Одод хооронд (кино)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Interstellar бол Кристофер Нолан найруулж Мэттю МакКонахи, Энн Хэтуэи, Жэссика Чэстэин, Маикл Кэин нар гол дүрд нь тоглосон шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Энэ кинонд хүн төрөлхтөн суурьшин амьдрах шинэ гараг олж нээхээр өтний нүхээр дамжин сансрын аялал хийж буй багийнхны тухай өгүүлдэг. Киноны зохиолыг ах дүүс Кристофер болон Жонатан Нолан нар Жонатаны 2007 онд гаргасан санаанаас сэдэвлэн бичжээ. Киноны продюсингийг Кристофер Нолан өөрийн эхнэр Эмма Томастай хамтран өөрсдийн Syncopy, Линда Обст өөрийн Lynda Obst Productions компанитай хамтран хийжээ. Киног бүтээх сэдлийг төрүүлсэн онолын физикч Кип Торн мөн гүйцэтгэх продюсер, шинжлэх ухааны зөвлөхөөр ажилласан. Тус киног Ворнэр Брос, Парамаунт Пикчэрс, Лэжэндари Пикчэрс компаниуд хамтран санхүүжүүлжээ.

Зураглаач Хоит ван Хоитэма 35 мм болон IMAX 70 мм-ийн камеруудаар зураг авсан бөгөөд зураг авалт 2013 оны сүүлээр Лос Анжэлэс, Исланд, Албэртад эхэлжээ. Кинонд компьютер графикийг бага, харин биет бодит зүйлсийг түлхүү ашиглажээ. Interstellar 2014 оны 10 сарын 26-нд Лос Анжэлэс хотноо нээлтээ хийсэн. Бокс оффисоос 672 сая ам.долларын орлого олсон тус кинонд шүүмжлэгч нар өндөр үнэлгээ өгөхдөө шинжлэх ухааны баримт, сэдэв, хөгжмийн зохиол, тусгай эффект болоод гол дүрийн жүжигчдийн тоглолтыг сайшаажээ. Interstellar 87 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд таван төрлөөр нэр дэвшсэнээс “Шилдэг тусгай эффект”-ийн шагнал хүртсэн.

Үйл явдал[засварлах | edit source]

Дэлхий дээр үр тарианы өвчлөл гарснаар газар тариалангаас үүдэлтэй хүнсний хомсдол үүсч эхэлжээ. Цагтаа НАСА-гийн нисгэгч байсан Күүпэр бэлэвсэрч, хоёр хүүхэдтэйгээ үлдэн, хадам аавтайгаа эрдэнэ шиш тариалдаг фермер болсон байв. Түүний охин Мөрф өрөөнийх нь номын тавиураас ном унах болсныг сүнстэй болсон гэж үзэх болжээ. Нэгэн удаагийн хүчтэй шороон шуурганаас тэрхүү өрөөний шалан дээр сонин дүрс үүсч, яг тэр хэсэгт соронзын хүч ихэссэн байхыг Күүпэр олж мэднэ. Ийнхүү энэ нь газрын зураг дээр тэмдэглэгдээгүй нууц байгууламж болохыг тогтоож охинтойгоо тийш явна. Энэ газар нь НАСА-гийн газар доорх нууц байгуламж бөгөөд энд доктор Жон Брэндтэй уулзана. НАСА-гийнхан Санчир гарагийн ойролцоо өтний нүх гэнэт гарч ирснийг биднийг өөр галактик руу хүргэхийн тулд харийнхан зориудаар гаргаж ирсэн гэж ярина. Өтний нүхээр дамжин өөр гараг хайж олохоор өмнө нь 12 хүнийг ганцаарчилсан нислэгээр явуулсан бөгөөд Гаргантью хэмээх аварга том хар нүхний ойролцоо байгаа Миллер, Эдмунд, Манн нараас мэдээлэл иржээ. Эндюрэнс хөлгөөр саяын гурван гараг руу хүрч мэдээлэл цуглуулахыг Күүпэрээс доктор Брэнд хүсч, энэ хооронд дэлхийгээс хүн төрөлхтөнийг хэрхэн хөөргөх аргыг олсон байхаа амлана. Хэрвээ хүн төрөлхтөн хөөрч чадахгүй бол Эндюрэнс хөлөгт тээвэрлэж яваа 5000 ширхэг хөлдөөсөн өндгөн эсийг шинэ гараг дээр суурьшуулах “Б төлөвлөгөө” тэдэнд байлаа. Күүпэр даалгаврыг гүйцэтгэхээр зөвшөөрсөн нь Мөрфтэй зөрчилдөхөд хүргэнэ.

