Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (Средства массовой информации. Mass Media).
Тойм
[засварлах | кодоор засварлах]Олон түмнийг нийтлэл, нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий тогтмол хэвлэл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэрэг мэдээллийн сувгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэдэг. ОНМХ-ийн мэдээлэл нь үнэн бодитой, тогтмол, шуурхай, хүртээмжтэй, багтаамж сайтай, идэвхтэй, ашигтай, чиглэсэн зорилготой байх зэрэг шинжээрээ бусад бүх төрлийн мэдээллээс ялгардаг.
Дэлхий дахинд тогтмол хэвлэл 300 жилийн турш олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүргийг дангаараа гүйцэтгэж байсан бөгөөд кино, радио, телевиз бий болсноор ОНМХ-ийн цоо шинэ тогтолцоо бий болжээ. Орчин үед цахим хэвлэл эрчимтэй хөгжиж, мэдээллийн шинэ орон зай, боломжийг нээж, хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байна. Мэдээллийн хэрэгсэл болгон өөрийн гэсэн давуу ба сул талтай. Мэдээллийн хэрэгслүүдийн харилцан нөхцөлдсөн нэгдмэл үйл ажиллагаа нь тэр давуу талыг оновчтой ашиглаж, сул талыг нөхөх замаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа жам ёсоор хэвийн явагдах онцлогтой юм.
Мэдээллийн хэрэгсэл бүр өөрийн гэсэн онцлог шинж, давуу талын ачаар мэдээллийн зах зээлд орон зайгаа эзэлж, байнгын хүлээн авагчаа бий болгодог, өрсөлдөх шинэ боломжийг эрж хайдаг, нийтлэл, нэвтрүүлгийг агуулга хэлбэр, ур чадвар, арга барилын хувьд үргэлж шинэчилж, хөгжүүлэн баяжуулж байдаг. Энэ нь оршин тогтнох, амьдрах чадварын эх үндэс болдог байна.
ОНМХ-ийн арилжааны шинж
[засварлах | кодоор засварлах]ОНМХ-ийн арилжааны шинж (Коммерциализация СМИ. Commercialization of Mass Media).
Өнгөрсөн зууны эцэст дэлхийн олон оронд ОНМХ арилжааны хэрэгсэл болох хандлага улам хүчтэй өрнөх болов. Сонин, сэтгүүлийг хэвлэх, нэвтрүүлэг бэлтгэх үйл явц мэдээллийн үйлдвэрлэлийн салбар болон хувирч, хэрэглэгчдийн зах зээлийн шаардлагыг харгалзсан ажил хэрэгч шинж, үр ашигтай ажиллах менежмент, маркетингийн стандарт нэвтэрч байна. Америкийн мэдээллийн салбарынхан «Америкийн мэдээллийн үйлдвэрлэл бол бизнес мөн» гэж тунхагладаг нь үүнтэй холбоотой юм. Тиймээс Баруун Европт ОНМХ-ийг «медиа-үйлдвэрлэл», сэтгүүлчдийн бүтээлийг зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнтэй адилтгаж «медиа-бүтээгдэхүүн» гэж нэрлэдэг нь түгээмэл болжээ.
Арилжааны чиглэл бүхий сэтгүүл зүйд (profit seeking) сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой зах зээлд үйлчилдэг ёстой гэсэн үзэл баримтал өргөн дэлгэрсэн бол сэтгүүл зүйн бусад чиглэлийн төлөөлөгчид юуны өмнө иргэдэд, олон нийтийн санаа бодолд, эсвэл хувь хүн болох уншигчид хандах хэрэгтэй гэж үздэг байна. Сэтгүүл зүйн арилжааны шинж өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд зах зээлийн механизмаар дамжин хэрэгждэг ХМХ-ийн болон сэтгүүлчдийн үйл ажиллагааг эдийн засгийн хувьд зохицуулах нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Зах зээлийн дарамт нь өрсөлдөөний орчинд үйл ажиллагаа явуулж буй ОНМХ-ийн болон сэтгүүлчдийн давуу тал, «тоглоомын дүрэм»-ийг тодорхойлж өгдгөөрөө онцлогтой юм.
Арилжааны хүчин зүйл орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлж байгааг Америкийн сэтгүүл зүйн жишээгээр тайлбарлаж болно. 1990-ээд оны дунд тус улсын сонины төсвийн 80 хувийг сурталчилгааны орлогоос, зөвхөн 20 хувийг захиалга болон борлуулалтаас олсон мөнгөөр бүрдүүлж байв. Өөрөөр хэлбэл, сурталчилгаа олгогчид ба хүлээн авагчдын сонины санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг харьцаа нь 4:1 болж өөрчлөгдсөн юм. Ийм сурталчилгааын нөлөө сонин хэвлэлийн агуулгад бас нөлөөлж, аль болохоор олон уншигчийн анхаарлыг татахуйц нийтлэл мэдээ нийтлэхийг чухалчилдаг болж байна. Тухайлбал, 90-ээд оны эхэнд АНУ-ын сонины сурвалжлагчдын 19 хувь нь спортын, 8 хувь нь гэмт хэрэг, шүүхийн үйл ажиллагааны асуудлаар, 7 хувь нь бизнесийн чиглэлийн сэдвээр дагнан мэргэших болжээ. Тэгвэл нийгмийн болон боловсролын асуудлаар мэргэшдэг сэтгүүлч ердөө 4 хувийг тус тус эзэлж байв.
