Наху гүний тулалдаан
Наху гүний тулалдаан гэдэг нь Чингис хаан Найманыг хиартал бутцохисон нь дээр өгүүлсэнчлэн түүний цэргийн жанжны аугаа их авъяас чадварын илрэл болсон тулалдаан байв. Наху гүний тулалдаан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн энэ байлдааны эхнээс санаачлагыг Чингис хаан гартаа авч цэргийн ов мэх хийгээд сэтгэл зүйн довтолгоог ч чадмаг хэрэглэсэн гэж судлаачид үздэг.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Найман аймгийн хан ноёд тэр үед дөнгөж сэргээн байгуулагдаад байсан Хамаг Монголын зүг анхаарлаа хандуулж, хүчин чадал бүрэн бүрдэхээс нь өмнө дарж авахаар шийдвэрлэжээ. Тэр тухай Монголын нууц товчоонд өгүүлэхдээ Найманы Таян хан “Энэ дорно зүгт цөөхөн монгол буй хэмээмүй... Эдүгээ мөн хан болъё хэмээн санаж байна уу тэд. Тэнгэрийг гэгээн гэрэлтэй болгохын тул нар, сар хоёр байдаг биз. Гэтэл газар дээр хоёр хан хэрхэн байж болох. Одоо би явж тэр хэдэн монголыг авч ирье” гээд цэргээ хөдөлгөсөн гэжээ.
Тэр үед Чингис хаан ажиг сэжиггүйгээр Халх голын савд орших “Тэмээн хээр” хэмээх газар их ав тавьж байжээ. Таян хан цэргээ хөдөлгөхийн өмнө Онгуд аймгийн эзэнд элч илгээж Монголын эсрэг хүчин хавсрахыг санал болгосонд Онгудын эзэн үл зөвшөөрснөөр үл барам Найман дайрах гэж байгаа тухай Чингис хаанд мэдэгджээ. Тэгмэгц тэрээр ав хомрогоо зогсоож цэргийн ноёдоо цуглуулан хуралдаж Наймантай байлдах, эсэх тухай хэлэлцээд угтан байлдахаар шийдвэрлэжээ.
Тулалдааны бэлтгэл
[засварлах | кодоор засварлах]Чингис хаан нэн даруй цэргээ цуглуулан зэр зэвсгээ хурцлахын ялдамд өөрийн хийгээд дайсныхаа хүчтэй, сул талыг судлан тодорхойлсны үндсэн дээр цэргийн зохион байгуулалтыг өөрчлөх түүхэн шийдвэр гаргажээ. Үүнд, тухайн үед Хамаг Монголын цэрэг ч, Найманы цэрэг ч “Хүрээ”-ний зохион байгуулалттай байсан билээ.
Чингис хаан Наху гүний тулааны бэлтгэл үед цэргээ шинэчлэн зохион байгуулж, хуучин “Хүрээний байгуулалт”-ыг халж аравтын тогтолцоонд үндэслэсэн “Мянгатын зохион байгуулалт”-д шилжүүлжээ. Хүрээг халж, цэргийн зохион байгуулалтын үндсэн шинэ нэгжүүд болох аравт, зуут, мянгатын ноёдоор ганц үе залгамжилсан, хуучин хүрээний ноёдыг бус, харин авъяас чадвараараа тодрон шалгарагсдыг томилсон нь цэргийн хүчин чадавх, удирдлага, зохион байгуулалт, сахилга журмыг бэхжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэв. Түүнээс гадна шадар цэрэг болох наян хэвтүүл, далан турхаг болон шилдэг мянган баатраас бүрдсэн одоогийн ойлголтоор бол байнгын цэргийн шинжтэй “Хэшигтэн” цэргийнхээ үндэс суурийг тавив. Бас буурч, үүдэч, агтач, адуучин зэрэг чухал албан тушаалуудад тэнцэх тохирох хүмүүсийг тохоон томилов. Мөн цэргийн “Чэрби” хэмээх албан тушаалыг буй болгож 6 хүнийг шалгаруулан томилжээ. Энэ мэт цэргийн удирдлага, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэн сайжруулах арга хэмжээ авч аян дайны бэлтгэлээ шуурхай базаамагц 1204 оны хулгана жилийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр туг-сүлдээ тахиж Наймантай байлдахаар Халх голын “Ор нугын хэлтгий хад” гэдэг газраас морджээ.
