Jump to content

Мэдээлэл харилцааны хувьсгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мэдээлэл харилцааны хувьсгал (Революция массовой коммуникации. Revolution of Mass Communication). Олон нийтийн мэдээллийн харилцаанд болон ОНМХ-ийн үйл ажиллагаа, нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хэлбэр, ур чадвар, үр нөлөө, хүртээмж, шуурхай байдалд эрс өөрчлөлт гаргахад нөлөөлсөн үзэгдэл, үйл явцыг мэдээлэл харилцааны хувьсгал гэж нэрлэдэг. Өнгөрсөн зуун нийгмийн эрс өөрчлөлт, урьд өмнө үзэгдэж байгаагүй техникийн дэвшлийн эрин байсан бөгөөд мэдээллийн харилцааны хэд хэдэн хувьсгал эрчимтэй өрнөхөд хүргэсэн юм. Энэ нь хүмүүсийн хоорондох харилцааны шинэ арга, хэлбэрийг бий болгож, амьдралд шинэ харилцаа төлөвшихөд нөлөөлжээ. Мэдээллийн харилцааны хөгжил нь нийгмийн амьдралд чанарын шинэ үзэгдлүүдийг төрүүлж, нийгэм дэх мэдээллийн урсгалын хэвшмэл чиглэл, багтаамж, хамрах хүрээг эрс өөрчилсөн бөгөөд энэ үйл явц жигд бус явагдсанаараа онцлогтой юм. XX зууны мэдээллийн харилцааны анхны хувьсгал өндөр хөгжилтэй орнуудад XIX зууны эцэст тогтмол хэвлэлийн эрс өөрчлөлтөөр эхэлсэн түүхтэй. Нийгмийн далд давхаргынхны төлөөлөгчид болох хэт хязгаарлагдмал хүрээний уншигчдад үйлчилж байсан тогтмол хэвлэл 300 жилийн дотор анх удаа олон түмнийг байлдан дагуулж, хоёр зууны зааг дээр мэдээллийн чухал хэрэгсэл болон хувирсан юм. Нийгэм, технологи, эдийн засгийн цогц хүчин зүйлийн нөлөөгөөр тогтмол хэвлэлд чанарын шинэ өөрчлөлт гарсан нь сэтгүүл зүйн нийгмийн институт болох ач холбогдол нь эрс өсөн нэмэгдэхэд нөлөөлжээ. Олон түмэн нийтээр бичиг үсэгтэй болж, бүх нийтийн сонгуулийн систем нэвтэрсэн нь бусад нийгмийн институттэй харьцуулахад ихэнх тохиолдолд сэтгүүл зүйн нийгэм, улс төрийн үйл явцад нөлөөлөх чадвар нь эрс дээшилсэн юм. Мэдээлэл харилцааны хоёр дахь хувьсгал нь радио бий болсон явдалтай холбоотой юм. XX зууны эхэнд дуу чимээ, аман мэдээллийн харилцааны боломжийг нэгэн зэрэг өөртөө агуулсан «утасгүй цахилгаан мэдээ» болох радио харилцаа, холбооны шинэ хэрэгсэл болон хувирсан нь сэтгүүл зүйн түүхэн дэх цоо шинэ үзэгдэл байв. 1920-30-аад оны үед радио нэвтрүүлэг газар сайгүй нэвтэрч, сая сая радио сонсогчдыг хамарсан хүлээн авагчдын хамгийн өргөн хүрээнд тогтмол нөлөөлөх шинэ суваг төлөвшсөн юм. Аажим аажмаар тогтмол хэвлэл, радио нэвтрүүлгийн хооронд хамтын ажиллагаа болон өрсөлдөөний харилцаанд үндэслэгдсэн тэгш хэмийн зарчим үйлчлэх болжээ. Мэдээлэл харилцааны гурав дахь хувьсгал дүрстэй мэдээлэл дамжуулах туршилт алсын зайд тогтмол теле нэвтрүүлэг явуулах шатанд шилжиж, үүний үр дүнд телевиз ОНМХ болж хувирсан явдалтай холбоотой юм. Тавиад оны үед телевиз ОНМХ болж төлөвшсөн нь тогтмол хэвлэл, радио нэвтрүүлгийн хоорондох тэгш хэмийн зарчим зөрчигдөхөд хүргэж, мэдээлэл харилцааны нөхцөл