XX зууны сүүлчийн 25 жилд арилжааны телевиз нэлээд эрчимтэй хөгжихийн хамт төлбөртэй нэвтрүүлэг, хөтөлбөр явуулах явдал өргөн нэвтэрчээ. Энэ асуудал өнөөдөр Европын холбооны орнуудын олон нийтийн санааг зовоож байгаа бөгөөд төр, засгийн зүгээс олон нийтийн телевизийг хөгжүүлэх, дэмжих талаар тодорхой алхмуудыг хийж байна. Гэвч арилжааны телевизтэй хүссэн хүсээгүй өрсөлдөх шаардлагатай болсон олон нийтийн телевизийн компаниуд зар сурталчилгаа, арилжааны үйл ажиллагааны нууц хэлбэрийг түгээмэл ашиглах болсон юм.
Сүүлийн 20 жилд нэвтрүүлгийн томоохон компаниуд олон нийтийн анхаарлыг онцгой татдаг спортын уралдаан, шоу зэрэг үйл явдлуудыг дагнан нэвтрүүлдэг эрх олж авах явдал өргөн дэлгэрч байна. Ийм эрхийг гол төлөв санхүү, эдийн засгийн нөөц боломж сайтай арилжааны телекомпаниуд авч байгаа нь олон нийтийн телевизийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг болжээ. Судлаачдын дүгнэлтээс үзэхэд ОНМХ-ийн арилжааны шинж улам гүнзгийрч, компьютерийн сүлжээг өргөн ашиглах болсон нь XX зууны эцэст баян, ядуугийн хоорондох зөрчил дээр мэдээллээр хангах гэсэн өөр нэг томоохон шалгуур нэмэгдэхэд хүргэжээ. Уншигчдын нэг хэсэг нь интернетээс эхлэн мэдээллийн бүх суваг, эх сурвалжийг ашиглаж байхад нөгөө хэсэг нь хөрөнгө мөнгөний хүчин зүйлээс шалтгаалан мэдээлэл хүлээж авах боломж нь эрс хязгаарлагдмал байна.
ОНМХ-ийн дэд бүтэц
[засварлах | кодоор засварлах]ОНМХ-ийн дэд бүтэц (Инфраструктура СМИ. Infrastructureе of Mass Media).
Энэ бол үйлдвэрлэлийн (хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга г.м.) бүх хүрээ болон хүмүүсийн амьдрах үйл ажиллагаанд үйлчилдэг, гэхдээ хөрөнгөлөг зүйл үйлдвэрлэдэггүй аж ахуйн бүх салбарыг илэрхийлдэг нийтлэг шинжтэй ерөнхий нэр томъёо юм. Дэд бүтцийг үйлдвэрлэлийн, нийгмийн, тусгай салбарын (эрүүл мэнд, соёл, боловсрол, нийгмийн аюулгүй байдал, ахуйн үйлчилгээ), институцийн, мэдээллийн, зах зээлийн гэж ангилдаг. ОНМХ-ийн дэд бүтэц гэдэг нь сонин хэвлэл, радио, телевиз нь янз бүрийн мэдээллийн хэрэгслийн нийлбэр цогц болж, үйл ажиллагаагаа хэвийн байдалд явуулахад нөлөөлдөг байгууллага, нэгжүүдийн тогтолцоо (тогтолцоо) юм. Энэ тогтолцоо нь нэг талаар сонин сэтгүүл, радио, телевизийн газруудыг бүх шаардлагатай мэдээлэл, техник болон холбооны хэрэгслээр хангадаг бол нөгөө талаар мэдээллийн бүтээгдэхүүнийг хүлээн авагчдад шуурхай хүргэх үүрэг гүйцэтгэдэг. Иймд дэд бүтцийн нэгжгүйгээр аливаа редакцийн үйл ажиллагаа “ганцаардмал” байдалд орж, үнэ өртөг ихтэй, нарийн төвөгтэй, хүнд хэцүү болохын хамт маш удаан, эрчимгүй явагддаг.
ОНМХ-ийн дэд бүтцийн чухал хэсэг бол мэдээллийн агентлагууд, мэдээлэл солилцох албад, үйлдвэр-техникийн нэгжүүд, холбооны байгууллагууд, мэдээллийг түгээх, хүргэх тогтолцоо, ОНМХ-ийг боловсон хүчнээр хангаж, сургалт судалгааны талаар тусалдаг байгууллагууд, хэвлэн нийтлэгчид болон эрхлэгчдийн нийгэмлэгүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүртгэж зөвшөөрөл олгодог, нийтлэлийн бодлого, хөтөлбөрийг зөв хэрэгжүүлж байгаа эсэхийг хянадаг төрийн байгууллагууд зэрэг болно. Түүнчлэн хэвлэл мэдээллийн талаарх хууль, бусад эрх зүйн актуудыг зөв биелүүлж байгааг хянадаг прокурорын, мөн тийм хууль зүйн актуудыг зөрчсөн тохиолдолд иргэний болон эрүүгийн хэргүүдийг авч үздэг шүүхийн байгууллагууд ч ямар нэг хэмжээгээр сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой байдаг.
Мэдээллийн агентлагууд, мэдээллийн албад бол телевиз, тогтмол хэвлэл, радио, мэдээллийн агентлагууд, төрийн болон төрийн бус янз бүрийн байгууллагын хэвлэл мэдээллийн алба, төв (пресс-центр), товчоо (пресс-бюро), сурталчилгааны алба, нийгмийн бусад институтуудын олон түмэнтэй харилцах зорилго бүхий байгууллагуудын (нэгжүүдийн) тогтолцоо юм. Энэ байгууллагууд мэдээлэл цуглуулах, боловсруулах, түүнийг тараах, ОНМХ-үүдийг мэдээллээр хангах, сэтгүүлчидтэй янз бүрийн харилцаа холбоо тогтоох зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Өөрийнхөө гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд хэвлэл мэдээллийн төвтэй ойролцоо нэгж бол олон түмэнтэй харилцах алба (үүнийг англи хэлэнд “public relation” гэж нэрлэдэг) юм. Гэхдээ түүний ажил үүргийн хүрээ зөвхөн ОНМХ-тэй холбоо тогтоохоос хамаагүй өргөн, харьцангуй өвөрмөц бөгөөд гол зорилго нь “захиалагчийн”, өөрөөр хэлбэл улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, шашны зэрэг янз бүрийн байгууллагын болон улс төрийн зүтгэлтэн, худалдаачин, менежер, эрдэмтэн, жүжигчин гэх мэт хүмүүсийн дүр төрхийг (имиж) бүхэлдээ бүрдүүлэн бий болгоход оршино.
