа арай тод, илүү элэгдсэн байсан учир үүнийг сонгож явахаар би шийдсэн нь алдаа боллоо.


ХОЁРДУГААР БОТЬ

[засварлах | кодоор засварлах]

I хэсэг. Цаг уурын талаар

[засварлах | кодоор засварлах]

Аяллын турш өдөр болгон гурвантаа хийж байсан бидний цаг уурын ажиглалт нь гурван жилийн хугацааг хамрахын зэрэгцээ физик шинж чанараараа тэс өөр өөр орон нутгуудад хэрэгжиж байсан учир бидний явсан очсон газар орнуудын цаг уурын байдлыг маш ерөнхий шинж төлвөөр нь л тодорхойлох материал болж өгнө. Нэг газраас нөгөө тийш цаг үргэлж нүүж явсан болохоор ажиглалтыг яв цав нарийн хийх бололцоогүй байсан нь мэдээж. Нэг өдрийн хугацаанд гэхэд л энэ ажиглалтаа ууланд ч, задгай талд юм уу, элсэн хавтгайд ч, заримдаа бүр үнэмлэхүй өндрөөрөө бүхэл бүтэн мянган футын зөрүүтэй нутаг газруудад хийх тохиолдол гарч байсан юм. Ийм нөхцөлд аяллын үед бидний олж авсан цаг уурын холбогдолтой баримт сэлтүүд нь физик шинж чанараараа туйлын өвөрмөц бөгөөд шинжлэх үүднээс огт судлагдаж байгаагүй газрын цаг уурыг хамгийн ерөнхий байдлаар илэрхийлэх нь ойлгомжтой юм. Ерөнхийдөө Далай нуураас Хөх мөрний дээд бие, Алашаагаас Өргөө хүртэл явж бидний очиж байсан Дотоод Азийн өргөн уудам дайд нь цаг уурын төлвөөрөө ч, газрын гадаргын шинж төрх, ургамал, амьтны ертөнцөөрөө ч бие биеэсээ огт өөр хоёр хэсэгт, тухайлбал захаараа Хятадтай хил нийлдэг Их говь цөл, Гань-сугийн уулархаг нутаг урд тал нь болж буй Төвөдийн уулархаг өндөр газарт хуваагдах бөгөөд бидний хийсэн цаг уурын ажиглалт эхнийхэд нь хоёр дахиасаа 2 дахин их цаг хугацааг хамарсан болно. Би доорх хэдэн хуудсанд хийсэн судалгаа шинжилгээнийхээ ерөнхий дүгнэлтийг гаргаж, тэдгээртээ үндэслэн тухайн нутаг орны улирал нэг бүрийн цаг уурын байдлыг тодорхойлж, улмаар очсон газар орнуудынхаа цаг агаарын үзэгдлүүдийн талаар нэгтгэн дүгнэж өгүүлэх болно.


