Jump to content

Монгол дахь Казахууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улсын харъяат касах угсаатнууд (каз. Моңғолиядағы қазақтар) - Монгол Улсын казах гаралтай иргэд.

2023 оны 3-р сарын 1-ний өдрийн байдлаар Монголын нийт хүн амын 4.0 %-г эзэлж байв. Монголын Үндэсний статистикийн хорооны 2025 оны мэдээллээр, хасагуудын 76.5 хувь нь Баян-Өлгий аймагт, 9.0 хувь нь Улаанбаатар хотод, 8.5 хувь нь Ховд аймагт, 2.2 хувь нь Дархан-Уул аймагт, Үлдсэн 3.3 хувь нь Налайх дүүрэг болон бусад аймгуудад тархан амьдарч байгаа аж.

Казах угсаатнуудын 49.9 хувь нь эрэгтэй бол 50.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл, 0.14 насныхан 34.5 хувь, 15-24 насныхан 17.2 хувь, 25-34 насныхан 16.8 хувь, 35-44 насныхан 12.8 хувийг эзэлж буй бол 9.1 хувь нь 45-54 насныхан, 9.6 хувь нь 55-аас дээш насныхан аж.

Монголын казакууд нь бусад казах үндэстний нэгэн адил Түрэг угсааны үндэстэн юм.

Казакууд одоогоос 120 гаруй жилийн тэртээ Алтайн нурууг даван нүүдлэн Монголд ирсэн.

8-р зуунд Түрэгийг мөхсөний дараа 10-р зуун хүртэл Карлугийн улс, 11-12-р зуунд Кимак, Кипчак, Карахандын улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 13-р зуунаас Монголын эзэнт гүрний Алтан Ордны хаант улсад харъяалагдан зуутын зохион байгуулалттай болж их, дунд, бага зуут хэмээн хуваагджээ. Чингис хааны хоёрдугаар хөвгүүн Цагаадайн байгуулсан улс нь Төмөрийн хаант улс, Казах ханлиг, Үзбек ханлиг, Киргиз ханлиг болон задрахад Барлас, Найманы казахууд нэгдэн шинэ улс байгуулах оролдлого хийж Казахын Хант улсыг байгуулжээ. 17-р зууны эхээр Зүүнгарын хаант улсын довтолгоонд өртөн, хойд талаасаа Бухар, Хивийн хаант улсын довтолгоонд шахагдсанаар Казахын хаант улсын хүч буурч хуваагдан нэг нь Оросын хаант улсад дагаар орж, нөгөө хэсэг нь одоогийн Шинжаан Уйгар руу нүүдэллэн Манж улсын харъяанд оржээ. Ийнхүү 18-р зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харъяат казахууд Дорнод Туркестанд нутаглан Хар Эрчис, Алтай хавиар нутаглаж байгаад 1864 онд Алтайн нурууг даван ирсэн нь одоогийн Баян-Өлгий аймаг дахь казахуудын удам болно.

Тэд 19-р зууны дунд үеэр Алтайн өвөрөөс Шинжан хүртэл нутаглан зуны улиралд Алтайн нуруу даван Урианхайн нутаг руу орж ирэн зусаж намар нь Алтайг даван ургаш буцаад нүүдэг байжээ. Тэд Шинжаны Бухтарм голын эх Эрчис мөрөн хавиар нутаглаж байсан байна.

Казахууд 18-20-р зуунд Шинжаан, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг. Тэдний зарим нь 18-р зуунд Шинжаанд ирсэн бол 19-р зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шинжаан руу дүрвэсэн байна. Харин казахуудын зарим хэсэг нь 19-р зууны уйгурын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шинжаанд исламын шашинтай уйгур, казахууд болон Хятадын хоорондох тулаан, Гоминданы хятадын хавчлага хяcлага зэргээс шалтгаалан Монголд нүүн иржээ.

1917 онд Богд хаант Монгол улсын үед казахуудыг Монгол улсын харъяат болгоход Керейд, Найман овгийн 21000 хасаг иргэд бүртгэгджээ. Казахт 12 овог байх бөгөөд Жантекейн, Шерүүч, Молхо, Керейд нь зонхилох байр суурьтай байдаг байна. Алтайн казахууд нь Керейд овгийн хүмүүс бөгөөд тэд Уах, Абах, Ашамайл хэмээх гурван янзын керейд ажээ. Эдгээрээс Монголд шилжин нутагласан нь Абах керейд, Найман казах ажээ. Абах нь дотроо 12 яс овгоос бүрдэх бөгөөд зарим нь Монголд байхгүй. Харин Найман казах нь Улаанхус суманд цөөн үлдэж, Ховд аймгийн Булган суманд Ители овог зонхилдог. Маршал Х.Чойбалсан Монгол улсын ерөнхий сайд байхдаа баруун хязгаар руу явж Оспантай уулзаж олон үндэстэн ястанг амар амгалан байлгах тухай хэлэлцээр хийсэн байдаг. Түүнд буу сум, мөнгө өгч Шинжаан Уйгарт явуулж буй бослогыг дэмжсэн тэр үеэс Алтайн хязгаарын казах иргэд бөөн бөөнөөрөө Монгол руу дүрвэн иржээ. 1938 оны 6 дугаар сарын 9-нд Бага хурал хуралдаж үндэсний цөөнхийн асуудлаар шийдвэр гаргаж байжээ.

Уг тогтоол ёсоор урд тал нь улсын хил, зүүн ба хойт талаар Дэлүүн, Хонгор өлөн, Хатуу, Өлгий, Орогтоос урагших газрыг Урианхайтай хамтран тэгш эрхтэйгээр эдлэхээр олгожээ. 1930-аад оноос эхлэн нам төрөөс казахуудыг шинэ газар суурьшихтай холбоотой арга хэмжээг авсан байна.

Казакууд 1931 оноос Чандмань уулын аймгийн харьяанд байгаад 1940 онд бие даасан Баян-Өлгий аймагт амьдрах болжээ. Сүүлд 1991 онд ЗХУ задрахад түүний бүрэлдэхүүнд байсан Казакстан улс тусгаар бие даасан улс болсны дараа Монгол дахь 50-60,000 гаруй казах иргэд мал ахуйгаа зараад шинэ Казакстаныг зорьсон ба 2000 он гэхэд 10-20,000 нь эргэн буцаж ирсэн байна.[1]

Монгол дахь алдартай казахууд

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын баатар Н.Икей, алдарт нисэгч генерал М.Зайсанов, Хаби, Байтазагийн Хурматбек, А.Сарай, Х.Хызырхан, Тилейхан, Ахмет, У.Хамбар, Шангишбай, Хашгынбай, К.Мизимхан, Сөйлхан, 1992-1996 оны УИХ-ын гишүүд Ажханы Болат, Раздакийн Сандалхан, Таукейн Султан, Х.Володя, Х.Жекей, А.Мурат, А.Бакей, А.Тлейхан, Тилеуханы Аубакир, Элчин сайд Кадырын Сайраан, 2000-2005 онд Баян-Өлгийн аймгийн засаг дарга асан Х.Бадылхан, Хөдөө аж ахуйн дэд сайд Жанимханы Сауле болон Улсын Бага хурлын орлогч дарга агсан Кинаятын Зардыхан зэрэг юм.

  1. Barcus, Holly. "Kazakhs of Mongolia". Татаж авсан: 21-04-2023. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)