Наху гүний тулалдаан
[засварлах | кодоор засварлах]Найманы цэрэг тийнхүү явсаар Наху гүний (Одоогийн Лах баян уул) зүүн хормойг дайран “Цахир могод” гэдэг газарт хүрч ирэх үед Чингис хаан угтан байлдахаар болж арга тактикаа сонгон тодорхойлжээ. Байдлыг үзвэл Чингис хааны цэрэг тоогоор Найманаас үлэмж цөөн, алсын түргэвчилсэн аянд ядарсан байдалтай байв. Тиймээс Чингис хаан “Олноос олон гарз, цөөнөөс цөөн гарз гарна” гээд Найманы эсрэг морилж тэдний харуулыг хөөгөөд цэргээ засахдаа:
Харгана зорчил зорчиж
Нуур байрт байлдаж
Цүүц хатгаа хатгалдая хэмээсэн гэж Монголын нууц товчоонд өгүүлжээ. Энэхүү “Харгана зорчил зорчих” гэдэг нь хэсэг хэсгээр, бут сөөгөөр ургадаг харгана мэт цөөн хүнтэй бүлгүүд болж таруу байдлаар давших гэсэн утгатай. Үүнийг аравт, зуутын хооронд харьцангуй их завсар, гүнтэйгээр, өргөн фронтоор давших гэж ойлгож болно.
“Нуур байрт байлдах” нь нуур мэт өргөн дэлгэр байр эзлэн, нууранд юм живүүлэх адил дайсныг тал талаас нь бүслэн хааж, хэсэглэн цохих гэсэн утгатай аж.
“Цүүц хатгаа хатгах” гэдэг нь аливаа юмыг цүүцээр цөм хатгах мэт дайсны цэргийн байлдааны журам, жагсаалыг цөмлөн сэтлэх арга. Одоогийн цэргийн хэллэг, ойлголтоор “Гол чиглэлд хүч хуримтлуулан дайсны хориглолтын шугамыг цөмлөн сэтлэх” гэсэнтэй утга нэг.
Чингис хаан ийнхүү байлдах арга тактикаа тодорхойлоод цэргээ тэр үеийн заншил ёсоор гүн тийш нь манлай, гол, хөтөд гэсэн хэсэг буюу цувраа бүхий байлдааны журамд оруулан тулалджээ.
Тэгэхдээ Хасарт гол хүчээ, Отчигин ноёнд хөтөдөө захируулаад өөрөө манлайд тулалддаг. Энэ удаад Чингис хааны удирдсан манлай цэрэг гурван цувраанаас бүрдсэн байна. Нэгдүгээр цувраанд анх Халх голын Ор нугын Хэлтгий хаднаас хөдлөхдөө урдаа алгинчлуулан гаргасан Зэв, Хубилай, мөн Зэлмэ, Сүбээдэй нарыг давшуулсан бөгөөд тэд Найманы харуулыг их голд нь хүртэл үлдэн хөөгөөд өргөн фронтоор шууд халз дайран тулалджээ. Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэй нар ижил эрх дархтай ноёд учир хэн хэндээ захирагдахгүй, бие даан өөр өөрсдийн цэргийг удирдан довтолсон гэж үзвэл энэ нэгдүгээр цувраа нь дотроо мөн дөрвөн хэсгээс бүрджээ.
Дараа нь тэдний гэзэгт хоёрдугаар цувраа болон довтолж буй Урууд, Мангудын цэрэг, “Монголын нууц товчоо”-нд тод томруун зураглан дүрсэлсэнчлэн
Эрт талбисан унага
Эх юүгээн сүүн хөхөж
Эх юүгээн орчин тойрон
Гүйх унагад мэт…
“туялан” явна. Энэ нь Урууд, Мангудын цэрэг нэгдүгээр цуврааны араас нэмэгдэл /бэлтгэл/ хүч болон дайсныхаа урдаас халз дайраагүй, харин нэгдүгээр цуврааныхаа халхлалтын дор Найманы цэргийн зах сэжүүрээр дэрлэж цохих юмуу эсвэл ар хударгаар нь тойрч бүслэхээр фронтын хоёр жигүүрээр ороон довтолж буйг харуулж байна. Өөрөөр хэлбэл манлайн эл хоёрдугаар цувраа нь нэгдүгээр цувраанаасаа тактикийн хувьд өөр үүрэг хүлээсэн бөгөөд Урууд, Мангудын цэрэг тус бүр өөр өөрсдийн, ижил эрх дархтай ноёдод захирагдаж байсан тул эл цуврааг мөн бие даасан хоёр хэсгээс бүрдэж байжээ.