Сэтгүүл зүйн дэд бүтцэд шууд холбоотой өөр нэг нэгж бол сурталчилгааны агуулгыг бэлтгэх, байрлуулах, сонин хэвлэлд нийтлэх, радио, телевизээр нэвтрүүлэх зорилго бүхий сурталчилгааын агентлагууд юм. Хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудад сурталчилгааын агентлаг, албадтай харилцаа холбоотой ажиллаж, өөрийн сонин хэвлэл, нэвтрүүлгийн сурталчилгааын бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй сурталчилгааын хэлтсүүд ажилладаг. Үүнээс гадна сэтгүүл зүйн дэд бүтцийн үйл ажиллагаанд ОНМХ-д ашиглах боломжтой янз бүрийн мэдээллийг бэлтгэдэг, хадгалдаг бусад олон нэгж оролцдог байна. Энэ бол баримтат болон уран сайхны кино студиуд, дуу болон дүрс бичлэгийн студиуд, номын сан, бичмэл нийтлэл мэдээнүүдийн болон кино, фото баримтуудын архив юм.
Сэтгүүл зүйн дэд бүтцэд агентлагуудаас гадна олон улсын хэмжээнд дүрс, дуу бичлэг, эх бичвэр солилцох байгууллагууд бас хамаарна. Энэ бол янз бүрийн мэдээлэл олж авахад чиглэгдсэн бүх төрлийн үзэсгэлэн, уулзалт, наадам зэргийг зохион байгуулагчид, оюуны өмчийн зохиогчийн эрхийг хамгаалах, төлөөлөх албад юм. Сэтгүүл зүйн дэд бүтцийн техникийн талыг хэвлэх үйлдвэрүүд, радио, телевизийн техникийн төв, шуудан холбооны, түүний дотор сансрын холбооны байгууллагууд, тогтмол хэвлэлийг хүргэх, захиалах, тараах, номын худалдааг эрхэлдэг байгууллагууд, ОНМХ-үүдэд зориулж техник хэрэгсэл, хальс, цаас болон телевизор, радио хүлээн авагч үйлдвэрлэгчид бүрдүүлдэг. Зөвхөн энэ хэрэгслүүдээр дамжин сэтгүүл зүй улс орны эдийн засаг, соёлын бүх салбарт “нэвтрэн орох” боломжтой юм. Дэд бүтцийн техникийн хэсгээс сэтгүүл зүйн үйл ажиллагаа шууд шалтгаалдаг. Тухайлбал, шуудан холбоонд гарсан гэмтэл, хүргэлтийн өндөр зардал зэрэг нь мэдээллийг “хүлээн авагчдад” шуурхай, саадгүй хүргэхэд багагүй бэрхшээл учруулдаг нь тодорхой юм. Боловсон хүчинтэй холбоотой асуудал бол сэтгүүл зүйн дэд бүтцийн онцгой хэсэг мөн. Үүнд юуны өмнө сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд, сэтгүүл зүйн факультет, салбар, сонин, хэвлэл, радио, телевизийн ажилтнуудыг давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх байгууллагууд (Монголын хэвлэлийн хүрээлэн) ордог. Түүнчлэн сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага (МСНЭ, МСХ, МЧСХ), зохиолчдын холбоо, эвсэл, киноны уран бүтээлчдийн нийгэмлэг зэрэг байгууллагууд ОНМХ-ийн боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг.
Сэтгүүл зүйн удирдан зохион байгуулах дэд бүтцэд ОНМХ-тэй холбоотой хууль эрх зүйн актуудыг боловсруулдаг парламентээс эхлээд тодорхой үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн хэрэгслийг бүртгэх, удирдах зорилго бүхий орон нутгийн байгууллага хүртэлх олон төрлийн, янз бүрийн төвшний нийгмийн институтууд ордог. Энд чухал үүрэг гүйцэтгэдэг төрийн байгууллага бол Хэвлэл мэдээллийн яам (хороо), Радио, Телевизийн хэрэг эрхлэх газар зэрэг байгууллага болно. Харин манай оронд хэвлэл мэдээллийн асуудлыг дагнан хариуцаж, бодлого боловсруулдаг дагнасан төрийн төв байгууллага алга байна. Түүнчлэн оюуны өмчийг хамгаалах газар тодорохой үүрэг гүйцэтгэдэг.
Олон нийтийн байгууллага болох Хэвлэн нийтлэгчдийн холбоо, Ном сонирхогчдын нийгэмлэг, Сонины эрхлэгчдийн ассоциаци, сурталчилгааын ассоциаци зэрэг байгууллагууд ч янз бүрийн ажил хийж байна. Энэхүү байгууллага, нийгэмлэг, холбоодын аль нь ч сонирхсон талуудын хооронд харилцаа холбоо тогтоох, шаардлагатай шийдвэрүүдийг боловсруулах, сэтгүүл зүйн болон түүний дэд бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг улам оновчтой болгох, уялдаа холбоог сайжруулахын төлөө үйл ажиллагаа явуулдаг.
