Jump to content

Норвегийн ой

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Норвегийн ой" номны анхны хэвлэл.

"Норвегийн ой" (яп. ノルウェイの森 Норувэй но мори) - Японы алдарт зохиолч Мүраками Харүкигийн 1987 онд анх хэвлэгдсэн алдартай роман. "Норвегийн ой" хэмээх роман нь гарсан даруйдаа Мүракамиг дэлхий дахинаа алдаршуулж, зөвхөн Японд л гэхэд хоёр сая хувь борлогдож, түүний эл номыг тавиуртаа залаагүй сэхээтэн гэр бүл байгаагүй гэлцдэг. Энэ зохиолд амьдралд хөл тавьсан нэгэн залуугийн амьдрал, хайр сэтгэл болоод хүмүүний нандин харилцааны тухай өгүүлнэ.

2021 онд "Нэпко" хэвлэлийн газар монгол хэлээр орчуулж хэвлүүлсэн байна.

Номын хураангуй

[засварлах | кодоор засварлах]

37 настай Ватанабэ "Beatles" хамтлагийн “Norwegian Wood” дууг сонсож, 1960-аад оны залуу насаа дурсаж буй тухай энэ романд өгүүлнэ. Ватанабэ нь Кизүки, Наоко гэх 2 сайн найзтай. Кизүки, Наоко хоёр хос бөгөөд заяаны хань гэж хэлж болохуйц дотно байдаг байв. Кизүки 17 насныхаа төрсөн өдрөөр амиа хорлосон нь үлдэж хоцорсон хайртай охин, найзад нь хүндээр нөлөөлнө.

Хэн хэнд нь үхэл авч явсан Кизүкиг нөхөх хүн дутагдаж байсан тул Наоко, Ватанабэ хоёр дотносож, нэгэндээ хань болсоор дасаж, нэгэн шөнийг хамт өнгөрөөх боловч үүний дараа Наоко хэсэг хугацаанд сувилалд байж, ганцаараа байх хэрэгтэй байгаа тухай захиа бичиж үлдээгээд явна. Наокогоос холбоо тасарсан хугацаанд Ватанабэ Мидори гэх охинтой дотносох ба тэрээр Наокогоос тэс өөр, сэргэлэн, нүүрэмгий, өөртөө итгэлтэй нэгэн байдаг.

Ватанабэ Наоког эргэж очих үедээ Рэйко гэх эгчмэд бүсгүйтэй танилцаж, түүнд тохиолдсон бэлгийн хүчирхийлэлтэй холбогдох асуудлыг сонсож, Наокогийн нөхцөл байдал, сэтгэл санааг ухаарч ойлгоно. Гэсэн хэдий ч Наоко, Мидори хоёрын алинд нь чин сэтгэлээсээ хайртай болохоо ухаж ойлгохгүй явсаар Наоко амиа хорлосон гэх захиаг хүлээн авдаг. Энэ явдлаас хойш бүтэн сарын турш гашуудаж явсаар Рэйкотой дахин холбогдох ба нэгэн шөнийг хамт өнгөрүүлсний дараа Мидори бол өөрийнх нь амьдрал хамгийн үнэ цэнтэй хүн болохыг ойлгож, түүнд сэтгэлээ илчлэхээр залгах ба Мидори Ватанабэг хаагуур байсан тухай асууснаар роман дуусна.

Хэн нэгнийг хамгийн дорой, ядруу, гундуухан явах үед нь тусалсны хариуд хайр нэхдэг хүмүүс байдаг бол нөгөө талаас ямар ч хариу нэхээгүй байхад би чинь өртэй шүү дээ хэмээн бодож, өөрийгөө хүчлэх нэгэн ч бий. “Би энэ хүнийг л хайрлах ёстой, энэ хүн чамайг хамгийн муу явах үед чинь хамт байсан шүү дээ” гэсэн бодолдоо цоожлогдсон хүмүүс. Яг Ватанабэ Мидориг хайрлах ёстойгоо, түүнд хайртайгаа ойлголгүй Наокод л хайртай гэж өөртөө итгүүлсэн шиг.

Ватанабэ Нагасава шиг болохыг хүсэж байлаа. Ганцаарддаггүй, баян, ухаантай, сайхан залуу. Гэхдээ түүний сэтгэхүй надад юу юунаас илүү таалагдсан. Өөрийгөө өрөвддөггүй, шударга, тал засах гэж хичээдэггүй байдал нь. Харин ганцаарддаггүй гэдэг нь арай өнгөцхөн дүгнэсэн мэт. Тэр хайрлах, хайрлуулахыг сураагүй хамгийн ганцаардмал нэгэн байж болох юм.

Зохиол нь бүхэлдээ л нүүр бүрийн цаадах хачин содон амьдрал, бүхий л төрлийн ганцаардлыг харуулсан нь үүнийг батлах шиг. Үнэндээ Кизүкиг яагаад амиа хорлосныг би төдийлөн ойлгоогүй л байна. Тэр л Наоког өөрийн гэсэн ертөнцгүй, гадаад харилцаагүй нэгэн болгосон байж яаж түүнийг ганцаарыг нь орхиж чадаж байна. Бас Нагасава Хицүмид яаж тэгж хатуурхаж чадаж байна вэ. Энэ хоёр эмэгтэй нэг нь сэтгэлийн сул дорой байдлыг нөгөө нь хатуужлыг харуулах шиг. Мидори ирээдүй, Наоко өнгөрсөн, Ватанабэ одоо цаг. Эдгээрийг холбож байгаа нь үхэл. Үхэл бол дан ганц өнгөрсөн биш бөгөөд одоо бас ирээдүй юм. Үхэл яг л аз жаргал шиг ирдэг бас буцдаг. Өөрийн биеийг мянга золиослоод өрөөлийг үхэхээс сэргийлж чадахгүй. Гол нь чиний ойр дотно, хайрт хүн чинь үхсэний дараа ч чи амьдарч чаддаг байх ёстой. Энэ л чиний тэдний төлөө хийж чадах ганц зүйл.

Романаар 2010 онд вьетнам гаралтай Францын найруулагч Чан Ань Хунг кино бүтээсэн. Гол дүрүүдэд — Мацүяма Кэн-ичи, Кикүчи Ринко, Мизүхара Кико нар тогложээ. Киноны хөгжмийг "Radiohead" хамтлагийн Жонни Гринвуд бичсэн. Анх 67-р Венецийн кино наадмаар үзүүлсэн байна.