Омбудсмен

Омбудсмен (ombudsman). Энэ үг анх Скандинаваас гаралтай боловч анхны омбудсмен 2000 жилийн тэртээ Хятадын Хан улсын үед байсан гэдгийг судлаачид тогтоожээ. XIX зууны үед энэ ойлголтыг Скандинавын орнууд шинээр амилуулж, орчин үеийн хэлбэр төрхийг оруулсан байна. 1960 онд Шинэ Зеландид анхны омбудсменийг томилсон түүхтэй юм. Омбудсмен гэдэг бол төрийн урагшгүй удирдлагын тухай санал гомдлыг бие даан хүлээн авч судалдаг алба мөн. Энэ албаны ажлын үндсэн зорилго нь: 1. Дүрэм журам, заавар, хууль зэрэгт харшлах, тогтоосон журам, туршлагаас гажсан үйл ажиллагаа, шийдвэр нь шударга бус, үндэслэлгүй, алдаатай, бодлогогүй, эсвэл эрх мэдлээ хэтрүүлсэн, авилга өгсөн, албан тушаалаа шунахай зорилгоор ашигласан үйл ажиллагааг хянах, 2. Удирдах, албан үүргээ гүйцэтгэхэд анхааралгүй хандах, чирэгдэл учруулах, үл ойшоох, мэдлэггүй, үр дүнгүй, нийлэмжгүй байдал гаргах зэрэг үйлдлийг хянахад оршино. Олон оронд омбудсмений бүрэн эрх нь коррупци, хээл хахуулийг доод цэгт нь хүртэл буулгах зорилгоор засаг захиргааны тогтолцоог хянах, шалгах зэргээр хэрэгждэг. Орчин үед сэтгүүл зүйн практикт ч омбудсмен хэмээх ойлголтыг өргөн хэрэглэх болжээ. Энэ бол сэтгүүл зүйн нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой гомдол, маргааны хянан шалгаж, дүгнэлт гаргах зөвлөл (алба) гэсэн үг юм. Омбудсмен бол шүүгч биш, түүнд өөрийн шийдвэрийн биелэлтийг шүүн таслах журмаар шаардах эрх мэдэл байхгүй. Шүүгчийн гаргадаг шиг мөрдөгдөж буй хууль дээр үндэслэсэн албан тогтоол гаргадаггүй. Харин тодорхой хэргийн мөн чанарыг мөрдөн илрүүлсэн үр дүнгээрээ л дүгнэлт гаргадаг. Ердийн хууль ёсны түүхэн дэх анхны омбудсмен болох Ги Пауэлс: “нийгмийн энэхүү хууль заншил бол засаглалын хүчирхэг тогтолцоотой харилцахад нь иргэдэд туйлын ашигтай зүйлс учраас дэлхий дахинаа өргөн тархсан” гэж тэмдэглэсэн байдаг. Өнөөдөр омбудсмен гэдэг ухагдахуун олон орны Үндсэн хуулинд баталгаажсан байна. Нидерландын нэрт судлаач Дональд Роват (1965, 1985)-ын загвараар дэлхий дээр омбудсмэний хоёр загвар байдаг ажээ. Нэгдүгээр загвар нь Швед (1809 онд анх үүссэн)-Финландын (1919 онд анх байгуулагдсан) буюу “сонгодог омбудсмэн”-ий загвар гэж нэрлэгдэнэ. Сонгодог загварын омбудсмэн нь зөвхөн төрийн төв, хот, орон нутгийн засаг захиргаа төдийгүй, шүүхийн процедур, захиргааны асуудлуудыг хамарсан маш өргөн эрх үүрэгтэй. Тэрээр төрийн албан хаагчийг буруутай үйлдлийнх нь төлөө шийтгэх, шүүхэд шилжүүлж таслан шийтгэх шаардлагатай эсэхийг шийдэх эрхтэй байдаг ажээ. Хэдийгээр сонгодог загварын омбудсмэн энэ эрхээ жилд хуруу дарам удаа эдэлдэг ч энэ нь тус албаны сүр хүч, ард түмний дундах нэр хүндэд их нөлөөтэй байдаг байна. Хоёр дахь загвар нь Дани улсын загвар (1953 онд үүссэн) хэмээн нэрлэгдэх ба шүүх эрх мэдэлгүй, зөвхөн төрийн захиргааны асуудлууд дээр төвлөрч ажилладаг. Өөрөөр хэлбэл, төрийн удирдлагын үйл явц дахь дутагдал доголдолд голлон анхаарна. Дани улсын энэхүү загвар дэлхийд хамгийн өргөн тархжээ. Түүнчлэн омбудсмэний институцийг үйл ажиллагаагаа явуулж буй байдлаас нь хамааруулан: 1. Асуудлын мөрөөр арга хэмжээ авдаг 2. Асуудлыг урьдчилан харж арга хэмжээ авдаг гэж хуваах нь бий. Мөн нэг онцлог зүйл бол энэ төрлийн албад улс бүхэнд “омбудсмэн” гэсэн нэртэй байдаггүй. Омбудсмэн нь Их Британи болон англи хэлтэй өөр олон оронд “commissioner” Франц болон францаар яригч орнуудад “mediateur” ба “protecteur,” дийлэнх испани хэлтэй оронд “defensor” хэмээн нэрлэгддэг байна. Хэдийгээр омбудсмэний үүсэл 18-р зуунаас эхтэй боловч дэлхий дээр хамгийн эрчимтэй тархсан үе нь 1950-иад оноос хойш байдаг. Өнгөрөгч зууны сүүлийн хагас бол омбудсмэний институци зөвхөн тооны хувьд асар хурдацтай нэмэгдсэн төдий биш бас омбудсмэний үйл ажиллагааны зарчим, мөн чанар шинэ дэвшилтэт утга агуулгаар баяжсан үе юм. Омбудсмэн нь улс болгон өөр өөрийн онцлог ойлголт, агуулгыг агуулж байдаг, төрийн болон төрийн бус бүхий л хэвшилд, бүхий л эрх зүйн тогтолцоонд зохицож чаддаг өвөрмөц онцлогтой албан тушаал юм байна. Манай оронд омбудсмэний алба үгүй төдийгүй энэ албыг байгуулах талаар яриа хэлэлцүүлэг өдгөө л эхлэлийн буюу үр хөврөлийн шатандаа явагдаж байна.

Монголд ерээд оны эхээр нэгэн парламентын гишүүн энэ талаар санал хэлж байсан боловч Монголд тохиромжгүй алба гэсэн шалтгаар дэмжигдээгүй ажээ. Гэхдээ Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Төрийн Хянан Шалгах Хороо болон бусад хүний эрхийн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд омбудсмэний зарим үүрэг хариуцлага ажиглагдаж байдаг.