Оролжавын Отгонсүрэн
Оролжавын Отгонсүрэн
Оролжав овогтой Отгонсүрэн 1928 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Өндгөн шинэ усны Уушги гэдэг газарт малчин ардын гэр бүлд төржээ.
Тэрбээр төрөлх аймгийн төв Даланзадгад хотод 1936-1946 онд бүрэн дунд сургууль дүүргэж улмаар Улаанбаатар хотод Хөдөлмөрийн гавъяаны одонт Багш нарыг бэлтгэх сургуулийн тоо-физикийн ангид (1946-1948) орж суралцан уг ангиа маршил Х.Чойбалсангийн нэрэмжит цалинтай төгсгөн тоо-физикийн ухааны тэнгэрлэг мэргэжил эзэмшин тэр цагаас өнөөдөр хүртэл сонгосон мэргэжилдээ үнэнчээр хагас зууныг ардаа орхин ажил амьдралын урт замыг туулж ирсэн байна. Энэ түүхэн замналыг эргэн харахад 1948-1950 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1950-1952 онд Булган аймгийн төвийн арван жилийн дунд сургуульд багшлан тэндээс МУИС-ийн физик-математикийн факультетэд оюутнаар элсэн (1952-1956) онцсайн дүнтэй улаан дипломтой төгсөн 1956-1975 онд МУИС-д физикийн багш, физик-математикийн факультетэд багш, декан, ЗХУ-ын Дубна хотноо цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж "Байгаль дахь хэт хүнд элементийн эрэлд" -гэсэн ганц сэдэвт бүтээл тууривалаар цөмийн физикийн салбарт дэд эрдэмтэн (доктор)-ий зэрэг амжилттай (Дубна хот 1973) хамгаалсан мэргэжилдээ улам бүр өсч өөдөлсөн нөр их хөдөлмөр зүтгэлийн замнал тод харагддаг билээ. О.Отгонсүрэн жирийн багшаас тэнхмийн эрхлэгч, декан, Их сургуулийн ректор хүртэл шалгаран ажиллахдаа өөрийн авъяас чадвар, нөр их хөдөлмөрөө шавхан дайчипж Монгол улсынхаа боловсрол, соёл, шинжлэх ухааны тогтолцоог хөгжүүлэн боловсронгуй болгож өнөөгийн өндөрлөгт гаргахад жинтэй хувь нэмэр оруулсныг батлах ажлын зарим үр дүнгүүдийг түүвэрлэн тэмдэглэхэд хангалттай.
Тэрвээр 1975 онд Монгол улсын бүх шатны сургуулиудад төрөл бүрийн мэргэжлийн багш бэлтгэх гол уурхай болсон УБДС (одоогийн МУБИС)- д ректороор томилогдон 16 жил тасралтгүй удирдах ажил хийхдээ тус сургуулийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчний мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, эрдэмжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх, сургалтын чанарыг шинэ түвшинд гаргах, оюутан элсүүлэх ажлын зохион байгуулалт аргачлалыг өөрчилж багш болох жинхэнэ сэтгэлтэй, хүнтэй ажиллах авъяастай залуучуудыгсонгон элсүүлжхөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн шат дараалан хэрэгжүүлж ирсэн юм. 1976, 1982,1988
онуудад оюутны хэд хэдэн дотуур байр, 1982 онд 22 сая төгрөгийн өртөг бүхий 1000 хүний суудалтай хичээлийн байрыг шинээр бариулах зөвшөөрөл зохих дээд газруудаас авч хөрөнгө материалын асуудлыг шийдэн барилгын явцад хяналт тавин ажиллаж хэрэгжүүлсний үр дүнд нэг оюутанд оногдох хичээлийн байрын талбайг 2 дахин, оюутны дотуур байрны хангамжийг 100 хувь шийдэж чадсанаар УБИС нь одоо ч гэсэн байрны хангамжаар хамгийн өндөр их сургуулийн тоонд ордог юм.
