Нийгмийн ажил
Харагдац
Нийгмийн ажил нь нийгмийн өөрчлөлтийг дэмжиж, хүмүүсийн харилцаан дахь бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, хүмүүсийн сайн сайхны төлөө тэднийг чадваржуулж эрх чөлөө, боломжийг нь өргөжүүлэхэд туслах, мэргэжлийн үйл ажиллагаа юм. Нийгмийн ажил урьдчилан сэргийлэх, асуудлыг шийдвэрлэх, интервенц, сэргээн засах болон нийгмийн дэмжлэг, хөгжүүлэх гэсэн олон зорилгын дор хийгдэх болсон. Дэлхийн хэмжээнд нийгмийн ажилтнуудын хийж байгаа үндсэн ажил үүргийг нэгтгэн дүгнэвэл дараах дүр зураг харагдаж байна.
- Нийгмээс гадуурхагдсан, өмч хөрөнгөгүй, эмзэг, эрсдэлтэй хүмүүсийг ялгаварлал, гадуурхлаас хамгаалах, тэднийг нийгмийн тэгш бус байдал, саад бэрхшээлийг даван туулах чадвартай болоход нь нөлөөлөх.
- Нийгмийн халамж анхаарал шаардлагатай хүүхэд залуучууд, сэтгэл мэдрэлийн өвчтэй, оюуны бэрхшээлтэй гэх мэт өөрийгөө хамгаалах болон бие даан амьдрах чадвар хомс хүмүүсийг батлагдсан хуулийн хүрээнд хамгаалал, нийгмийн халамж зэрэг үйлчилгээнд хамруулах.
- Орон нутагтаа байгаа нөөц, боломж, үйлчилгээг мэддэг, ашигладаг болоход нь туслах замаар амьдралаа сайжруулах боломжийг хүмүүст олгох, асуудал шийдвэрлэх чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр урт богино хугацааны ажил хэрэгч холбоог тэдэнтэй тогтоох.
- Хөгжил дэвшил, хүний эрхийг дэмжих, нийгэм хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлаар бодлого хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд оролцох.
- Хүнийг ялгаварлан гадуурхах, өмч хөрөнгөгүй болгох, эмзэг байдалд оруулахад хүргэж байгаа, хүмүүсийн хоорондын нөхөрсөг харилцааг эвдэж байгаа, нийгмийн янз бүрийн бүлгийн дунд тогтвортой байдлыг алдагдуулж байгаа бодлого бүтцийг өөрчлөх талаар олон түмний дотор нөлөөлөл суртачилгааны арга хэмжээ явуулах, тэдэнтэй хамтран нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох.
- Хүнийг эрхийг зөрчдөггүй, бие биеэ хүндэтгэсэн, найрсаг харилцааг нийгэмд бий болгох.
Нийгмийн ажлын үндсэн зорилт:
- Хүмүүсийн хувийн болон нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд тэдний өөрсдийн боломжийг дээшлүүлэх
- Нийгмийн гишүүн бүр өөрийгөө хөгжүүлэх, нийгэмдээ зохицох, мөн нийгмийн хөгжилд идэвхтэй оролцох, авъяас чадвараа нээх, нэмэгдүүлэхэд нь туслах
- Хүмүүсийн сайн сайхны төлөө үйлчлэх, нийгмийн бодлого үйлчилгээг нийгэм, эдийн засгийн нөөцдөө тулгуурлан хөгжүүлэх