Мэдээний лид
Мэдээний лид (Лид информации. Lead of news).
Англи хэлний Leader буюу “манлайлагч, толгойлогч” гэсэн үгнээс гаралтай сэтгүүл зүйн нэр томъёо юм. Сэтгүүл зүй болон урлагт лид хэмээх нэр томьёог дараах хэд хэдэн утгаар хэрэглэдэг. Үүнд:
1. Мэдээний хамгийн эхний өгүүлбэр буюу догол мөр.
2. Хамгийн чухал, гол хэсэгт байрласан сонины мэдээ.
3. Сүүлийн үеийн мэдээллийн хамгийн чухал мэдээ.
4. Оршил хэсэг, товч агуулга (аннотаци), преамбула.
5. Гол дүр, гол дүрд тоглогч, хамгийн гол жүжигчин.
6. Телевизийн оруулга, дуран авайн оролтын утас зэрэг юм.
Лид
Мэдээний лид нь мэдээний хамгийн эхний өгүүлбэр буюу догол мөр, толгой юм. Сэтгүүл зүйн онолын үүднээс авч үзвэл лид гэдэг нь мэдээний хамгийн гол баримт, сонирхолтой хэсэг, гол санааг агуулсан толгой хэсэг мөн.
Лидийн асуулт
Гол төлөв мэдээний үндсэн 6 асуултын (хэзээ? хаана? юу? хэн? яаж? яагаад?) гол гурав буюу хэзээ? хаана? юу? гэсэн асуултад хариулт өгсөн байдаг.
Лид мэдээний баримтуудыг ач холбогдлын дарааллаар байрлуулсан “уруугаа харсан гурвалжин” буюу "буруу гурвалжин бүтэц", зохиомжийн хамгийн эхлэл хэсэг гэж ойлгож болно.
Лидийн төрөл
Лид агуулж буй баримт, мэдээний үндсэн зорилгоос шалтгаалан лид-резюме, дүгнэлт, эшлэл, товч, шийдвэрлэх, асуулт маягийн, сунжирсан, зурагласан, нөхцөл байдлын, тайлбар, үр дагавар, задлан шинжилсэн, ярианы хэлбэр бүхий, суман лид, хэрчмэл лид гэх мэт олон төрөл, хэлбэртэй байдаг.
Лидэд богино, хурц, зохимжтой, гол зүйлд тулгуурласан, энгийн, нямбай, үндсэн асуултанд бүрэн хариулт өгсөн, эх сурвалж нь тодорхой, идэвхтэй хэлбэрээр, одоо цагаар бичигдсэн, шууд, шуурхай шинжтэй, хоёрдмол санаа төрүүлэхгүй байх зэрэг зайлшгүй харгалзан үзэх шаардлага тавигддаг.
Лидийн дээд хэмжээ нь 25-30 үгээс, эсвэл гурван догол мөрөөс хэтрэх ёсгүй гэж үздэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Лидийг АНУ-ын иргэний дайны үед мэдээллийг шуурхай дамжуулах зорилгоор анх хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Дараа нь Европт дэлхийн нэгдүгээр дайны үед өргөн хэрэглэх болжээ. Улмаар хэвлэлийнхэн мэдээ, мэдээллийг олон түмэнд хүргэхдээ лидийг сэтгүүл зүйн бичлэгийн нэг гол арга болгон хэрэглэх болжээ. Тиймээс лидийг зарим тохиолдолд мэдээллийг зохиомжлох арга гэж үздэг. Лид баримт, эсвэл баримтын цогц байдгаараа онцлогтой. Лидийн гол зорилго нь уншигчийн анхаарлыг татан уг материалыг бүрэн гүйцэд унших хүсэл сонирхол төрүүлэх, хүлээн авагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх, аливаа үзэгдэл, үйл явдал, баримт сэлт, асуудлын талаар цэгцтэй, логик дараалалтай ойлголт өгөх, мэдээллийн шуурхай байдлыг хангах, хэлэх гэсэн мэдээллийг оновчтой бүтэц зохиомжид оруулан амар хялбар хүлээж авах боломжийг бүрдүүлэхэд оршино.