Морин хуурын чуулга
Морин хуурын чуулга 1992 оны 7 дугаар сард байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, 1993 оны 1 дүгээр сард Хөгжим бүжгийн дунд сургууль дээр байрлаж, чуулгын бүрэлдэхүүнээ тогтож, бэлтгэл сургуулилтаа эхлэн тус оны 4 дүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж үзэгч түмэндээ Морин хуурын чуулга гэдэг байгууллагыг танилцуулжээ.
1994 оны 6 дугаар сарын 1-нээс Засгийн Газрын шийдвэрээр Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны бүрэлдэхүүнд оржээ. Тус чуулга төрийн ёслол хүндэтгэлийн том арга хэмжээнүүд, концерт, тусгай арга хэмжээ, “Алтан намар”, “Морин хуур” зэрэг дуу хөгжмийн наадмуудад байнга оролцохын зэрэгцээ уран сайхны болон баримтат кино, жүжгийн олон арван бүтээлүүдийг тоглохоос гадна Ардын Жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаа, Ардын Жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Г.Алтанхуяг, Д.Баттөмөр, залуу хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Х.Алтангэрэл, Д.Түвшинсайхан болон Ж.Бизе, Ж.Пуччини, П.Чайковский, А.Дворжак, А.Хачатурян, Хэ Жин Хау, Чен Кай зэрэг сонгодог болон монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийн урын сантай болжээ.
Өнөөг хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын 1000 гаруй бүтээлийг тоглосон байна. Тэдний хамгийн анхны гадаад дахь тоглолт нь 24 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй 1996 оны хоёрдугаар сард ОХУ-ын Улаан-Үд хотод хийсэн тоглолт байсан юм. Энэхүү айлчлан тоглолтын дараагаар 1996 оны тавдугаар сард ӨМӨЗО-ы Хөх хотын Ардын хурлын танхимд, 1997 оны дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Пхеньян хотын Үндэсний их театрт, тавдугаар сард Япон Улсын Токио, Тама, зургадугаар сард Осака, арваннэгдүгээр сард Токио, Осака, Киото, Нара, Окинава, Кочи, Хофу, Фукуока хотод тус тус тоглолтоо толилуулж, гадны улсад улсаа сурталчлах эхлэл тавигдаж байжээ.
1996 оноос хойш энэ цагийг хүртэл Морин хуурын чуулга Япон, БНХАУ, Буриадын бүгд найрамдах улс, ӨМӨЗО, Хойд Солонгос, БНСУ, Австри, Швейцарь, Канад, Турк, АНУ, Франц, Макао, Герман, Итали, ОХУ, Тайвань, Вьетнам, Хонгконг, Бельги, Португали, Казакстан, Халимаг зэрэг олон орны ард түмэнд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон хуурын аялгууг хүргэжээ.
Ингэхдээ дэлхийн алдарт театр, концертын танхимд тоглолтоо толилуулж, Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх түүхийг бичсэн байна. Тодотговол, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд болон Австралийн Сидней опера хаузт эгшгээ хүргэсэн байдаг.
Чуулгын 30 гаруй уран бүтээлчдийн дотор Монгол Улсын Ардын Жүжигчин 2, Монголын Улсын Соёлын Тэргүүний Ажилтан 20 орчим байдаг.
Бүрэлдэхүүн:
[засварлах | кодоор засварлах]Д.Түвшинсайхан-удирдаач, С.Баттулга-захирал.
Н.Хоролсүрэн-флейта, Г.Гэрэлцэцэг-флейта, Ч.Мөнхжин-эвэр бүрээ, С.Одсүрэн-эвэр бүрээ, Б.Алтантуул-ёочин,Ч.Бадамдарь-ёочин, О.Мөнхтогтох-ятга
Ж.Уранцэцэг-ятга, П.Дэлгэрцэцэг-ятга, А.Жамбалсүрэн-ятга, Э.Намуун-төгөлдөр хуур, Г.Гантулга-цохивор, Ш.Жавзандулам-цохивор, Б.Батцэцэг-цохивор
Б.Болортунгалаг-цохивор, Н.Жигжиддорж-морин хуур, Х.Батзаяа-морин хуур, Р.Амарбаяр-морин хуур, Н.Ашит-морин хуур, М.Бат-Өлзий-морин хуур, О.Төмөрхуяг-морин хуур, Ж.Уугантуяа-морин хуур, Д.Оргил-морин хуур, Ц.Анхбаяр-морин хуур, Х.Ганбилэг-морин хуур, С.Төмөрбат-морин хуур,
Ч.Балган-морин хуур, Б.Эрдэнэцогт-морин хуур, Б.Баттулга-морин хуур, Л.Болормаа-виолончель, Д.Адъяабазар-виолончель, Б.Анхмаа-виолончель,
Ж.Доржсүрэн-виолончель, Л.Пүрэв-Очир-их хуур, Х.Лханаасүрэн-их хуур, М.Мөнхбат-их хуур, Б.Мөнхбаатар-солист, Б.Энхнаран-сопрано, Б.Монголхүү-баритон, Ч.Болдсайхан-бүжигчин, Э.Энхманлай-бүжигчин, О.Билгүүн-бүжигчин, О.Мариа-бүжигчин