1981 онд НҮБ-ын хөгжлийн программын хүрээнд 1 сая гаруй долларын хөрөнгө бүхий төсөл боловсруулан шийдүүлж хэрэгжүүлснээр физик, хими, биологи, газарзүй, ерөнхий техник, технологи, багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, биеийн тамир болон бусад мэргэжлүүдийн лаборатори кабинетууд, сургалтын тоног төхөөрөмж үзүүлэн таниулах материалаар хангагдаж сургалт-судалгааны ажлыг хослон зохих түвшинд явуулах бололцоотой болсон төдийгүй мэдээлэл-зүй, аналог болон цифр электроникийн лабораториудыг мэргэжлийн профессор багш нарыг удирдан шинээр байгуулж, энэ чиглэлийн мэргэжлийн багш шинээр бэлдэж эхэлсэн нь Монгол улсад мэдээлэл харилцааны технологи шинээр нэвтэрч өнөөгийн түвшинд хүрэх эх суурийг тавьжээ.
Энэ төслийн хүрээнд болон бусад шугамаар МУБИС (хуучнаар УБИС), боловсролын бусад байгууллагын 50 гаруй багш, удирдах ажилтан мэргэжилтнүүд гадаадын өндөр хөгжилтэй Англи, Франц, Унгар, ЗХУ, Чехословак (тэр үеийн нэр), Герман зэрэг орнуудад урт богино хугацаагаар явж мэргэжил дээшлүүлсний дээр гадаад улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас 20 гаруй өндөр мэргэжлийн профессор багш, мэргэжилтэн экспертүүд урин зөвлөгөө өгүүлж, залуу багш нарыг дагалдуулан ажил мэргэжлийн холбоо тогтоон гадаад харилцааг бэхжүүлж, бүх мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн бүтэц агуулгыг шинжлэх ухаан, арга зүйн орчин үеийн хандлага жишигт нийцүүлэн шинэчилж чадсанаар физикийн салбарт суралцагсдад электроникийн мэдлэг чадварыг түлхүү олгох, математикийн салбарын оюутанд программчлал, мэдээлэл зүйн мэргэжлийн мэдлэг чадвар эзэмшүүлэх боломжтой болж, техникийн салбарын сургалтыг дизайн, зохион бүтээх чиглэлээр, биологи хими, газарзүйн салбарын сургалтыг экологи, аялал жуулчлалын чиглэлээр өргөтгөх суурь тавьсаны үр дүнд тус сургуулийг төгссөн мэргэжилтний чанар, мэргэжлийн хөрвөх чадварт мэдэгдэхүйц нөлөөлсөн бодлогын чанартай алхам болсныг тэмдэглэж байна. Чухам иймээс ч О.Отгонсүрэнгийн ректороор ажиллаж байсан хугацаанд ардын багш 1, доктор 3, профессор 7, дэд доктор 14, дэд профессор 17, ахлах багш 38, ардын гэгээрлийн тэргүүний ажилтан 43 төрөн гарч багш нарын 30 хүртэл хувь эрдмийн болон боловсролын зэрэг цолтой болжээ.
Багш бэлтгэх ажлын үр дүнг дээшлүүлж чанарын өөрчлөлт хийх зорилгоор Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Алтай зэрэг 6 аймгийн ЕБС-дад «Багш» мэргэжлийн сонгон сургалттай анги нээн хичээллүүлж сургалтын материалаар хангах ажлыг нөхдийн хамт санаачлан зохион байгуулж, төгссөн сурагчдыг МУБИС (хуучнаар УБДС)-д шууд элсүүлэн суралцуулж мэргэжлийн багш бэлтгэж байсан нь орон нутгийг уугуул нутгийнх нь мэргэжлийн багш нараар хангах, хүн амын зохицуулалтыг шийдэхэд үнэтэй хувь нэмэр болсон, одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
МУБИС (хуучнаар УБИС)-ийн гадаад харилцааг өргөтгөн бэхжүүлэхэд хувийн санаачлага гарган (тэр үеийн) ЗХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотын Багшийн сургууль, БНАГУ-ын Дрезден хотын Багшийн Дээд Сургуулиудтай шууд харилцаа тогтоож, хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулснаар багш оюутан тогтмол солилцох, сургалтын арга, хичээлийн материалыг судлан нэвтрүүлэх, ашиглах өргөн боломж нээгдсэн билээ. О.Отгонсүрэн сүүлийн 15 жил тэнхмийн эрхлэгч хийх хугацаандаа бакалавр, магистр, дэд докторын шаталсан сургалтыг зах зээлийн эдийн засгийн харилцаатай шинэ нийгмийн эрэлт хэрэгцээ, дэлхийн хөгжилтэй орны сургалтын жишигт нийцүүлэн зохион байгуулж, шат шатны сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн агуулга, үнэлгээний стандартыг багш нарынхаа хамт шинээр болон шинэчлэн боловсруулж залуу багш нарт сургалтын шинэ дэвшилтэт арга барил эзэмшүүлэхэд онцгой анхаарал тавьж зохих үр дүнд хүрсэн юм.
