Jump to content

Найруулга зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Найруулга зүй (Стилистика. Stylistics). Франц хэлний stylistique – “найруулга зүй” гэсэн утгатай нэр томъёо юм.

Уламжлалт ойлголт

[засварлах | кодоор засварлах]

Найруулга зүй нь өнгө аяс, яруу хэрэглүүр, утга гэсэн нягт холбоотой гурван ойлголт байдаг. Найруулга зүйн утга гэдэг ойлголт нэлээд сүүлд яригдаж буй ойлголт юм. Энэ нь янз бүрийн хэлний ойлголт, ялангуяа үгсийн сан утга зүйн хүрээнээс хальсан өнгө аястай байхаар барахгүй найруулга зүйн мөн чанараар ижил бус байдаг. Хэлний тогтолцооны хувьд найруулга дундын хэрэглүүр нь янз бүрийн хүрээ харилцааны нөхцөлд найруулга зүйн онцгой шинж агуулалгүй хэрэглэдэг хэлний нэгж юм.

“Хэлний олон зүйл нэгжийг хэрэглэх, тухайн харилцааны зорилго нөлөөтэй холбон, тэр учир зорилгод нийцэхүйц арга хэрэглүүрийг задлан шинжлэх, санаа бодол, юм үзэгдлийг хэрхэн яруу, тодорхой, чадамгай илэрхийлэх арга боломж болон түүний хэм хэмжээний тухай хэлний шинжлэлийн салбар ухааныг” (14. 64) найруулга зүй гэнэ.

Судлаачдын тодорхойлолт

[засварлах | кодоор засварлах]

Францын найруулга зүй судлаач Ш.Балли найруулга зүйг “Хэлний тогтолцооны аливаа хэсгүүдийн яруу өнгө аяс болон хэлний дүрслэлийн хэрэглүүрийг бүрдүүлэхэд тус дөхөм болдог хэлний үзэгдлүүдийн харилцан үйлчлэлийг судалдаг” гэжээ.

Оросын судлаач М.Н.Кожина “Дан ганц хэлний яруу хэрэглүүрийн тухай биш, бас харилцааны агуулга, зорилго, нөхцөл байдал, хүрээнээс хамааран хэлний нэгжүүдийг аль болох зохистойгоор хэрэглэх явдлаас урган гарсан хэлний үйлчилгээний зүй тогтлын тухайн шинжлэх ухаан мөн” (87.88) гэж тодорхойлсон байдаг.

Найруулга зүйг үүрэг, зорилгоор нь албан бичгийн, уран зохиолын, шинжлэх ухааны, сонины нийтлэлийн, ярианы найруулга гэж ангилдаг бөгөөд эдгээр нь дотроо дэд найруулга болон салбарладаг. Энэ тухай найруулга зүй судлаач, профессор Ц.Сүхбаатар ”Монгол хэлний найруулга зүй” (УБ., 2000, х. 74-243) номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

Оросын шүүмжлэгч Г.Белинский “Үг хэлц бүхэн зохиолчийн санааг хурц тод, барим тавим илэрхийлэх тул энэ санааг гаргах өөр үг, өөр хэлц олно гэвэл бүтэхгүй байх. Гагцхүү аугаа их бичгийн хүмүүс ийм ур чадвартай болдог юм” гэжээ.

Найруулга зүйч Р. Жеоржин “Найруулгын нууцууд” номдоо “Найруулах эрдмийн гол сүнс нь үг сонголт мөн” гэжээ.

Н.Гоголь нь найруулж сурахын тулд доорх ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй гэж үзжээ.

  1. Хөдөлмөрч эрмэлзэл
  2. Ажигламтгай
  3. Уншигч
  4. Бүтээлч дуурайлал авагч
  5. Бичих сэдвээ ойлгогч
  6. Төлөвлөгч
  7. Сэтгэлийг хөдөлгөгч
  8. Үг сонгогч
  9. Яруу хэрэглүүр ашиглагч

Хөдөлмөрч эрмэлзэл

[засварлах | кодоор засварлах]

Хөдөлмөрч эрмэлзэл: Гойд сайн найруулж бичих нь хүний авъяас билигтэй холбоотой боловч хүн уйгагүй хөдөлмөрөөр ийм чадвартай болдог. Хүн өөрөө хатуу шаардлагатай оргилсон хүсэл тэмүүлэлтэй, зоримог бадрангуй байваас шилдэг бүтээл гардаг. Сэтгэл зүтгэл, мэдлэг ухаан, эрүүл мэндийн нэгдэл аливаа үйлийг бүтээх эх сурвалж болдог. Өөрийгөө маш сайн дайчлах хэрэгтэй.

Ажигламтгай байх: Сэргэн мандалтын үеийн  нэртэй зураач, их сэтгэгч Леонарда Да Винчи нь “Уран зураг бол харах яруу найраг, Яруу найраг бол унших уран зураг” гэжээ.

Унших: Энэ чадварыг эзэмшихэд гүйлгэн унших арга байна.

Бүтээлч дууриалал авагч

[засварлах | кодоор засварлах]

Бүтээлч дууриалал авах: Энэ нь шууд хуулбарлана гэсэн үг биш. Зохиолын зохиомж, санаагаа гаргасан байдал, дүрслэлийг урлан бүтээх аргыг нь дууриаж болдог.

Бичих сэдвээ ойлгогч

[засварлах | кодоор засварлах]

Бичих сэдвээ ойлгох: Сэдвээ гүн ойлгож, түүнийгээ эргэцүүлэн ургуулан бодох хэрэгтэй. Хаанаас нь хэрхэн авах вэ, бичих вэ гэдгээ бодох хэрэгтэй. Сэдэв дээрээ  санаагаа төвлөрүүл, уншигчид миний мэдээллээс юу ойлгох вэ, ухаарах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Төлөвлөгч

Төлөвлөх: Сонгож авсан сэдвээ төлөвлөх нь зайлшгүй юм. Аливаа бүтээл нягт нямбай төлөвлөгөөний дагуу бүтдэг. Төлөвлөгөөнөөс зохиомж үүснэ. Зохиомж нь уншигч бүү хэл зохиогчийг хөтөлдөг. Зохиомж дотроо эхлэл, өрнөл, төгсгөл тайлалтай байна. Зөв эхлэх нь хамгийн чухал юм.

Сэтгэлийг хөдөлгөгч

[засварлах | кодоор засварлах]

Сэтгэлийг хөдөлгөх: Сэтгэл хөдөлгөх увдисыг олж бичих хэрэгтэй. Уншсан хүнд юм бодогдохоор сэтгэлийн гүнд нэвтрэхээр байж чадвал аливаа бүтээл амттай болдог. Бүтээлийг утга төгс, бүхэл бүтэн цогц болгох нь зохиомжийг урлах эрдэм чадвараас шалтгаална.

Үг сонгох: Аливаа зохиол үгээр бүтдэг. Үгээр илэрхийлж болохгүй санаа бодол байдаггүй. Үгийн зөв сонголт нь хамгийн чухал юм.

Яруу хэрэглүүр ашиглагч

[засварлах | кодоор засварлах]

Яруу хэрэглүүр ашиглах: Найруулгад дүрслэх болон яруу хэрэглүүрийг зохистой ашиглах нь илэрхийлж буй санааг улам тод томруун, яруу сайхан болдог.

Монгол хэлний найруулга зүй

Харилцаа

Бичлэгийн төрөл зүйл

Редакторлах зүйн онол дадлага

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