Олимпын далбаа
Олимпын далбаа (англи. Olympic flag, франц. ) Олон Улсын Олимпын Хорооноос Олимпын хөдөлгөөний үзэл санааг дэлхий даяар сурталчлах зорилгоор ашигладаг, Олимпын наадмын бэлгэ тэмдгүүдийн нэг юм. Эдгээр бэлгэ тэмдэгт далбаа, дуулал, тангараг, уриа лоозон, медаль, гал, лаврын мөчир, сахиус, сүлд ордог.
Далбаа нь 3мх2м хэмжээтэй цагаан өнгийн дэвсгэр дээр хөх, хар, улаан (дээд эгнээ), шар, ногоон (доод эгнээ) өнгийн хоорондоо холбогдсон таван цагариг бүхий дүрсээс бүрдэнэ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Олимпын далбааг 1913 онд Олимпын наадмыг санаачилсан Францын барон Пьер де Кубертэний удирдлага дор зохион бүтээжээ. Энэ нь анх 1914 оны Пан Египетийн наадамд Александриа хотод мандулсан байна. 1920 оны Антверпенд болсон 7-р зуны Олимпын наадамд анх ашигласан юм. Туг дээрх таван цагариг нь дэлхийн хүн ам суурьшсан тивүүдийг төлөөлдөг (Америкийг нэг тив, Европыг Азиас тусдаа гэж үздэг байсан). Далбааг цэнхэр, хар, улаан, шар, ногоон өнгөөр 5 тивийг төлөөлүүлж бүтээсэн байна.