Эндюрэнс хөлгийн бүрэлдэхүүнд Брэндийн охин Амэлиа, эрдэмтэн Ромили, Доил болон Тарс, Кэс гэх хоёр робот багтав. Өтний нүхээр дамжин өөр галактикт хүрсэн тэд усаар бүрхэгдсэн Миллэрийн гараг руу хөдлөнө. Энэ гарагийн татах хүчний нөлөө их учир цаг хугацаа удааширч энд өнгөрүүлсэн нэг цаг дэлхийн долоо жилтэй тэнцдэг. Буухдаа осолдсон Миллэрийн хөлгийн мэдээллийн хайрцгийг авахаар Амэлиа оролдож байгаад аварга том давалгаанд цохиулж Доил амиа алдан, тэдний хөлөгт ус нэвтэрсэн тул хөдөлгүүр хаттал нь хүлээхээс аргагүйд хүрнэ. Хэсэг саатсаны дараа дараагийн давалгаанаас урьтаж хөөрсөн Күүпэр, Амэлиа хоёр Эндюрэнс дээр эргэн ирэхэд хэдийнэ 23 жил өнгөрсөн байлаа.

Том болсон Мөрф доктор Брэндийн таталцлын тэгшитгэлийн хариуг олохоор түүний удирдлага дор НАСА-д ажиллах болжээ. Харин доктор Брэнд нас барахынхаа өмнө тэгшитгэлийн хариуг аль дээр олсон нь хүн төрөлхтөнийг хөөргөх боломжгүй байжээ. Иймээс НАСА-д худал хэлж “Б төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхийн тулд Эндюрэнс багийн ажлыг явуулах нь түүний гол зорилго байсныг хэлнэ. Гаргантюгийн гажуудлыг олсноор “А төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн Мөрф судалгаагаа үргэлжлүүлнэ.

Хангалттай шатахуунгүй болсон Эндюрэнс багийнхан Манны гарагт хүрэхэд үүлээр бүрхэгдсэн, гадарга нь мөстсөн, цаг уур нь аммиактай байлаа. Энэ гарагийн хөрсний шинжилгээ боломжийн гэдэгт багийнхныг Манн итгүүлж чадна. Гэсэн атлаа гараг дээрх аяллын үеэр Күүпэрийг алахаар завдаж, явуулж байсан мэдээлэл нь өөрийгөө авруулахын тулд хуурамчаар үйлдсэнээ хэлдэг. Яг энэ үеэр Ромили үнэнийг олж мэдэх ч урьдчилан бэлдсэн дэлбэрэлтэнд өртөж амиа алдана.

Амэлиа амьсгалах аргагүй болсон Күүпэрийг аварч хамтдаа Эндюрэнс хөлөг рүү буцах ч Манн түрүүлж хүрээд ренжерийг хөлөгт холбохоор оролдож байв. Аюулгүй ажиллагааны анхааруулга өгч байсан ч Манн тоогоогүйгээс дэлбэрэлт болж Эндюрэнс хөлгийн нэг хэсэг сүйрнэ. Харин Күүпэр энэ үеэр өөрсдийн сууж явсан ренжерийг амжилттай холбож чаддаг. Эдмундын гарагт хүрэхийн тулд тэр хоёр хар нүхний эргэлтийн хүчийг ашиглахаар шийднэ. Күүпэр, Тарс хоёр ренжерээрээ хар нүх рүү ордог бол Амэлиа, Эндюрэнс хөлөгтэй Эдмундын гараг руу явна. Хар нүхэн дотор Күүпэр номын тавиур шиг гэмээр өөр хэмжээст ертөнцөд орно. Эндээс Мөрфийн өрөөнд болсон үйл явдлууд тал бүрээсээ нэг бүрчлэн харагдаж байв. Энэхүү өөр хэмжээст ертөнц, өтний нүхийг ирээдүйн хүн төрөлхтөн татах хүчний долгионоор дамжуулан Мөрфтэй холбоо тогтоохын тулд бүтээснийг Күүпэр ухаарав. Мөрфийн өрөөнд байсан сүнс гээч нь үнэндээ Күүпэр өөрөө байжээ. Ингээд Тарсын цуглуулсан мэдээллийг Мөрфид моорзын код ашиглан цагийн зүүгээр Күүпэр өгч эхэлнэ. Үүнийг Мөрф ажиглаж ирж буй мэдээллийг бичиж авснаар хайж байсан нээлтээ хийдэг.

Хар нүхэнд өнгөрүүлсэн богинохон хугацаа дэлхийн 51 жилтэй дүйцэж байлаа. Ухаан алдсан Күүпэр гэнэт сэргэтэл эмнэлгийн орон дээр байв. Хүчилтөрөгчгүй шахам болсон Күүпэрийг өтний нүхний дэргэдээс олсноо, мөн энэ эмнэлэг дэлхийгээс ялгаагүй сансрын хөлөг дээр байрлах бөгөөд тэд Санчир гарагийн дэргэдүүр өнгөрч явааг эмч нь хэлнэ. Энд нас өндөр болсон охинтойгоо Күүпэр амьсгал хураахаас нь өмнө уулзахад тэр аавыгаа эргэж ирнэ гэдэгт итгэдэг байснаа хэлж түүнийг Амэлиагийн хойноос Эдмундын гараг руу явахыг зөвлөнө. Күүпэр эвдэрсэн Тарсыг засч, жижиг хөлөгт суун Эдмундын гараг руу ниснэ. Амэлиа шинэ гараг дээр Кэсийн хамт баазаа байгуулж эхэлсэн бөгөөд энд хүн төрөлхтөн суурьших боломж бийг харуулдаг.