Миний бүтээлийн II ботийн энэ хэсэг нь аяллынхаа үед бидний хийсэн шувуу судлалын холбогдолтой ажиглалтуудын үр дүнг агуулж буй юм. Аяллын явц, аян замын нөхцөл байдлаас хамааран нэг газар нутгийг арай бүрэн дүүрэн, нөгөөг нь өнгөц, дутуу дулимаг судалж явсан бөгөөд эхнийхэд нь Монгол орны зүүн өмнөд хязгаар, Ордос (чухамдаа Шар мөрний хойд тохойн хөндий), Алашаа, Гань-су, Хөх нуурын зарим хэсэг, харин хагас дутуу судлагдсан газар оронд Халх, Цайдам, Умард Төвөд хамаарна. Шувуу судлалд хамаарах эрэл хайгуул нь бидний гол ажлуудын нэг хэдий мөн боловч бид хаа явсан газартаа зөвхөн шувуу судлалаар хязгаарлагдаагүйгээс гадна нэг газарт жилийн дөрвөн улирлын турш ажиглалт хийж байгаагүйгээс судалгаа маань алаг цоог, эрээвэр хураавар шинжтэй болсон юм. Бид аяллынхаа бүхий л хугацааны турш 289 зүйлд хамаарах шувуудыг олсон бөгөөд тэдгээрийг 7 багт, тухайлбал: Accipitres 24, Passeres 158, Scansores 4, Columbae 5, Gallinae 16, Grallae 45, Natatores 37 зэрэгт хувааж үзлээ. Дээрхээс цоо шинэ 20 зүйл (хоёр нь шинэ төрөлд хамаарна), нэг дэд зүйл олдсон болно. Үүнд: Caprimulgus plumipes, Rhopophilus pekinensis, Swinh.var.major, Ruticilla Alashanica, Calliope Tschebaiewi, Poecile superciliosa, Poecile affinis, Lophophanes dichroides, Merula Kessleri, Onychospiza Tacranowskii, Carpodacus rubicilloides, Carpodacus dubius, Pyrrhospiza longirostris, Urocynchramus Pylzowi, Otocoris nigrifrons, Alaudula Kukunoorensis, Rhasianus Vlangalii, Phasianus Strauchi, Perdix sifanica, Caccabis magna, Tetrastes Sewerzowi, Grus nigricollis болой. Энэхүү II хэсгийн эцэст хавсаргасан хүснэгтээс бидний очсон газар орнуудад шувууд хэрхэн тархсан байдлыг газарзүйн үүднээс олж харж болно. Физик шинж чанараараа Монгол ба Төвөдийн говь цөлөөс эрс өөр Гань-сугийн уулархаг муж нутаг гэхэд л газарзүйн тархалтынхаа хойд хилээр энд хүртэл ирсэн Гималайн олон төрөл зүйлийг багтаасан жигүүртэн шувуудын онцгой сайхан ертөнцтэй болохыг мэдэх болно.


III хэсэг. Хэвлээр явагчид, хоёр нутагтан (Академич А.Штраух боловсруулав)

[засварлах | кодоор засварлах]

Уудам их нутагтай Хятад гүрний герпетологийн ертөнцийг өнөө хүртэл тун ч муу мэддэг, гарт олдсон ганц хоёр мэдээ баримт нь Европын гүрнүүдийн Консулын газар, худалдааны наймааны төвүүд орших хэдхэн боомт, арлуудад л хамаатай төдий шахам билээ. Тэгвэл Хятадын дотоодын болон Сибирьтэй хил залгаа хэсэг герпетологийн хувьд жинхэнэ terra incognita хэвээр байна. Яах вэ, сүүлийн үед францын номлогч Давид Хятадын зүүн хойд хэсэгт, английн Хендерсон баруун хойд хэсэгт байгаль – түүхийн судалгаа шинжилгээ хийсэн боловч тус орны герпетологийн ертөнцийг аль нь ч анхаарсангүй. Номлогч Давид аян замынхаа тухай тайланд нүдэндээ туссан хэвлээр явагчид, хоёр нутагтны талаар дурдах төдий өнгөрч, ямар ч тодорхойлолт, тайлбар хийгээгүй бол Английн Хендерсон, Юм нарын хэвлүүлсэн бүтээлд дурдсан салбарын талаар ганц ч үг бичээгүй байх ажээ. Ингээд үзэхэд, Умард Хятадын хэвлээр явагчид, хоёр нутагтны талаар сүүлийн үед олдсон мэдээ баримтууд нь Монгол орон, Говь нутгаар аялсан англи эр Бренчлийн олж авсан хоёр зүйлийн гүрвэлийн тодорхойлолтоор4 хязгаарлагдаж таарах нь. Нөхцөл байдал ийм байхад Умард Хятадын герпетологийн ертөнцөд хамаатай бидний мэдлэгийг хамгийн өчүүхэн зүйлээр ч атугай баяжуулах нь чухал ач холбогдолтой. Ингээд бодохоор, амьтныг спиртэд хадгалахад зориулагдсан багаж хэрэгслээр маш дутмаг явсан Н.М.Пржевальский явсан, очсон газар орондоо тааралдсан хэвлээр явагч, хоёр нутагтны үлэмж гэхүйц цуглуулга хийж ирснийг үнэхээр талархан сайшаавал зохино. Тэдгээр нутаг оронд байдаг дээрх 2 ангийн төлөөлөгчдийг энэ цуглуулга төлөөлж огт чадахгүй ч гэсэн тэндхийн герпетологийн ертөнцийн ерөнхий шинж чанарын тухай ойлголтыг бүрэн өгч чадна. Н.М.Пржевальский нийт 51 хэвлээр явагч, 31 хоёр нутагтан, тухайлбал 7 яст мэлхий, 36 гүрвэл, 10 могой болон 31 сүүлгүй хоёр нутагтан (Anura) авчирсан нь 23 зүйлд хамаарч буйгаас 12 нь шинэ зүйл болно.