ОНМХ-ийн менежмент
[засварлах | кодоор засварлах]ОНМХ-ийн менежмент (Менежмент СМИ. Media management). Латин хэлний manage – “удирдах, эрхлэх, бүтээх” гэсэн утгатай үгнээс гаралтай нэр томъёо юм. АНУ-ын нэрт судлаач, менежментийн шинжлэх ухааны эцэг Фредрик Тейлор менежментийн шинжлэх ухааны үндсийг “Уламжлалт дадлын оронд шинжлэх ухаан, сөргөлдөөний оронд харилцан итгэлцэл, хувиа хичээхийн оронд хамтран ажиллах, бүтээмжийн өсөлтийг хязгаарлах биш, улам нээх, ажилчин нэг бүрийн ур чадварыг дээд зэргээр хөгжүүлэх явдал” (81.13) гэж тодорхойлсон байдаг. Өргөн утгаар нь авч үзвэл менежментийн шинжлэх ухаан гэдэг нь байгууллагыг шинжлэх ухааны үндэстэй, тогтолцоотой удирдах онол, удирдагч хүнд байгууллагаа авч явах ухаан, урлагийг эзэмшүүлэх ухаан гэж хэлж болно. Явцуу утгаар нь авч үзвэл, нэгэн зорилгод нэгдсэн байгууллагыг үр ашигтай удирдан жолоодон ажиллах хүч, санхүү, нийтлэл мэдээын нөөцийг хамгийн үр ашигтай зохион байгуулах ур чадварыг менежмент гэнэ. Товчоор хэлбэл, менежмент бол байгууллагыг авч явах ухаан гэсэн үг юм.
Сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, цахим хэвлэл бүгд мэдээллийн үйл ажиллагаа явуулдаг тодорхой нэг байгууллагын хэлбэрээр оршин тогтнодог хуулийн этгээд мөн. Тэгвэл хэвлэл, мэдээллийн менежмент гэдгийг мэдээллийн байгууллагыг удирдах арга, ухаан гэж томъёолж болно. Аливаа хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны ололт амжилт, нэр хүнд, зах зээлд өрсөлдөх чадвар нь түүний нийтлэл, эсвэл нэвтрүүлгийн бодлогоос шууд шалтгаалдаг. Тиймээс хэвлэл мэдээллийн менежментийг нийтлэлийн бодлоготой холбон тайлбарлах нь зөв юм. ОНМХ-ийн шинжлэх ухааны үндэстэй, оновчтой, чиглэсэн зорилготой, алсын хараатай нийтлэлийн бодлогын үр дүнд захиалагч, хүлээн авагчдын оюуны эрэлт хэрэгцээг системтэй, тогтвортой хангасан мэдээллийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийг мэдээллийн зах зээлд амжилттай борлуулах замаар тухайн байгууллагаа үр ашигтай удирдан зохион байгуулах үйл ажиллагаа бол менежмент мөн. Өөрөөр хэлбэл, “Оюуны бүтээл үйлдвэрлэгч, хэрэглэгчийн харилцааг уялдуулж, бүтээлч сэтгэлгээтэй уран бүтээлийн ажилтнуудын хөгжлийг удирдлагын арга хэлбэр, зарчмуудаар хангах хүмүүсийн харилцааны урлаг, удирдлагын шинжлэх ухаан” (81.19) юм.
Менежментийн үүсэл хөгжлийг манай тооллын өмнөх 5000 жилээс эхтэй гэж үздэг. Одоогийн Иракийн нутагт байсан эртний Шумерт худалдаа арилжааны анхны сүлжээ бий болж, арилжаа наймааны ёсчлон мөрдөх журам, Шумерийн худалдааны гэрээ хэлэлцээр үйлчилж байсан нь менежментийн анхны оролдлого бөгөөд менежментийн сэтгэлгээ үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Менежмент ХХ зууны арваад оны үед Америкт бие даасан шинжлэх ухаан болон хөгжиж эхэлсэн юм. Америкийн саятан Ф.Тейлорын 1911 онд “Шинжлэх ухааны удирдлагын зарчмууд” ном нь менежмент бие даасан шинжлэх ухаан мөн гэдгийг баталсан бол Францын бизнесмен Анри Файоль Тейлорын нээлтийг улам баяжуулан захиргааны менежментийн үндсийг боловсруулж, менежментийн үүргийг тодорхойлжээ. Орчин үед менежмент шинжлэх ухааны томоохон салбар болон төлөвшиж, нийгмийн бүх хүрээг хамарч, ихээхэн эрчимтэй хөгжиж байна. ОНМХ-ийн монополч-лол (Монополизация СМИ. Monopolization of Mass Media). XX зуунд дэлхийн аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийн нэг гол чиг хандлага нь тэдний төвлөрөл, хэдхэн томоохон концерний мэдэлд бөөгнөрөх явдал юм. XIX-XX зууны зааг дээр дэлхийн аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад (АНУ, Англи, Герман, Франц) үүссэн монопол нэгтгэлүүд өнгөрсөн зууны эхний хагаст өөрийн орны хэвлэлийн үйл ажиллагаа болон радио нэвтрүүлгийн хүрээнд тэргүүлэх байр суурийг эзлэх болжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Барууны орнуудад медиа-корпорациуд мэдээллийн бус томоохон компаниудтай нэгдэн нийлэх болсон нь ажил хэргийн үйл ажиллагааны бусад хүрээтэй холбоотой асар том медиа-корпорациуд үүсэхэд нөлөөлсөн юм. Тэд дэлхийн мэдээллийн зах зээлд нэвтрэх зорилгоор өөрсдийн улс орны хил хязгаараас хальж, үйл ажиллагаа нь улс дамжсан шинжтэй болжээ. Өнөөдөр мэдээлэл харилцааны хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг санхүү эдийн засгийн нүсэр том баазтай корпорациуд олон улсын мэдээллийн зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Тэдний үйл ажиллагаа дэлхий дахиныг хамрах болсон нь мэдээллийн үйлдвэрлэл даяарчлагдаж буйн илрэл юм. Томоохон медиа-корпорациудад харьяалагдах Америкийн «International Gerald Tribune», «USA Today», «Wall Street Journal», Английн «Financial Times», Францын «Le Mondе», Германы «Frankfurter Allgemeine Zeitung» сонин, «Time», «Newsweek», «Readers Digest» (АНУ) сэтгүүл зэрэг тогтмол хэвлэл дэлхийн олон оронд маш олон хувиар тарж байна. Тэдний ихэнх нь гадаад орнуудад зориулагдсан хувилбартай, зарим нь тухайн орны хүлээн авагчдын онцлогийг харгалзан орон нутгийн хэл дээр хэвлэгддэг онцлогтой юм. Ийм сонин, сэтгүүл дэлхий дахинд өргөн дэлгэрч байгаа нь сэтгүүл зүй судлаачид «олон улсын», эсвэл «даяарчлалын» тогтмол хэвлэлийн шинэ хэв маяг, бүлэг бүрэлдэн төлөвших тухай дүгнэлт хийхэд хүргэж байна.