Хүндэт профессор О.Отгонсүрэн багш хүнийхээ хувьд сургалтын шинэ арга барилыг цуцалтгүй эрэлхийлэн сургалтын практикт нэвтрүүлэхийн зэрэгцээ анги, хамт олон удирдах ажлыг чадамгай гүйцэтгэж анхаарал халамжтай ханддаг хамт олны талархлыг хүлээсэн багш юм. Түүний арвин мэдлэг, туршлага факультет, сургуулийн ажил үйлсэд үлгэр дууриалтай, түшигтэй байдгийг цохон тэмдэглэж байна.
О.Отгонсүрэнийн багшлах үйл ажиллагаа, удирдлагаар төгссөн олон мянган мэргэжилтэн, шавь нарын дотор Монгол улсын төрийн соёрхолт 1, шинжлэх ухааны шинэ нээлтийн эзэн 1, гавъяат багш 9, шинжлэх ухааны доктор 7, профессор болон хүндэт профессор, доктор (РГШ) 30 гаруй байгаа нь түүнийг манай орны шилдэг сурган хүмүүжүүлэгч профессор багш болохыг гэрчилж байна. О.Отгонсүрэн багшлах болон удирдан зохион байгуулах ажлын зэрэгцээ Монгол орны минерал, хөрс, ургамлын нөмрөгт байгаа байгалийн цацраг идэвхит бодисын хэмжээ тархацыг судлан Багануур, Адуунчулууны нүүрсэнд хорт цацраг гаргагч бодис нилээд их, динозавр мэт эртний амьтдын булшладсан ясанд үлэмжхэн байгааг анх илрүүлэн тогтоож, булшлагдсан ястай ажиллах, нэр дурдсан ордуудын нүүрс, үнсийг барилга бусад хэрэгцээнд ашиглахад анхаарах санамж зөвлөмж, аргачлалыг боловсруулан холбогдох газруудын ажилд нэвтрүүлсэн байна.
О.Отгонсүрэн 1969-1974 онд дэлхийд алдартай Дубна дахь Олон Улсын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтын цөмийн урвалын лабораторид Социалист хөдөлмөрийн баатар, Лениний ба төрийн шагналт академич Г.Н. Флёровын удирдлагаар хатуу диэлектрик бүртгэгчийг ашиглан химийн үелэх хүснэгтийн 110, 114, 126-р хэт хүнд элементүүдийг сансрын туяанд болон байгаль дээр байгаа дээжид илрүүлэх судалгаа шинжилгээ хийсэн ажлын үр дүнг нэгтгэн «Сансрын анхдагч туяанд болон байгаль дээр байгаа зарим дээжид хэт хүнд элемент эрсэн нь» сэдвээр физик-математикийн ухааны дэд докторын зэргийг 1973 онд хамгаалсан юм. Судалгааны эл чиглэлээ өргөтгөн гадаадын эрдэмтэн судлаачид, Монгол орны судлаач эрдэмтэд шавь нарын хамт үргэлжлүүлэн хийсэн ажлын үр дүнгээрээ нэг сэдэвт зохиол сурах бичиг 3 хэвлүүлж, судалгаа шинжилгээний 73 өгүүлэл Орос, Англи, Монгол хэлээр гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүл, хурлын материалд нийтлүүлэн, 4 шинэ бүтээлд нь (тэр үеийн) ЗХУ-ын СнЗ-ийн дэргэдэх Шинжлэх Ухааны Нээлт, Шинэ Бүтээлийн Улсын Хорооноос шинэ бүтээлийн гэрчилгээ олгосон баина. Иймээс ч Монголын эрдэмтэд, багш, шавь нар нь түүнийг манай улсад төдийгүй дэлхийд нэртэй судлаач эрдэмтэн хэмээн өргөмжилдөг юм.
