Jump to content

Нөхөн сэргээлтийн төлөвлөлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ашигт малтмалын олборлолтын явцад байгаль орчны аюулгүй байдлыг хангах, хөрсний элэгдлээс сэргийлэх, зэрэлг ан аамьтдын амьдрах орчинг сүйтгэхгүй байх, хөрс усны бохирдлоос сэргийлэх зэрэг арга хэмжээнүүд нь нөхөн сэргээлттэй уялдана. Олборлолтын явцад гадаргын нуралтаас сэргийлэх, мөн түүнчлэн овоолго, хаягдлын далан байгуулахдаа гадаргын усны урсацыг тооцох шаардлагатай.Гадаргын усны нөөц элбэгтэй, үерийн урсацтай газарт усны урсацыг тооцолгүй, энэ чиглэлд хяналт, төлөвлөлтгүй ажиллавал Орхон голыг бохирдуулсан жишээг давтаж болзошгүй юм.

Олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны аль алинд нь байгаль орчинд ээлтэй шилдэг техник, технологийг ашиглах, шинжлэх ухааны шилдэг мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллагууд, үндэсний мэргэжилтнүүдийн оролцоотой мэргэжлийн баг болон ажиллах хүчний нөөцийг бүрдүүлсэн байх хэрэгтэй.

Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг 9 үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд:

1. Байгаль орчин, нийгэм-эдийн засгийн суурь судалгаа болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын хүрээнд нөхөн сэргээлттэй холбоотой суурь мэдээллийг цуглуулах 2. Уурхайн олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг төлөвлөх, туршилт тавих 3. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн дараах газрын төрх байдлыг төлөвлөж, зураглах 4. Техникийн нөхөн сэргээлт 5. Хөрсжүүлэх, хөрсний агротехникийн боловсруулалт 6. Ургамалжуулах 7. Ургамалжуулсан талбайг тусгай зориулалтын хэрэгцээнд зориулж нөхөн сэргээх 8. Нөхөн сэргээлтийн дараах хяналт, шинжилгээ 9. Нөхөн сэргээсэн талбайг хүлээлгэн өгөх

Нөхөн сэргээлтийн үр дүнг тооцоход 7-р үе шат нөлөөлдөг тул уг шатны зорилтыг 2-р шатанд төлөвлөх нь зүйтэй.

Нөхөн сэргээлтийн туршилт судалгаа нь үргүй зардлыг бууруулах, нөхөн сэргээлтийг амжилттай цаг хугацаа хожиж гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ.

Нөхөн сэргээсэн талбайг дахин ашиглах зориулалтыг тогтоохдоо уурхайн олборлолт эхлэхээс өмнөх тус талбайг ашиглаж байсан зориулалт болон орон нутгийн иргэдийн хүсэл сонирхолыг харгалзах нь зөв юм.