Jump to content

Мэдээллийн нийгэм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мэдээллийн нийгэм (информационное общество, information society). Энэ нэр томъёог хэд хэдэн утгаар хэрэглэдэг. Үүнд: 1. Аж үйлдвэржсэний дараах нийгмийн хамгийн сүүлчийн төрлийн нэг. 2. Аж үйлдвэржсэн нийгмийн хөгжлийн хамгийн сүүлчийн үе шат. 3. Нийгэм-эдийн засгийн формацийн өвөрмөц төрөл. 4. “Мэдээллийн соёл иргэншил” болох хүн төрөлхтний хөгжлийн шинэ үе гэх мэт. Мэдээллийн нийгмийн тухай нийгэм-улс төрийн үзэл баримтлал хэд хэдэн хөгжингүй орнуудад 70-аад оны эцэс, 80-аад оны эхэнд бараг нэгэн зэрэг үүсчээ. Энэ чиглэлийн хамгийн нэртэй төлөөлөгчид бол А.Турен, П.Серван-Шрайбер, М.Понятовский (Франц), М.Хоркхмайер, Ю.Хабермас, Н.Луман (Герман), М.Маклюэн, Д.Белл, З.Бжезинский, О.Тофлер (АНУ), Д.Масуда (Япон) юм. Мэдээллийн нийгмийн тухай бүх үзэл баримтлалд тодорхой хэмжээний ялгаа байгаа боловч энэ нийгмийн хамгийн гол онцлог шинж, бүрэлдэн төлөвших нөхцөл нь үндэсний, бүс нутгийн, глобаль хүрээнд үйлчилдэг өндөр технологийн мэдээллийн сүлжээ мөн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг. Мэдээллийн нийгмийн эдийн засгийн гол салбар нь мэдээллийн үйлдвэрлэл байдаг бөгөөд мэдээлэл таваарын үндсэн төрөл, нийгмийн үнэт зүйлийн нэг болдог онцлогтой юм. Энэ бүтээгдэхүүний ач холбогдол, үнэ цэнэ нь бараа таваарын “уламжлалт” төрлүүдтэй харьцуулахад эрс өвөрмөц, ер бусын шинжтэй байдаг. Судлаачдын үзсэнээр эдийн засгийн энэ салбар ирээдүйд аливаа орны тэргүүлэх чиглэл болж, хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болдог байна. Мэдээллийн нийгэмд мэдээллийг зохион байгуулах, үйлдвэрлэх, түгээхэд хэвлэл, радио, телевиз болон ОНМХ-ийн бусад төрөл, хэлбэрийг, мөн цэрэг-аж үйлдвэрийн иж бүрэн нэгтгэлийг хамарсан хил дамнасан компаниуд гол байр суурийг эзэлдэг. Мэдээллийн нийгэмд үндэсний уламжлал, ёс заншил соёл ихээхэн өөрчлөгдөж, шинэ агуулгаар баяжин хөгждөг байна. Үүнийг Оросын эрдэмтэн А.А.Зиновьев “баруунчлагдах үйл явц” гэж нэрлэсэн бол Америкийн судлаач Ю.Хабермас “дотоод ертөнцийн колоничлол” гэж тодорхойлсон байдаг. Мэдээллийн нийгмийн талаарх энэхүү үзэл баримтлалыг технократ үл гүйцэлдэх үзэл, компьютопи буюу компьютерийн үл биелэгдэх мөрөөдөл гэж үзээд шүүмжлэлтэй хандах явдал түгээмэл ажиглагдах болов. Компьютопи бол орчин үед шинжлэх ухаан-техникийн хөгжилтэй холбоотой гарч ирсэн нийгмийн бодит үйл явцад хандах “аж үйлдвэржсэн нийгмийн дараах” ухамсрын нэг илрэл юм. Ийм хандлагын нэг бодит илрэл бол мэдээллийн салбарын ашиг орлого нь урьд өмнө үзэгдээгүй төвшинд хүрч, хөдөлмөрчдийн ихэнх хэсгийн нийгмийн байдал улам бүр доройтож байгаа явдал юм. Тухайлбал, АНУ-д ажилчдын бараг тал хувь нь мэдээллийн салбар буюу инфохүрээнд ажилладаг боловч тэдний оюуны соёл улам бүр гүнзгий уналтанд орж байгааг судлаачид хүлээн зөвшөөрдөг байна.