Орчин үед өрсөлдөөний нөхцөл байдал нарийн төвөгтэй, орчин үеийн мэдээллийн бизнес олон улсын шинжтэй болж байгаа нь цаашид медиа-концернууд хэгдэн нийлж, улам өргөжих хандлага ажиглагдаж байна. Америкийн судлаачдын тэмдэглэснээр 80-аад оны эхэнд дэлхий дахины масс-медиагийн салбарт 50 том корпораци тэргүүлж байсан бол энэ тоо 1987 онд 29, 1990 онд 23, 1992 онд 14, 1997 онд 10 болж багассан нь үүний жишээ юм.
ОНМХ-ийн тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]ОНМХ-ийн тогтолцоо (Система СМИ. System of Mass Media).
Олон нийтийн мэдээллийн тогтмол хэвлэл (сонин, сэтгүүл), радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино зэрэг үндсэн хэрэгслүүд бүрэлдэн тогтож, мэдээллийн бие даасан салбарын хэмжээнд төлөвшиж, харилцан нөхцөлдсөн нэгдмэл үйл ажиллагаа явуулах тогтолцоог ОНМХ-ийн тогтолцоо гэж нэрлэдэг. Ямар ч хүн энгийн, ойлгомжтой мэдээллийг олон нийтийн мэдээллийн аль ч хэрэгслээс тогтмол хүлээн авч, оюуны хэрэгцээ шаардлагыг хангаж чадах нь сэтгүүл зүйн мэдээллийн гол зорилго юм. Харин энэ зорилгыг амжилттай биелүүлэх нь тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй ОНМХ-ийн тогтолцоо, түүний бүтэц, зохион байгуулалт, харилцан нөлөөлөл, уялдаа холбоо нь ямар түвшинд байгаагаас шууд шалтгаална.
Монгол Улсын үндэсний анхны тогтмол хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг” сонин 1913 оны 3 дугаар сарын 6-нд Өргөөд хэвлэгдэн гарч сэтгүүл зүйн эх үндсийг тавьсан. 1920-иод оны үед хувьсгалт хэвлэл (1920 оны 11 дүгээр сарын 10-нд Эрхүү хотод “Монголын үнэн”), мэдээллийн агентлаг (1921 оны 7 дугаар сарын 19-нд МонТА), 1930-аад онд радио (1934 онд монголын радио), баримтат кино 1935-1936 онд, 1940-өөд онд орон нутгийн сонин (1941 онд Баян-Өлгий аймагт “Жана өмир” сонин), 1960-аад онд хотын сонин (1964 онд Дархан хотын “Найрамдлын Дархан” сонин), 1970-аад онд телевиз (1967 оны 9 дүгээр сарын 27-нд Монгол телевиз) бий болсноор 1970-аад оны эхээр Монголын ОНМХ-ийн систем бүрэлдэн тогтжээ.
ОНМХ-ийн тогтолцооны бүрэлдэн тогтох онцлог шинж нь:
- Дэлхийн социалист гэгдэж байсан бусад орнуудтай харьцуулахад ОНМХ-ийн систем орой бүрэлдэн тогтсон.
- ОНМХ-үүдийн үүссэн цаг хугацаа нь харилцан адилгүй хоорондоо нэлээд зайтай бий болсон. • Аль ч мэдээллийн хэрэгсэл бий болохдоо гадаад орны тоног төхөөрөмж, боловсон хүчний тусламжтайгаар байгуулагдсан.
- Мэдээллийн хэрэгслийн ихэнх нь нийслэл хотод бий болж, хотод төвлөрсөн шинжтэй байсан бөгөөд орон нутгийн хүн амыг мэдээллээр хангах явц нэлээд хоцронгуй байдалд байсан. Энэ байдал өнөөдөр хүртэл үргэлжилсэн хэвээр байна.
- ОНМХ-үүдийн дотроос тогтмол хэвлэл идэвхтэй хөгжиж, түүний дотоод систем нь түрүүлж бүрэлдэн тогтсон.
- ОНМХ-ийн чухал төрөл болох баримтат киног мэдээллийн хэрэгслийн хувьд биш урлагийн бүтээлийн хувьд үнэлэх үзэл бодол давамгайлж ирсэн бөгөөд баримтат киноны хөгжил харьцангуй сул байгаа зэрэг болно.
