Jump to content

Нийгмийн институт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нийгмийн институт Орчин үед энэ нэр томъёог хэд хэдэн утгаар өргөн хэрэглэдэг. 1. Нийгмийн янз бүрийн салбар дахь хүний үйл ажиллагаа, нийгмийн харилцааг зохицуулдаг ба нөхцөлдүүлдэг тогтвортой нийгмийн үзэгдлүүдийн мөн чанарыг тодорхойлдог нийгмийн аливаа (улс төрийн, эрх зүйн, ёс суртахууны, шашны г.м.) хэм хэмжээ, дүрэм журам, зарчим, үлгэр дуурайлал, дадал зуршил, сэтгэхүйн хэв маяг болон зан байдлын хэв загварын нийлбэр цогц буюу нийгмийн байгууллага мөн. 2. Нийгмийн бүлэглэл эсвэл байгууллага буюу хувь хүнээс дээгүүр төвшний нийгмийн нэгж, нийгмийн харилцаа ба үйл ажиллагааны субъект болох байгууллага юм. “Нийгмийн институт”-ын тухай орчин үеийн философи, социологийн болон бусад нийгмийн шинжлэх ухааны ойлголт нь нийгмийн тодорхой харилцааг (өв уламжлал, гэрлэлт, гэрээ хэлэлцээр г.м.) зохицуулах эрх зүйн хэмжээ гэсэн утгыг илэрхийлдэг хууль зүйн шинжлэх ухаанаас гаралтай гэж үздэг. Социологийн шинжлэх ухаанд нийгмийн институтыг нэлээд өргөн хүрээнд авч үздэг бөгөөд түүнийг зөвхөн эрх зүйн хүрээ төдийгүй нийгмийн амьдралын бусад салбартай холбон тайлбарладаг. Э.Дюркгейм “институт” хэмээх нэр томъёог нийгмийн баримтуудыг илэрхийлэх зорилгоор ашигласан байдаг. Түүний бодлоор хамт олон, хэсэг бүлгийн тогтоосон зан байдлын бүх арга, бүх төрлийн шашин шүтлэг бол институт мөн бөгөөд социологи бол институтуудын тухай, тэдний гарал үүсэл, үйл ажиллагааны тухай шинжлэх ухаан юм. Социологи, эдийн засгийн ухаан дахь институционализм нийгмийн институтыг хамт олны, нийгэм-сэтгэл зүйн бүлэглэл гэж үздэг байна. Институтууд бол нийгмийн субъектуудын харилцаан дахь зуучлагч болж, тэднийг оновчтой зохицуулдаг, хэлбэржүүлдэг, нийгэм дэх янз бүрийн нэгжүүдийн хоорондох үйл ажиллагаа, мэдээлэл солилцох үйл явцыг харьцангуй тогтвортой явуулах хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг нийгмийн тодорхой байгууллага юм. Нийгмийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон, нийгэмд зайлшгүй шаардлагатай тодорхой чиг үүргийг гүйцэтгэгч, өөрийн үнэт зүйлс, хэм хэмжээ, зан үйлийн загвар, тусгай байгууллага, хяналтын систем бүхий, хамтын амьдрал үйл ажиллагааг зохион байгуулагч, зохицуулагч хэлбэр (гэр бүл, шашин, боловсрол г.м.) бол нийгмийн институт мөн. Дээрх шинж тэмдэг, онцлогийн үүднээс авч үзвэл сэтгүүл зүй нийгмийн тодорхой нэг институт юм. Тиймээс сэтгүүл зүйн онолын бүтээлүүдэд сэтгүүл зүйг нийгмийн институт гэж тодорхойлсон байдаг.