Надмидын Бямбадорж

Надмидын Бямбадорж (1957 - 2021) нь Монгол улсын гавьяат уурхайчин юм. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын Гавьяат уурхайчин, Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, Техникийн ухааны доктор.

1957 онд Булган аймгийн Сайхан суманд төрж, 1975 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уулын инженер-маркшейдер мэргэжлээр төгссөн. 2000 онд ОХУ-ын Москва хотын Уул, Уурхайн Их сургуульд Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Н.Бямбадорж нь ажил хөдөлмөрийн гараагаа Эрдэнэт үйлдвэрээс эхэлж, 1980-1994 онд тус үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд хэсгийн маркшейдер, Ерөнхий маркшейдер, 1994-1999 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий маркшейдер, Геологи, маркшейдерийн хэлтсийн дарга, 1999-2016 онд Хүдрийн ил уурхайн дарга, 2017 оноос Ерөнхий захирлын Зөвлөх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн удирдагчаар ажиллаж байв.

Техникийн ухааны доктор, ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийн Хүндэт доктор, Монгол Улсын ШУТИС-ийн профессор, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн. 2001 онд "Тэргүүний уурхайчин" цол тэмдэг, 2003 онд Алтан гадас одон, 2010 онд Монгол Улсын Гавьяат уурхайчин цолоор тус тус шагнасан. Н.Бямбадорж нь Эрдэнэт үйлдвэрийн анхдагчдын нэг юм.