1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгал нийгмийн амьдралын бүх хүрээ, салбар өөрчлөн шинэчлэгдэж, хөгжлийн цоо шинэ замаар замнах, үйл ажиллагааг бүхэлдээ шинээр зохион байгуулахад хүргэсэн нь Монголын сэтгүүл зүйн тогтолцоонд томоохон өөрчлөлт гарахад нөлөөлсөн юм. Нэг намын тогтолцоо задарч, олон намын тогтолцоо бүхий ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулах үйл явц эхэлсэн нь захиргаадалтын тогтолцоо бүхэлдээ нурж, ОНМХ-д тавих бүх төрлийн хяналтыг халж, бие даасан чөлөөт сэтгүүл зүйн эх суурийг тавьж, нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, ур чадварт чанарын шинэ ахиц өөрчлөлт гарчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдэж, шинэ хэв маяг бий болж, олон хэвшилт мэдээллийн хэрэгслүүдийн үе эхэлсэн юм. Интернет, цахим хэвлэл үүсч, сэтгүүл зүйн хамрах хүрээ ч орон зай, цаг хугацааны хувьд эрс өргөжиж, дэлхийн сэтгүүл зүйн жишигт хүрэх шинэ боломж нээгдсэн билээ. 1990-ээд оноос хойшхи үеийн ОНМХ-ийн тогтолцоог төр засгийн, улс төрийн хүчнүүдийн, олон нийтийн байгууллагын, салбарын, пүүс компани, аж ахуйн нэгжийн, хувийн, хамтарсан, гадаадын, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бүрдүүлж байна.
ОНМХ-үүдийн тогтолцооны бүтэц
[засварлах | кодоор засварлах]ОНМХ-үүдийн тогтолцооны бүтэц (Структура системы СМИ. Structure of Mass Media system). ОНМХ-ийн бүтэц нь харьцангуй бүрэн төгс шинжтэй, түүний бүтэц нь тогтвортой, нэлээд өндөр түвшинд бүрэлдэн тогтсон гэж үздэг. ОНМХ-ийн тогтолцоо бүрэлдэн тогтоход нөлөөлдөг гол хөдөлгөгч хүч нь дараах гурван хүчин зүйл байдаг. Нэг дэх нь мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл, нэвтрүүлгийн нийлбэр нь тусгаж буй бодит байдлын дүр зургийг дээд зэргээр бүрэн дүүрэн, өргөн хүрээтэй, олон талын, төгс төгөлдөр харуулсан байх ёстой. Тиймээс сэтгүүл зүйд олон төрлийн сонин хэвлэл, радио, телевизийн хөтөлбөр, нэвтрүүлэг бий болж, түүний дотор бодит байдлын янз бүрийн хүрээ, асуудалд хандсан булан, нүүр, боолт, булангийн нэвтрүүлгүүд байдаг.
ОНМХ-ийн тогтолцооны бүтэц нь бүрэлдэн тогтоход нөлөөлдөг хоёр дахь гол хүчин зүйл бол нийгмийн хөгжлийн тухайн үе шатанд боломж бүхий нийгмийн бүх байр суурийг сэтгүүл зүйд тусгах явдал юм. Бүх төрлийн төрийн, төрийн бус, олон нийтийн байгууллага, нам, эвсэл холбоо, нийгэмлэг, хувь хүн нийгмийн тухайн үеийн байдал болон ирээдүйд хүрэх арга замын талаарх үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг илэрхийлэх, хамгаалах боломжтой байх ёстой. Зөвхөн тийм тохиолдолд олон түмэн, нийгмийн удирдлага оршиж буй бүх хүчний үзэл бодлыг сонсох, олон ургальч үзэл бодлын “өрсөлдөөний” үндсэн дээр хамгийн зөв шийдвэр гаргах боломжтой юм. Тиймээс ОНМХ-ийг эрхлэн гаргагчид нь хамгийн олон төрлийн хүчин байх төдийгүй, түүнд тийм олон янзын хүчний төлөөлөгчид зайлшгүй оролцдог. Гурав дахь хүчин зүйл бол хүлээн авагчдын нийгмийн байр суурь, улс төр-үзэл суртлын чиг баримжаа, мэдээллийн хэрэгцээ шаардлага, боловсролын түвшин, шинж чанар, хүн ам зүйн шинж тэмдэг (нас, хүйс, мэргэжил г.м.), түүний дотор тодорхой тохиолдолд нийтлэл, нэвтрүүлгийн бодолгын хувьд чухал үүрэг бүхий үндэсний, шашны, нутаг дэвсгэрийн хэрэгцээ, шаардлага, онцлогтой холбоотой юм. Энэхүү олон төрлийн шинж чанар болон хүлээн авагчдын хэрэгцээ шаардлагаас шалтгаалан тэдний тодорхой хэсэг, бүлэгт зориулагдсан асар их хэмжээний төрөлжсөн сонин хэвлэл, хөтөлбөр, нэвтрүүлэг бий болдог.