байдлыг дахин өөрчлөхөд нөлөөлжээ. Телевиз бүрэлдэн тогтох сүүлчийн шатанд дэлхийн олон оронд хамгийн олон хүлээн авагчтай, дуу чимээ, эх бичвэр, дүрс бичлэгийн тусламжтайгаар нөлөөлөх чадвар сайтай мэдээллийн хамгийн гол хэрэгсэл болж чадсан юм. Теле нэвтрүүлгийн эрчимтэй хөгжил тогтмол хэвлэл болон радиог тодорхой хэмжээгээр хямралд оруулж, телевизтэй өрсөлдөх шинэ нөхцөл байдалд дасан зохицох, шинэ арга барилаар ажиллах шаардлага гарчээ. Мэдээлэл харилцааны дөрөв дэх хувьсгал нь XX зууны сүүлчийн 25 жилд эхэлсэн бөгөөд телевизийн мэдээллийн хүрээг үндсээр нь өөрчилснөөрөө онцлогтой юм. Энэ үед сансрын болон кабелийн телевиз эрчимтэй хөгжиж, асар их хэмжээний мэдээллийг цуглуулж, хадгалж, бас дэлхий даяар шуурхай тараах боломжтой компьютерийн сүлжээ бий болсон нь сэтгүүл зүйн хөгжлийг цоо шинэ шатанд гаргажээ. Энэхүү сүлжээний боломж нь эх бичвэрийн, дуу чимээний болон дүрст мэдээллийг тухайн цаг мөчид шуурхай дамжуулж, «уламжлалт» ОНМХ-д тэр бүр байгаагүй мэдээлэл харилцааны шинэ олон талт, идэвхтэй шинжийг нэвтрүүлсэн юм. Наяад оны эхний хагаст «дэлхий дахиныг хамарсан аалзны тор» буюу компьютерийн сүлжээний эрчимтэй хөгжил 90-ээд оны дунд үед сая сая хүн урьд өмнө байгаагүй мэдээллийн асар том бааз руу нэвтрэх боломжтой болжээ. 2000 оны эхэнд дэлхийн 200 сая хүн онлайны мэдээллийн сүлжээнд нэвтрэх болж, дараагийн 6 жилд 800 сая хүн нэвтрэх боломж бүрдэх юм байна. Маш богино хугацаанд мянга мянган сүлжээний «сонин», «сэтгүүл» дэлхийн аль ч өнцөг буланд байгаагаас үл шалтгаалан сүлжээ ашиглагчдад нээлттэй байх боломж бүрдсэн нь өмнөх үеийн мэдээлэл харилцааны хувьсгалын явцад ажиглагдаж байгаагүй том амжилт юм. 1995 оноос эхлэн электрон сэтгүүл зүй маш эрчимтэй хөгжиж, зөвхөн дараагийн жил гэхэд АНУ-д сүлжээний 1300 гаруй цахим сонин, сэтгүүл үйл ажиллагаа явуулж байв. Мөн 400 өдөр тутмын сонин, хэдэн зуун сэтгүүл цахим хувилбартай болж, энэ үед өдөр тутам 10 гаруй цахим хэвлэл шинээр гарч байжээ. 2000 оны эхэнд АНУ-ын өдөр тутмын 1500 сонин, 18 мянган сэтгүүл өөрийн Web-site-тай болсон юм. Олон зуун мэдээллийн агентлаг, телекомпани, радиостанци Web-зангилаатай болж, радио нэвтрүүлэг, телевизийн хөтөлбөрийг сүлжээгээр дамжуулах явдал бодит зүйл болов. Компьютерийн сүлжээ эрчимтэй хөгжсөн нь XX зууны мэдээллийн хэрэгслээс зарчмын эрс ялгаатай тоон технологи бүхий шинэ хэрэгсэл үйлчилдэг даяарчлалын үеийн мэдээллийн орон зайг бүрдүүлж байна. Өнөөдөр Интернетэд өргөн хүрээний мэдээллийн баазтай, дуу чимээтэй, эргэх холбоо бүхий мультимедиагийн бүх шинэ чанарыг өөртөө агуулсан «цахим сонин», «цахим сэтгүүлүүд» бий болжээ. Судлаачид ирээдүйд компьютерийн мэдээлэл харилцааны сүлжээний тусламжтайгаар тогтмол хэвлэл, радио, телевиз нэгдэн нийлэх үйл явц хүчтэй явагдах болно гэсэн таамаглал дэвшүүлж байна.