Мэдээллийн харилцаа
Мэдээллийн харилцаа (Коммуникация. Сommunication). Мэдээллийн харилцааг мэдээлэл дамжуулагч нь харилцагчдад (хувь хүн, хүлээн авагчид г.м.) үйл явдал, удирдлагын шинжтэй шийдвэрийн тухай мэдээлж, янз бүрийн төсөөлөл, үзэл бодол, хүсэл сонирхол, мэдрэмж, удирдамж, сэтгэгдэл зэрэг зүйлийг солилцох үйл явц гэж ойлгох явдал түгээмэл юм. Нийгмийн мэдээллийг зөөгч нь сонссон эсвэл үзсэн үг байдаг. Энэхүү олон талт өвөрмөц шинжийг агуулсан дохио нь хүн төрөлхтний нийгмийн мэдээллийн логик утга, агуулгыг материаллаг хэлбэрт оруулдаг бөгөөд түүний тусламжтайгаар нийгмийн мэдээлэл бүрэлдэн тогтох, хөгжих, хадгалагдах, дамжих, хүлээн авах үйл явц явагдах болно. Хүмүүс үүнийг бүх төрлийн үйл ажиллагаанд, түүниий дотор олон нийтийн мэдээллийн харилцааны үйл ажиллагаанд өргөн ашигладаг. Судлаачид олон нийтийн мэдээллийн харилцааны асуудалд хандахдаа мэдээллийг гол төлөв техник хэрэгслийн тусламжтайгаар тараадаг олон нийтийн харилцааны төрлийг, түүний дотор ОНМХ-ийн үйл ажиллагааг бүхэлдээ авч үздэг. Заримдаа бүр өргөн хүрээнд мэдээллийн харилцаа, түүний шинж чанар, бүтцийн элементүүд, олон нийтийн харилцааны тусгай хэсгүүдийг авч үзэхийг зорилго болгодог. Орчин үеийн практик, нийгмийн үйл ажиллагааны бүх хүрээг газар сайгүй мэдээлэлжүүлэх үйл явц, олон нийтийн харилцааны бүх үе шатын технологижилт нь “олон нийтийн мэдээллийн харилцаа” хэмээх ойлголтыг утга агуулга, арга зүйн үүднээс нарийвчлан судалж, зарим тодруулга хийхийг зүй ёсоор шаардаж байна. Тухайлбал, өнөөдөр шинжлэх ухааны хувьд хамгийн чухал асуудал бол хүлээн авагчидтай тогтоох эргэх холбооны асуудал болж байна. Энэ нь газар сайгүй телевизийн хиймэл дагуулын нэвтрүүлэг энгийн үзэгдэл болж, компьютер болон телевизийн технологитой салшгүй холбоотой хөгжиж байгаагаар тайлбарлагдана. Үүний үр дүнд эргэх холбооны асуудал цоо шинээр тавигдах болж, судлаачид “мэдээллийн нийгэм” хэмээх ойлголтын хүрээнд олон нийтийн мэдээллийн харилцааны мэдээллийн талд илүү их анхаарал тавьж байна. Тэгвэл олон нийтийн мэдээллийн харилцааг мэдээллийн (агуулгын тал) хамт дохио зангаараа илэрхийлэх хэлбэрүүд, техникийн сувгууд, мэдээллийг тараах, хадгалах, боловсруулах, илрүүлэх зорилготой байнга шинэчлэгдэж буй орчин үеийн хэрэгслүүдийг хамардаг нэгдмэл үйл явц гэж үзэж болно.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Мэдээллийн харилцаа – Энэ үгийг тайлбар толиос харна уу |