Нохой сугас
Мөрөгийнхний овогт багтах Алтайн сугасны төрлүүдийг Монгол орны унаган загас гэнэ. Эдгээр нь манай орны баруун Монголын Увс, Хяргас, Хар ус, Хар, Дөргөн, Ачит, Толбо, Үүрэг, Тэлмэн зэрэг томоохон нууруудаас гадна Говийн хөндийн Орог, Бөөн цагаан, Таацын цагаан зэрэг нууруудад тархсан байдаг. Алтайн сугасыг давжаа, нуурын, нохой, шар гэхчилэн дөрвөн хэлбэрт ангилдаг.
Нохой сугас
Энэ нь холимог идэштэн. Гол төлөв өвчилсөн жижиг загас, ургамлаар хооллодог боловч хоол тэжээл ховордсон үед өөрийн жараахайг ч идчихдэг байна. Загас жараахайгаар хооллодог ч түүнийг махчин загасны ангилалд оруулдаггүй аж. Түүнд махчин загасны шүд байдаггүй. Харин багалзуурын залгиурын орчимд нь хоол тэжээлээ бутлах үүрэгтэй 5-6 ширхэг араа шүд байдгаараа онцлогтой. Биеийн өнгө нь цайвар ногоон боловч хажуу талаасаа мөнгөлөг цагаан эсвэл шаргал туяатай харагддаг. Бусад сугасын төрөлтэй харьцуулахад доод эрүү нь урт, толгой томтой. Биеийн хамгийн урт нь нэг метр, жин 5.2 кг хүрдэг байна. Гэхдээ биеийн уртын 30 гаруй хувийг том толгой нь эзэлдэг байна. Бие гүйцсэн сугас ганцаараа эсвэл 2-3-аараа амьдрах бөгөөд хол нүүдэл хийдэггүй аж. Нохой сугас нь өсөлт удаантай ч харьцангуй урт насалдаг. Дунджаар 20-30 жил наслах чадвартай. Судлаачдын гаргасан мэдээгээр 1983 онд 44 настай сугас баригдаж байжээ. Нохой сугас 8-9 насандаа биеийн урт нь 20-24 см болох бөгөөд энэ үед үржилд орно. Эм сугасыг атуу гэнэ. Хавар зуны улиралд элс, хайрга болон заримдаа ургамалд түрсээ хэсэг хэсгээр шахдаг бөгөөд нэг атуу дунджаар 26-34 мянган түрс гаргадаг байна. Нохой сугасны маханд 14-18 хувийн уураг, 0.9-2 хувийн өөх тос, 1-1.5 хувийн эрдэс бодис агуулагддаг. Энэ загасны ихэнх хувийг толгой эзэлдэг учраас махны гарц муутайд тооцогддог байна