Тэрвээр сүүлийн 15 жил тэнхмийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа Монгол орны зарим нутаг дэвсгэр дэх цацраг идэвхит бодисын тархацаар судалгааг эрчимтэй үргэлжлүүлж Дубна хотын ЦШНИ, Польш, Хятад, Филиппин улсуудад зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, семинарт урилгаар оролцон илтгэл тавьж хэлэлцүүлэн бүтээл туурвилаа нийтлүүлэхийн зэрэгцээ оюутан, багш нарын эрдэм шинжилгээний илтгэл, оюутны диплом, магистрант, докторантын ажлыг амжилттай удирдсаар байна.
О.Отгонсүрэн (тэр үеийн) АБЯ, ДТДБУХ-ны даалгавраар хот, хөдөөд олон удаа групп шалгалт ахлан багш нарыг аттестачлах, бага хурал мэргэжлийн семинаруудыг удирдан хийлгэх, мэргэжлээ болон төр засгийн бодлогыг сурталчлах, боловсролын ажилтнуудад мэргэжлийн туслалцаа зааварчлага өгөх зэргээр амжилттай хэрэгжүүлж ирсний зэрэгцээ Улаанбаатар хот, дүүргийн депутатаар, Монголын багш нарын II, IV, V, VI иххурал, Монголын их дээд сургуулиудын багш нарын анхдугаар их хурлын төлөөлөгчөөр тус тус сонгогдож, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Цөмийн Энергийн Комиссыг анх санаачлан байгуулалцаж 1962-1969 онуудад уг
комиссын хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан, (тэр үеийн) МЗНН-ийн Төв Зөвлөлийн гишүүн, Монголын Энхтайвныг Хамгаалах Хорооны тэргүүлэгч, МЭДН-ийн бүгд хурлын гишүүн, Монгол-Афганистаны найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч зэрэг олон нийтийн ажил хийж ирсэн нийгмийн идэвхитэй зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч хүн юм.
Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны системийг боловсронгуй болгон хөгжүүлэх ариун үйлсэд түүний оруулсан жинтэй хувь нэмрийг боловсролын байгууллага, төр засгаас өндрөөр үнэлж 1975 онд дэд профессор, 1988 онд профессор, 1994 онд УБИС-ийн хүндэт профессор цол олгож, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор 2 удаа, ойн медалиудаар шагнаж байсны дээр 1996 онд Монгол улсын гавъяат багш цол, 2001 онд Ардын багш цол тэмдгээр тус тус шагнагджээ.
О.Отгонсүрэн нь МУБИС-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр анх байгуулагдахаас нь эхлэн одоо хүртэл, мөн сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр 30 гаруй жил тасралтгүй ажиллаж, эдгээр зөвлөлийн хуралдаанд үнэтэй чухал санал дэвшүүлж, тэдний зарим нь шийдвэр гаргах түвшинд хүртэл нөлөөлж байдаг асар их туршлагатай бөгөөд Монгол орны нутаг дэвсгэр дэх байгалийн цацраг идэвхит бодисын судалгаа, Улаанбаатар хот орчмын янз бүрийн орчин дахь бохирдлын байдал зэрэг эрдэм судлалын төсөлт ажлыг бусад эрдэмтэдтэй хамтран хийж байна.
Монгол Улсын Ардын багш, профессор О.Отгонсүрэн Ардын боловсролын, биеийн тамирын, соёл урлагийн, шинжлэх ухааны тэргүүний ажилтан, гадаадын хэд хэдэн орны медалийн шагналыг тус тус хүртсэн байна.