“Алгинчлах” гэдэг нь “Тагнуул, харуул хийх” гэдэг утгатай үг. Үүнээс үзвэл Чингис хаан өөрийн цэргийн манлайд байлдахын зэрэгцээ бас дайснаа “Тагнах” ажиллагаа явуулж байжээ. Өөрөөр хэлбэл “Байлдан тагнасан” хэрэг болж байна.
Энэхүү “Байлдан тагнах” аргыг 1942 оноос эхлэн Зөвлөлтийн армид өргөн хэрэглэж байсан бөгөөд бусад олон орны армид ч хэрэглэдэг.
Харин дээрхээс үзвэл “Байлдан тагнах” тактикийн ийм аргыг Чингис хаан бүр 1204 онд хэрэглэж байсан нь нотлогдож байгаа бөгөөд түүнээс өмнө ийнхүү урьдчилан төлөвлөж, тодорхой чиглэл, зорилготойгоор “Байлдан тагнах” ажиллагаа явуулсан баримт одоогоор өөр хаана ч гараагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Чингис хааны удирдсан цувраа тулалдаанд орж буй тухайд:
Өеөссөн шувуу мэт
Шилмэлзэн хошуурч айсуй
гэж тэмдэглэсэн байдаг. Энэ дүрслэлээс үзэхүл тэр цуврааны бусдаас ялгарах шинж нь хошуурсан буюу гурвалжин хэлбэрээр жагссан байсныг “Монголын нууц товчоо”-г зохиогч зориуд онцгойлон цохсон хэрэг бололтой. Байлдааны эхэнд Чингис хааны зарлиг болсончлон “…Цүүц хатгаа хатгалдах”-ад ийм хошуурсан жагсаал нэн тохиромжтой байсан ч байж болзошгүй.
Эл бүхнээс харахад манлай цэргийн тэр гуравдугаар цувраа нь нэгдүгээрт, дайсны байдлыг заншлан мэдэх зорилгоор “Байлдан тагнах” ажиллагаа явуулах; хоёрдугаарт, дайсны эгнээний аль эмзэг, сул газрыг олж, “Цүүц хатгаа” эхлэн хатгаж цөмлөөд, цаашид байлдааны явцад дайсныг хэсэглэн хувааж бүслэх ажиллагааг эхлүүлэх ийм хоёр гол үүрэгтэй байжээ гэж хэлж болно.
Ер нь дайтан тулалдана гэдэг амь дүйсэн үйл хэдий ч манлай болон одогсдын хувьд бол ямагт дайсныхаа зохион байгуулалт нь алдагдан сарниагүй, хүчир тулаанд бие зүдэж, зүрх халираагүй шинэ сэргэг хүчний эсэргүүцэл, сөрөг цохилттой тулгардаг, үнэхээр амь зольсон хэрэг байсан бөгөөд түүний хэр амжилт олохоос тухайн байлдааны төгсгөл ихээхэн шалтгаалдаг байсан учир Чингис хаан онцгой анхаарч, манлайд хамгийн итгэлтэй, шилдэг баатруудаасаа тохоон томилдог байжээ.
Манлайн араас “Гол хүч” тулалдаанд орно. Гол хүч нь мөн л бие биесийн гэзэг дарсан, тактикийн бие даасан үүрэг бүхий цувраа, хэсгүүдээс бүрддэг байжээ.
Их цэрэг дайсантай тулгаран байлдааны журамд шилжих үед аяны цувраанд цэрэг дайчдын хамт явсан агтчин, адуучин хийгээд хүнс, саалийн мал хариуцсан малчин, дайлан буй эрсээ даган яваа ар гэрийнхнээс эхлээд сумчин, зэвчин, тэрэгчин, төмөрчин гэх мэт дархчууд, өвчтөн шархтныг эмчлэгч эмч домч, бариач шархач, байлдаанд анхлан яваа залуу хөвгүүд /13-15 насны/, тэднийг халхлан хамгаалах цэрэг эрсийг ялган “Хөтөд” хэмээх нэгэн цуврааг буй болгодог байжээ. Хөтөд нь байлдаанд зөвхөн “Ар тал” болоод зогсохгүй шаардлагатай үед бас бэлтгэл нэгэн цувраа болон тулалдаанд оролцдог байжээ. Дээр дурдсан Наху гүний байлдаанд их голынхоо араас Отчигин ноёны удирдсан “Хөтөд” тулалдаанд орж байгааг “Монголын нууц товчоо”-нд дүрсэлсэн нь түүнийг илтгэх нэгэн баримт.