Мөсөн өргөө (спортын ордон)

"Мөсөн өргөө" спортын ордон нь Улаанбаатар хотод байрлах, өвлийн спортын ордон юм. 2019 оны 4 дүгээр сарын 14-нд шавь тавьж 2021 оны 9 дүгээр сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийсэн.

Дэлхийн стандартад нийцүүлэн барьсан тус ордон нь өвлийн спортоор хязгаарлагдахгүй соёл, урлагийн наадам, олон нийтийн нийт арга хэмжээ зохион байгуулах боломжтой Монгол Улсад баригдсан анхны олон зориулалтын өргөө юм. 2,600-3000 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

Уг төслийг Степпе Арена ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан санаачилж, Степпелинк холдинг, UPC, MAK зэрэг үндэсний компаниуд бараа бүтээгдэхүүн, менежментээр хөрөнгө оруулан, Ачит Ихт компани гол хөрөнгө оруулагчаар ажилласан байна. Мөн эдгээрээс гадна Эс Ди Инженеринг, Анаграм, Степпе Солар, Монгол өмгөөлөл, Премиум, AVINEX зэрэг компани тус тус оролцжээ. Тус ордны зураг төсөл, барилга угсралтын ажлыг Канадын HDR|CEI, VDA зэрэг спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжлийн байгууллага, архитерторчдоос зөвлөгөөг авч, Анаграм ХХК гүйцэтгэсэн байна.

"Мөсөн өргөө" спортын ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Энэхүү ордон нь Олон Улсын Олимпын Хорооны стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган ам метр талбайтай бөгөөд 15 сая ам.долларын өртгөөр баригджээ.

Мөсөн талбай дээр нарны шууд тусгал оруулахгүйн тулд урдаа цонхгүй байхаар баригджээ. Мөн 60 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр суурилуулахаар тооцсон нь дотор гэрэлтүүлгийн 70 хувийг хангаж, цахилгаан эрчим хүч хэмнэх зорилготой гэнэ. Мөсөн өргөөний барилгын инженерийн шугам сүлжээний шийдэл нь маш өвөрмөц, хоорондоо нягт уялдаатай, харилцан хамааралтай систем юм. Нэг цагт 75 мянган метр.куб агаар нэвтрүүлэх хүчин чадалтай АНУ-ын "Carrier" брэндийн агаар боловсруулах төхөөрөмж нь Улаанбаатар хотод байгаа хамгийн том систем юм. Цахилгаан тоноглол л гэхэд Германы алдарт Шнайдерын бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байна. Өргөөний хийцлэл нь ямар нэг тулгуур баганагүй бөгөөд өндгөн толгой дээр олон талаас нэгтгэн зангидсан төмөр карказаас бүрдсэн ажээ.