Jump to content

Мэдээлэл (сэтгүүл зүй)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Мэдээлэл (Информация. Information). Энэ ойлголтыг олон жилийн турш зөвхөн ахуйн хүрээний төсөөлөл төдий буюу ямар нэг зүйлийн тухай мэдээ, мэдээлэл гэсэн утгаар хэрэглэж иржээ. Өнгөрсөн зууны 50-аад оны үеэс энэ асуудалд өөрөөр хандах болж, 1948 онд АНУ-ын эрдэмтэн Клод Шэннон мэдээллийн онолын үндсийг боловсруулснаар мэдээлэл хэмээх нэр томъёо шинэ утга агуулгаар баяжиж, шинжлэх ухааны чухал категорийн төвшинд авч үзэх болсон юм. Энэхүү онолд тулгуурлан мэдээллийг янз бүрийн байдлаар тодорхойлсон байдаг. Мэдээлэл бол нийгмийн утгаараа шинэ мэдлэг мөн. Мэдээлэл нь янз бүрийн олон боломжоос сонгон авах явдалд тохиолддог тодорхой бус (бүрхэг) байдлыг багасгаж буй мэдээ юм. Аливаа тэмдэгтүүдийн утга агуулга бүхий багцыг мэдээлэл буюу мэдээ гэнэ зэрэг тодорхойлолтыг хэлж болно. Нийгэм, хүмүүсийн хоорондох харилцааны үйл явцад оролцож буй нийгмийн болон материйн хөдөлгөөний бусад зарим хэлбэрийн тухай мэдлэг, мэдээ, мэдээлэл бол нийгмийн мэдээлэл бөгөөд энэ нь нийгмийн мэдээллийн харилцааны агуулгын талыг илэрхийлдэг онцлогтой юм. Нийгмийн мэдээллийн тухайн нийгэмд үйлчилж, хүмүүсийн ухамсраар дамжин илэрч буй байдлыг харгалзан үзэх нь энэ асуудлыг өргөн утгаар нь ойлгож байгаа хэрэг мөн. Хэрэв явцуу утгаар нь авч үзвэл нийгмийн мэдээлэл байгууллагуудын бүх төвшин, хэлбэрийг хамаардаг нийгэм-сэтгэл зүйн, нийгэм соёлын харилцаануудтай нягт уялдаа холбоотой оршдог шинжийг харгалзан үзэх нь чухал юм. Чухам энэ шинж чанараараа нийгмийн мэдээлэл мэдээллийн бусад төрөл, хэв маягаас эрс ялгаатай байдаг. Орчин үеийн шинжлэх ухаанд “мэдээлэл“ хэмээх ойлголтыг дараах утгаар хэрэглэдэг. Үүнд: • үйл явдал, ажил төрлийн тухай мэдээ, ямар нэг зүйлийн тухай хүмүүсийн дамжуулж буй мэдээ, • хүлээж авч буй зүйлийн тодорхой бус байдлыг багасгаж, арилгаж буй мэдээ, • удирдах үйл явцтай салшгүй холбоотой мэдээ, синтактик, семантик, прагматик шинж чанарыг илэрхийлдэг дохио. • Аливаа объект, үйл явцын олон талт шинж тэмдгийн тусгал, онцлогийн илэрхийлэл юм. Орчин үеийн практикт энэ асуудалд мэдээллийн үндсэн шинж тэмдгийг болон гүйцэтгэх үүргийг харгалзан үзсэн хоёр гол хандлага байгаа бөгөөд энэ хүрээнд янз бүрийн үзэл баримтлал, санал бодол өрнөдөг байна. Тэдний дотор үүрэг, харилцааны талаас нь авч үзсэн хандлага илүү их итгэл үнэмшил төрүүлдэг. Энэ бол мэдээлэл гэдэг нь тусгаж буй системийн зорилгоороо тодорхойлогддог бодит байдлын үзэгдлүүдийн олон талт шинжийн тусгал мөн. Өөрөөр хэлбэл, энэ тусгал нь тодорхой зорилгын үүднээс цэгцлэгдсэн байдгийн хамт тухайн зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг гэсэн тодорхойлолт юм. Энэ нь мэдээлэл ба мэдээллийн харилцаа матери болон тусгалын хөгжлийн харьцангуй өндөр төвшинд хамаарагддаг бөгөөд мэдээллийн харилцааны үүрэг, чиглэсэн зорилго, бие даасан байдал, идэвхтэй чанар зэрэг онцлог шинжүүдтэй холбоотой гэсэн үг. Хүний амьдрал, үйл ажиллагааг илэрхийлдэг мэдээллийн системийн зохион байгуулалтын өвөрмөц онцлог нь нийгмийн соёл болох мэдээллийг бий болгох, хадгалах, боловсруулах үйл ажиллагаагаар тодорхойлогддог.