Jump to content

Монгол шуудангийн марк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол шуудангийн марк - Шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал бичиг зэрэгт наах, мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас.

Маркийг тарифийн болон уран сайхны гэж хоёр ангилдаг. Түүнээс гадна тоо хэмжээ, зориулалт, сэдэв, технологи зэргээс хамаарч дотроо олон ангилалд хуваагддаг байна.

Монгол марк монгол зургийн дэгийн дагуу гол онцлог нь өнгөний ялгарал байдаг бөгөөд үндэсний хээ угалзаар чимж өгдөгөөрөө дэлхийн 200 гаруй орны маркаас ялгагддаг байна.

Монгол шуудангийн марк, 1934 он

1921 оны 7-р сарын 19-нд Ардын засгийн газрын тэргүүлэгчдийн VI хурлын тогтоолоор "Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо" байгуулагдаж анхы даргаар 1924 он хүртэл томилогдон ажиллаж байсан Мандалын Бат-Очирын санаачилгаар Монгол Улсын шуудангийн анхны маркийг Монгол Улсын Ардын Засгийн газрын 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолын дагуу “Элдэв-Очир” хэмээх сэдвээр 7 нэрийн марк гаргахаар шийдвэрлэсэн байна. 1924 оны YII сарын 1-нд 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 өнгө ялгасан нэгэн багц маркийг хэвлүүлж гаргасан тухай Цахилгаан шуудангийн ерөнхий хороо, Гадаад Явдлын яамнаас 1924 оны YIII сарын 2-ны өдөр Засгийн газарт өргөсөн 42/565 тоот албан бичигт дурьдсан байдаг.

Анхны монгол маркийг санаачлагч М.Бат-Очир 1895 онд төрсөн бөгөөд Монгол Улсын өртөө шуудангийн ажлыг шинэчлэн зохион байгуулах, шинэ марк гаргах ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

“Элдэв-Очир” буюу “Нацагдорж “ нь дотроо зөрүүлэн байрлуулсан хоёр “Очир”-оос бүрддэг бөгөөд хэзээ ч салшгүй бат бэх, дийлэгдэшгүйн бэлгэдэл болдог. Монгол Улс энэ үед үндэсний мөнгөн тэмдэгтийг хараахан гаргаагүй байсан тул маркийн нэрлэсэн үнийг доллароор илэрхийлэн гаргасан байна. Эдгээр маркийг хэвлэх үеийн технологийн түвшингээс шалтгаалан зарим маркийн өнгө, шивээсний хэмжээ өөрчлөгдөн гарсан байдаг аж.

"...1924 онд ардын засгийн газраас олон улсын одоогийн жишээгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир тийнхүү Шанхайд захижээ. Тэр цагт бас Европын хэл бичиг сайн мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэсэн үгийг оросоос монгол болгож чадаагүй, /почит марка/ монгол үсгээр ойртуулсхийн бичээд, монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн билээ. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэдэг солбицсон очиртой зураг зурсан нь, Очир гэж нэгэд “бат” гэсэн санаа тул Бас Очир /тэмдэг наасан захиа алдагдалгүй хүрэх “бат” гэсэн санаа/ бол Энэтхэгээс гаралтай үг бөгөөд уг очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны бэлгэ тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ёс буй тул ардын засгийн анхны холбоочны тийнхүү шуудангийн тэмдгийг монголчуудын олон зуун жил мэддэг, хэрэглэдэг “очир” гэдэг тэмдгийг хэрэглэсэн нь монгол үндэсний хэлбэртэй, интернационалын утгатай тэмдэг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тусгай тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэж манай улсын шуудангийн анхны маркийн тухай билгүүн номч Бямбын Ринчен 1958 онд “Монголчуудын шуудан, шуудангийн тэмдгийн учир” өгүүлэлдээ тун тодорхой тайлбарлан бичсэн байна. Хэдийгээр тухайн үед Ардын түр Засаг тогтсон ч Богд Жавзандамба хутагт хэмжээт эрхт хаан хэвээр байсан тул улсын нэрийг албан ёсоор хараахан бүрэн гүйцэд тогтоож амжаагүй байсан юм. Маркийн төсөл батлагдсанаас хойш даруй нэг жилийн дараа хуралдсан шинэ Монгол улсын анхдугаар их хурлаас тус улсын албан ёсны нэрийг “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн тунхагласан билээ. Энэ мэт учир шалтгааны улмаас Монголын шуудангийн анхны марк нь улсын нэргүй хэвлэгдсэн байдаг байна.

1926 онд хэвлэгдсэн Монголын хоёр дахь марк бол Соёмбо үсэгний дүрстэй, 25 долларын үнэтэйгээр 300 ширхэг хэвлэгдсэн марк юм. Мөнгө санхүүгийн баталгаа болгож гаргасан байна.

Монголын шуудангийн марк

[засварлах | кодоор засварлах]

1962 онд эзэн богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиосон. Тэр үед МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурал дээр үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир “Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай” асуудал оруулжээ. Уг хурлаас Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийх, дурсгалын хөшөө босгох, шуудангийн марк гаргах болон баримтат кино хийхээр тогтсон ажээ. Ингээд Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар Эзэн богд Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн 20, 30, 50, 60 мөнгөний үнэтэй дөрвөн төрлийн нэг цуврал марк үйлдсэнийг мөн оны зургадугаар сарын 2-ны өдөр гүйлгээнд гаргасан байна. ЗХУ энэхүү ажлыг дуулаад тэр дор нь уг ажлыг зогсоох үүрэг өгчээ. Ингээд Чингис хааны 800 жилийн ойд зориулж хийсэн марк хэлмэгдэж, хорин долоон жилийн турш архивын тавиур дээр тоосонд дарагдан хэвтээд, харин 1990 оны ардчилал гарч, үндэсний үзэл суртал сэргэсэн цаг үед зүй ёсоор худалдаанд гарч байжээ. Одоо энэ их ховор үнэтэй марк болжээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Энхбат “Монголын шуудангийн түүх” цуглуулгаараа марк цуглуулагчдын үзэсгэлэнгээс анхны алтан медаль авч байжээ. Монгол маркийн 90 жилийн ойд зориулан монгол гэрийн хэлбэр дүрстэй, товгор, алтан фольгоо бүхий тусгай технологийн марк хийж гүйлгээнд гаргасан байна. 2020 оны байдлаар Монгол улсад 990 сэдвийн хүрээнд 4200 төрлийн марк худалдаанд гараад байгаа ажээ. 2014 онд 90 жилийн ойн хүрээнд Монгол маркийн музейг нээсэн байна.

Холбогдох ном бүтээлүүд:

[засварлах | кодоор засварлах]

2022 онд Чимэд-Осорын Болдын "Монгол маркийн түүх" ном гарсан. Номны хэмжээ- 210х265 мм, 222 хуудастай. Н.Жанцангийн “Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт” ном.