Нөхөн сэргээлт хийх Монгол улсын хууль, эрх зүйн орчин
Байгал орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах, доройтлоос сэргийлэх, нөхөн сэргээх нь Монгол улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг юм. Монгол улсын Их Хурал 1993 онд “Биологийн олон янз байдлын тухай” конвенцийг соёрхон баталснаар Монгол улс олон улсын энэхүү конвенцид нэгдэн орсон.
Биологийн олон янз байдлын тухай конвенци нь дэлхийн улс орнуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсэг, генетикийн нөөцийг тогтвортой ашиглах, зохистой технологийг дамжуулан эзэмшүүлэх, санхүүжүүлэх замаар уг нөөцийг эрх зүйн дагуу шударга, тэгш зарчимд үндэслэн үр ашигтай ашиглах зорилготой, генийн нөөц, төрөл зүйл, экосистем зэрэг биологийн олон янз байдлын бүхий л хүрээг хамарсан дэлхий дахины анхны гэрээ бичиг юм (Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр 2015-2025 он).
Монгол улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэл хийх явцад Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай улсын байгаль орчны төлөв байдалд өөрчлөлт орж, уул уурхай, мал аж ахуй зэрэг зарим эдийн засгийн салбарын байгаль орчин, биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөл мэдэгдэхүйц нэмэгдсэн тул байгаль орчны холбогдох хууль тогтоомжийг үүссэн нөхцөл байдалтай уялдуулж шинэчлэх шаардлага тулгардаг.