ОНМХ-ийн тогтолцоо нь уншигч, үзэгч, сонсогч бүр олон нийтийн мэдээллийн хүрээнээс өөрийнхөө хүсэн хүлээсэн оюуны эрэлт хэрэгцээ, сонирхлыг хангасан мэдээллийг олж авах боломжтой сонин хэвлэл, нийтлэл, нэвтрүүлгийн нийлбэр цогцыг бүрдүүлж чадсан тохиолдолд оновчтой болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Сэтгүүлч гагцхүү хүлээн авагчийн бүрэн хангагдсан хэрэгцээ, сонирхолд тулгуурласан тохиолдолд амьдралын бодит дүр зургийг бүрэн илэрхийлэх, өөрийнхөө өгч буй үнэлэлт, дүгнэлт, санал зөвлөмж, хандлага нь зөв гэдэгт итгүүлэн үнэмшүүлэх болно. ОНМХ-ийг бүрдүүлэх дээрх гурван гол хүчин зүйл харилцан уялдаа холбоотой, нэгдмэл шинжтэй үйлчилдэг. Хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулсан сэтгүүл гаргалаа гэхэд (тухайлбал, “Шинэ хөдөө”) нарийн тодорхойлсон нийтлэлийн бодлогогүйгээр шаардлагатай, хүсэн хүлээсэн, боломж бүхий хүлээн авагчдыг бүрдүүлж чадахгүй. Мөн эсрэгээр хэрэв гаргах гэж байгаа мэдээллийн хэрэгслийн хүлээн авагч, үйлчлэх “хүрээ” нь тодорхойгүй байхад таамаглал, урсгал шинжтэй бодлого, хөтөлбөр боловсруулах нь ямар ч амжилтанд хүргэхгүй юм.
ОНМХ-ийн тогтолцоо янз бүрийн замаар бүрэлдэн тогтдог. Түүхэн хөгжлийн үүднээс авч үзвэл эхлээд өргөн олон түмэнд зориулсан сонин хэвлэл, дараа нь ОНМХ-ийн хөгжлийн явцад сэдэв чиглэлээр, хүлээн авагчийн чиг баримжаа, онцлог шинжээр төрөлжсөн шинэ сонин, сэтгүүл, радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрүүд бий болжээ. Ингээд аажим аажмаар тодорхой дэс дарааллаар ОНМХ-үүд төрөлжиж эхэлсэн юм. Тоталитар буюу нэг үзэл суртал ноёрхсон үед тийм жам ёсны үйл явц зохиомлоор явагдаж, мэдээллийн “зах зээлд” нэгэн зэрэг олон сонин хэвлэл гарах болжээ. Хэрэв нэг дэх тохиолдолд эрхлэн гаргагчид болон сэтгүүлчид мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхой хэмжээгээр мэдэрч, үйлчлэх болон нөлөөлөх хүрээг оновчтой тодорхойлох боломжтой бол хоёр дахь тохиолдолд ХМХ-ийн тархалт алаг цоог, нэг хот, аймагт хэт их хэмжээгээр гардаг, өөр газарт маш цөөхөн тооны сонин хэвлэл ногдох болно. Гэхдээ сэтгүүлчид сэтгүүл зүйн үйл ажиллагаанд ОНМХ-ийн тогтолцооны үүднээс хандаж, түүний зүй тогтлыг зөв ойлгож, идэвхтэй ажилласан тохиолдолд дээрх хувилбарын алинд ч сэтгүүл зүй хэвийн, оновчтой явагдах боломжтой юм.
Зарим нэг мэдээллийн хэрэгсэл шинээр үүсч, хоёр дахь хэсэг нь зах зээлийн шалгуураар алга болж, гурав дахь нь оршин тогтнох, олон түмэнд нөлөөлөхийн тулд тэмцэж, бусад нь хоорондоо нэгдэн нийлж, бодлого чиглэлээ өөрчлөх үйл явц жам ёсоор явагдах болно. Зөвхөн өөрийнхөө мэдээллийн “хэрэгцээ, шаардлагыг” зөв тодорхойлж, олж чадсан, түүнийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж, ХМХ-ийн хэв маягийг оновчтой тодорхойлсон сонин хэвлэл, радио, телевиз л зах зээлийн шалгуурыг дааж, удаан амьдрах чадвартай болдог.
ОНМХ-ийн хүлээн авагч
[засварлах | кодоор засварлах]ОНМХ-ийн хүлээн авагч (Аудитория СМИ. Audience of Mass Media).
Олон нийтийн мэдээллийн харилцааны үйл ажиллагааны хүлээн авагчид өргөн утгаар нь дотоод шинж чанараараа, гол төлөв объектив болон субъектив шалгуураар нэгдсэн ОНМХ-ийн хүлээн авагчдын янз бүрийн хэсэг, бүлгүүдийг хамааруулан ойлгодог. Ийм шалгуурын тоонд тухайн хэсэг, бүлэгт хамрагдаж буй субъектуудын бие хүний онцлог шинж, амьдралын зорилго, хүсэл сонирхол, хэрэгцээ, мэдрэмж, нийтлэг шинж чанаруудыг оруулж болно. Ингэхдээ тийм хэсэг, бүлгүүдийн мөн чанарыг юуны өмнө ухамсрын механизмууд тодорхойлдог бөгөөд тэднийг харьцангуй тогтвортой, хөдөлгөөнтэй гэж ангилдаг. Хэм хэмжээ, уламжлал, хэвшмэл байдал, үнэт зүйлийн чиг баримжаа, удирдамж, хэрэгцээ ОНМХ-ийн нийтлэл мэдээнд тусгалаа олж, тогтворжиж, тогтмол олон нийтийн хүртээл болж буй “амьдралын жишээ баримтууд” тийм тогтвортой механизмууд болдог бол олон нийтийн санаа бодол хөдөлгөөнтэй механизм юм.
Хүлээн авагчид бол маш нарийн төвөгтэй нийгэм-оюуны өвөрмөц үзэгдэл мөн. Нэг талаар, түүний тодорхой шинж чанарууд нь улс орны нийгэм-эдийн засаг, улс төрийн бүтцээс шалтгаалан бий болсон нийгмийн өвөрмөц зүйл гэж хэлж болно. Нөгөө талаар, энэ бол зөвхөн олон нийтийн харилцааны хүрээнд хүлээн авагчидтай харилцах өөрийнхөө өвөрмөц үйл ажиллагааны бааз дээр үүсэн бий болж, оршин тогтож, хөгжих онцлогтой. Өөрөөр хэлбэл, мэдээлэл харилцааны өвөрмөц нийтлэг шинж болох хүлээн авагчдыг тодорхойлдог ОНМХ-ийн мэдээлэл, нийтлэл мэдээг хүлээн авдаг, хэрэглэдэг үйл ажиллагааны үндсэн дээр бий болдог юм. Социологчдын дүгнэлтээс үзэхэд ОНМХ-ийн хүлээн авагч зэрэг нарийн төвөгтэй объектын өөрчлөлт, хөгжил хөдөлгөөнийг таньж мэдэх явдал зөвхөн үзүүлэлтүүдийн тогтолцооны тусламжаар хэрэгжих боломжтой.