IV хэсэг. Загас (профессор К.Кесслер боловсруулав)

[засварлах | кодоор засварлах]

Миний бие Н.М.Пржевальскийн хүсэлтээр түүний Умард Хятадаар хийсэн аяллаараа олж авчирсан загаснуудыг тодорхойлон тогтоож бичих үүргийг өөртөө хүлээсэн билээ. Энд тэдгээрийн нэрсийг системтэй жагсаахын хамт тэдгээрээс бидний муу мэддэг болон огт мэдэхгүй шинэ зүйлүүдийг ямар нэгэн хэмжээгээр тодруулан дүрсэллээ. Хятад орны цэнгэг усны загас зөвхөн энэ зууны эхнээс л бага багаар мэдэгдэж эхэлсэн гэж хэлж болох бөгөөд энэ үеийг хүртэл зөвхөн л нэлээд эрт Европт авчирч зориудаар үржүүлж эхэлсэн алдарт алтан загасыг (Carassius auratus, L.) л мэддэг төдий байсан юм. Кювье, Валансьен нарын томоохон бүтээлд тодорхойлогдсоноор болон заримыг нь дүрсэлсэн хятад зургаар Хятадын цэнгэг усны нэлээд олон загас бидэнд мэдэгдсэн билээ. Хятадын загасны тухай бидний мэдлэгийг, ялангуяа Рихардсон, Базилевский нар, саяхнаас Блекер, Кнер, Гюнтер, Гишино, Дыбовский, Соваж, Дабри нар онцгой ахиулав. Өнөө цагт үнэн зөв тодорхойлон тогтоогдсон барагцаагаар 200 хүрсэн ч Хятад орны гол мөрөн, нуур цөөрөм харьцангуй нэг их судлагдаагүй, зарим нь загас судлалын үүднээс бүр огт судлагдаагүй хэвээр байгааг харгалзан үзвэл ер нь Хятадын цэнгэг усны нийт загасны тоо 300 хол гаруй, тэр ч байтугай бүр 400 гаруй болох нь эргэлзээгүй. Тогтоон тодорхойлогдсон хятад загасны 200-гаад зүйлийн тал хувиас багагүй нь мөрөг загасны (cyprinidae) бүлд хамаарах учир энэ бүл Европ, Өрнөд Азид давамгайлж байдаг шигээ энд ч гэсэн бусад бүлээс давамгайлж байгаа болно.

Цаг уурын ажиглалтын хүснэгт

[засварлах | кодоор засварлах]

МОНГОЛ ОРОН, ГАНЬ-СУ, ХӨХ НУУР, ЦАЙДАМ, УМАРД ТӨВӨДӨД 1870 ОНЫ 11-Р САРЫН 7-НООС 1873 ОНЫ 9-Р САРЫН 19-НД ХИЙСЭН ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТЫН ХҮСНЭГТ


Номын зохиогчийн тухай

[засварлах | кодоор засварлах]

Уг номын зохиогчийн тухай мэдээллийг та Н.М.Пржевальский үзнэ үү.