Хүлээн авагчдын шинж чанарын нэгдүгээр хэсэгт тооны болон чанарын шинж тэмдгүүд багтдаг. Тэдний тусламжтайгаар хүлээн авагчдын ОНМХ-ийн тогтолцооноос үл шалтгаалах дотоод бүтцийг тодорхойлдог. Үүнд хүн ам зүйн (хүйс, нас, боловсролын түвшин, нийгмийн байдал, мэргэжил, гэр бүлийн байдал г.м.), нийгэм-сэтгэл зүйн шинж тэмдгүүд (хэрэгцээ, хүсэл сонирхол, шалтгаан, чиг зорилго г.м.) багтдаг. Хүний харьцангуй өргөн хүрээний хэрэгцээний дотор мэдээллийн хэрэгцээ (мэдээллийн сонирхол) онцгой байр эзэлдэг.
Хүлээн авагчдыг тодорхойлдог шинж тэмдгүүдийн хоёрдугаар хэсэг нь хүлээн авагчид ба ОНМХ-ийн хоорондох харилцааг илэрхийлдэг онцлогтой. Энэ бол олон нийтийн мэдээллийг хэрэглэх үйл явцыг тодорхойлдог тооны ба чанарын шинж тэмдгүүд юм. Социологчид радио, телевизийн хүлээн авагчдыг тодорхойлохдоо дараах шинж тэмдгүүдийг онцлон дурдсан байдаг. Үүнд:
- Хүлээн авагч мэдээллийг хэрэглэх боломжийг бүрдүүлж буй нөхцөл байдлын (эдийн засгийн, газар зүйн, цаг хугацааны) онцлог шинжүүд
- ОНМХ-ийн янз бүрийн сувгаар дамжуулан олон нийтийн мэдээллийг хэрэглэх үйл явцын онцлог. Ийм шинж тэмдгүүдийг хоёр хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт, мэдээлэл олж авч буй эх сурвалжуудын (хэвлэл захиалга, ашиглах давтамж, радио, телевиз байгаа эсэх г.м.) талаарх үзүүлэлтүүд. Хоёрдугаарт, хүлээн авагчдын мэдээллийг хэрэглэх үйл явцад хамрагдсан байдлыг (аливаа эх сурвалжид хандах давтамж, идэвх, зарцуулж буй цаг хугацаа г.м.) үнэлэх шинж тэмдгүүд юм.
- Хүлээн авагчид ОНМХ-ийн мэдээлэлд сэтгэл ханамжтай байх, тэдний оюуны эрэлт хэрэгцээнд нийцэж буй эсэхийг илэрхийлэх шинж тэмдгүүд юм. Тэдний дотор хүлээн авагчдын радио, телевизийн хөтөлбөр, нэвтрүүлэг, сонин хэвлэлийн нийтлэлд хандах нийтлэг хандлагыг тодорхойлох, нийтлэл мэдээний ямар нэгэн шинжийг (тухайлбал, шуурхай, үнэн бодитой байх, цаг үеэ олсон байдал, товч тодорхой чанар, шүүмжлэлт байдал г.м.) үнэлэх үзүүлэлтүүд зэргийг онцлон нэрлэж болно.
- Хүлээн авагчдын бодит байдлын янз бүрийн хүрээ, үйл явдал, баримтын талаар, мөн ОНМХ-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл олж авсан байдлыг илэрхийлэх шинж тэмдгүүд.
- Хүлээн авагчдын мэдээллийг үйлдвэрлэх, дахин дамжуулах үйл ажиллагаанд (түүний дотор хүлээж авсан мэдээллийг үйл ажиллагааны янз бүрийн салбарт ашиглах, хэлэлцэх, ОНМХ-д хандах, идэвхтэн бичигчдийн үйл ажиллагаа г.м.) оролцох байдлыг илэрхийлэх шинж тэмдгүүд.
Хүлээн авагчдыг тодорхойлдог шинж тэмдгүүдийн гуравдугаар хэсэгт ОНМХ-ийн хүлээн авагчдын ухамсарт нөлөөлөх үйл явцтай холбоотой шинж тэмдгүүд багтдаг. Тэдний тусламжтайгаар социологчид, улс төрчид, сэтгэл судлаачид хүлээн авагчдын ухамсар, зан байдалд гарсан өөрчлөлтүүдийг тодорхойлох боломжтой юм.
Орчин үеийн олон нийтийн мэдээллийн харилцааны үйл ажиллагаа нь ОНМХ-ийн хүрээн дэх үйл ажиллагааны харилцааны загвар нь хүлээн авагчид тодорхой хэмжээний шинэ мэдээлэл, баримт, мэдлэгийг ойлгох болон эзэмших явдлын тэнцвэрт байдлыг, мөн түүнийг хүлээн авах явцад сэтгэлийн хөдөлгөөнийг харгалзах нь мэдээлэл дамжуулагчийн үндсэн зорилгын нэг болохын хамт мэдээллийн харилцаанд оролцогчдын хувьд чухал чиг баримжаа болно гэсэн дүгнэлт хийх боломж олгоно.